Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин дөрөвдүгээр бүлэг - Гэр Бүлийн Итгэл Шүтлэг

    Гэр бүлийн шүтлэгийг тодорхойлох нь. - Гэр бүлийн итгэл шүтлэг хүүхдүүдийг Эзэний заавар тушаалын дагуу өсгөн, хүмүүжүүлэхэд оршдог. Гэр бүлийн бүх гишүүд Сатанаар удирдуулан, Христээс холдохгүйн тулд Христийн зааварчилгаагаар өсөн хөгжиж, хүн бүр хүсэл сонирхлоо хянаж, анхаарсан байх ёстой. Ийм нөхцөлд гэр бүл бүр хүрэхийг эрмэлзэж байх ёстой. Хэзээ ч сэтгэлээр унаж, бууж өгөхгүй байх шийдвэрийг гаргаарай. Эцэг эхчүүд Бурханыг алдаршуулах, Бурхантай хамтрах голч сэтгэлээр заавар тушаалдаа тууштай, хичээл зүтгэлтэй байснаар Бурхан Христийн амиа зориулсан үр хүүхдүүдийг авралд хөтлөх ажилд хамтрах болно. AГБ 329.1

    Итгэл бишрэлийн талаар сургана гэдэг нь жирийн хичээл заана гэсэн үг биш. Энэ нь хүүхдүүдтэйгээ залбирал хийж, Есүс рүү ойртон, хэрэгцээтэй зүйлсээ гуйж сурах гэсэн үг. Энэ нь хүүхдүүддээ Есүс бол амьдралын тань гол чухал зүйл, Түүний хайр таныг тэвчээртэй, энэрэнгүй, тууштай ба Абрахам шиг хүүхдээ өөрийн жишээгээр удирддаг байхад нөлөөлөхийг харуулна.AГБ 329.2

    Диваажин дахь амийн номонд гэр бүлдээ хэрхэн биеэ авч явах байдлыг тэмдэглэн харуулсан байдаг. Диваажинд гэгээнтэн болох хүн эхлээд гэр бүл дотроо гэгээнтэн болсон байх ёстой. Хэрэв эцэг эх тань гэр бүл дотроо жинхэнэ Христэд итгэгч байж чаддаг бол маш сайн сүмийн гишүүн байх болно. Тэд гэр бүлдээ биеэ хэрхэн авч явж, гэр бүлийн асуудалд хэрхэн хандаж байгаа байдлаараа сүм болон нийгмийн асуудлуудад хандах болно. Эцэг эхчүүд ээ, өөрсдийн итгэл бишрэлээ нэр төдий зүйл биш харин бодит зүйл болгон хувиргаарай.AГБ 329.3

    Итгэл бишрэл гэр бүлийн боловсролын нэг хэсэг байх ёстой. - Гэр бүл дотроо итгэл бишрэлээ харуулахыг ихэнх хүмүүс хэт их үл тоомсорлож байна. Эрэгтэй, эмэгтэйчүүд гадаад улс руу баярын мэдээ түгээх ажилд ихэд сонирхож байна. Тэд баярын мэдээний ажилд их хэмжээний өргөл өргөн дотоод сэтгэлээ уужруулдаг. Тэд Бурханы ажилд хандив өргөснөөр гэр бүлдээ жишээ болох үүргээсээ мултарч болно гэж боддог. Гэвч гэр бүл гэдэг бол баярын мэдээ түгээх маш онцгой бүс юм, гэр бүлдээ баярын мэдээ түгээхээс татгалзах шалтгааныг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй. AГБ 330.1

    Итгэл бишрэлээ бодитойгоор ашигладаг гэр бүл маш гайхамшигтай амжилтанд хүрнэ. Тэдний итгэл бишрэл эцэг эхчүүдэд Бурханы товлосон ажлыг гэр бүл дотроо гүйцэтгэхэд тус болох болно. Ийм гэр бүлд хүмүүжсэн хүүхдүүд Эзэнээс эмээн, Түүний хүслийг биелүүлэхийг хүсэх болно.AГБ 330.2

    Өнөө үед залуучуудад өгч байгаа боловсрол доголдолтой байгаа учраас тэд итгэл бишрэлдээ ач холбогдол өгөх хүсэлгүй болж байна. Хүүхдүүдийг бузар хүсэлдээ захирагдахыг зөвшөөрч, дуулгаваргүй байдлыг нь шийтгэлгүй өнгөрөөснөөр хүүхдүүд жинхэнэ хайрыг мэдэрч чадахаа больдог. Мөчрийг зулгаах үед мод бүхэлдээ бөхийдөг.AГБ 330.3

    Итгэл бишрэл нийгэмд нөлөө үзүүлэх ёстой бол эхлээд гэр бүлийн хүрээнд нөлөө нь мэдрэгдсэн байх ёстой. Хэрэв хүүхдүүд гэр бүл дотроо Бурханаас эмээн, Түүнийг хайрлаж сурсан бол нийгэмтэй хөл нийлүүлэхдээ Бурханыг хүлээж авахыг гэр бүлийнхэндээ зааж сургах болно. Ингэснээр үнэний зарчмууд нийгэмд мөрдөгдөж дэлхий дахинд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Итгэл бишрэлийг гэр бүлийн боловсролоос салган ойлгож болохгүй.AГБ 330.4

    Гэр бүл дэх итгэл бишрэл сүмд илэрдэг итгэл бишрэлээс илүү нөлөөтэй. - Гэр бүлээс сүмийн амжилттай байх үндэс тавигддаг. Гэр бүлд ноёлдог зарчмууд сүмийн амьдралд илрэн харагддаг. Тиймээс сүмийн үүрэг хариуцлага гэр бүлээс эхэлдэг байх ёстой. AГБ 331.1

    Гэр бүл дотор итгэл бишрэлээ мөрддөг бол итгэл бишрэл маань амьдралын хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэр бүлийн хэрэм цайзаа бэхлээрэй. Гэр бүлээ Бурханд даатгаж, гэр бүл дотроо Христэд итгэгч хүний байдлаар ярьж, үйлдээрэй. Гэр бүлдээ даруу дөлгөөн, тэвчээртэйгээр хандаж, өөрсдийгөө багш нар гэдгээ ухаараарай. Эх бүр багш ба эх хүн бүр Христийн сургуулийн сурагчид. Эх хүн тэрхүү сургуулиас хүүхдүүддээ зөв зан чанарыг хэрхэн зааж сургах, зөв зан чанарыг хэрхэн төлөвшүүлэхийг суралцдаг байх ёстой.AГБ 331.2

    Гэр бүлд итгэл бишрэлээ хэрэгжүүлдэггүй бол тэрхүү итгэл бишрэл үнэ цэнэгүй гэсэн үг.... Олон хүмүүс Христийн дахин ирэлтийн үеэр бидний зан чанар өөрчлөгдөнө гэсэн буруу төсөөлөлтэй байдаг, Түүнийг дахин ирэх үед зүрх сэтгэлд өөрчлөлт шинэчлэл явагдахгүй. Бид энэ дэлхий дээр амьдарч байхдаа зан чанарынхаа доголдолд гэмшиж, дэлхий дээр байгаа цаг хугацаа, боломжоо ажиглан Христийн хайр ивээлээр алдаа дутагдлаа ялан дийлэх ёстой. Бид дэлхий дээр диваажинд амьдрах бэлтгэлээ базаах хэрэгтэй.AГБ 331.3

    Гэр бүлд итгэл бишрэл хэрэгжих маш их шаардлага байна. Бид гэр орондоо зөв зан чанартаа хөтлөгдсөн байдлаар ярихгүй бол бидний сүм дээр ярьж байгаа гэрчлэлүүд ямар ч утгагүй зүйл болон хувирдаг. Та гэр бүл дотроо даруу, дөлгөөн, найрсаг зан байдлыг харуулахгүй юм бол таны итгэл бишрэл ямар ч үнэ цэнэгүй болж хувирна. Гэр бүлд итгэл бишрэл жинхэнээр илрэн харагддаг бол сүм гайхамшигтай хүч чадлыг эзэмшсэн байх болно.AГБ 331.4

    Итгэл бишрэлээ заахаас тээнэгэлзэн хүлээзнэх нь аймшигтай алдаа дутагдлыг бий болгодог. - Хүүхдүүдээ Бурханыг таньж мэдэх боломжгүйгээр өсгөх шиг харамсалтай зүйл байдаггүй. AГБ 332.1

    Эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл бишрэлийн талаар зааж сургадаггүйгээс болж маш том алдаа дутагдлыг гаргадаг. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ ирээдүйд өсч том болоод сайн хүмүүс болчих байх гэж боддог ба эдгээр эцэг эхчүүд итгэл бишрэлийн хувьд санаа зовохуйц хэмжээнд хүрнэ. Эцэг эхчүүдээ та бүхэн үнэн, хайр, диваажингийн зан чанарыг зүрх сэтгэлдээ төлөвшүүлэхгүй бол Сатан зүрх сэтгэлд тань хогийн ургамлын үрийг суулгахгүй гэж үү?AГБ 332.2

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ Христэд итгэгчдийн үүрэг даалгаврыг үүрэхэд хэт бага байна гэж тооцсон учраас хүүхдүүд нь итгэл бишрэлийн талаар заалгалгүйгээр өсч байна...AГБ 332.3

    Хүүхдүүдийг гэр бүлийн гишүүн байх үед нь ямар ч эргэлзээгүйгээр, тууштайгаар итгэл бишрэлийн талаарх үүрэг хариуцлагыг зааж сургах хэрэгтэй.AГБ 332.4

    Эцэг эх Бурханы өгсөн байр суурин дээрээс хүүхдүүддээ тогтвортой, өөрийгөө захирч юуг хийж болох, юуг хийж болохгүйг зааж сургах хэрэгтэй. Даруу төлөв, биеэ барьсан байдлаар зааж сургасан сургамж бүр хүүхдүүдийн зан чанарыг тогтвортой, тууштай байхад нөлөөлнө. . . Эдгээр үүргээ гүйцэтгэж байгаа эцэг эхчүүд хүүхдүүдээ бага балчир байхаас нь итгэл бишрэлийн талаар зааж сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд зөвхөн хулгай хийх бус харин Шаббатыг зөрчих, Бурханд өргөж буй сүмийн болон гэр бүлийн магтаал хүндэтгэлд хүндэтгэлгүй хандах талаар боддоггүй болох болно. Эцэг эхчүүд өөрсдийн гараар хүүхдүүдээ хамгаалах хамгаалалтыг босгох ёстой.AГБ 332.5

    Хүүхдийг бага наснаас нь Христийн арга барилуудад сургаж, цаашдаа хэрэгжүүлэхэд нь сургаж эхлэх ёстой. Хүүхдүүдийн зүрх сэтгэл үнэнийг таньж мэдэх үед мөнхийн үнэнийг заалгасан байх хэрэгтэй. Эцэг эхчүүд Бурханы оршихуйд амьдарч, ярьж, үйлдэж байгаа гэдгээ санах хэрэгтэй.AГБ 333.1

    Эцэг эхчүүдээ, та бүхэн ямар арга замаар явж байна вэ? Та хүүхдүүдээ итгэл бишрэлийн тал дээр зааварлаж зөвлөхгүй, хүчлэхгүй байх нь чухал гэж үзэж байна уу? Та хүүхэд, залуучуудаа ямар ч заавар, зөвлөгөөгүй орхисон байна уу? Та тэднийг хүссэнээ хийг гээд зөнд нь орхисон байна уу? Хэрэв тийм бол, та Бурханы өгсөн үүрэг даалгавраа үл тоомсорлож байна гэсэн үг.AГБ 333.2

    Заавар зөвлөгөөгөө хүүхдийн насанд тохируулаарай. - Эцэг эхчүүд бяцхан хүүхдүүдээ ойлгох чадвартай болонгуут Есүсийн тухай түүхийг ярьж өгч байх ёстой. Ингэснээр хүүхдүүд Бетлехемийн Бяцхан Хүүгийн талаарх гайхамшигтай үнэний ундаргаас уух боломжтой болно. Хүүхдийн оюун ухаан, насны онцлог, чадварт нь тааруулан энгийн даруухан итгэл бишрэлийн зарчмуудыг зааж сургаарай. Тэрээр хүүхдүүдийг үг, хэл яриатай болох үед итгэл бишрэлийн талаар ойлгож ухаарах боломжийг өгдөг учир хүүхдүүдээ залбиралтайгаар Христ рүү авчираарай. AГБ 333.3

    Хүүхдүүд бага байхаасаа Бурханлаг нөлөөнд автагдахдаа амархан байдаг. Эзэн бяцхан хүүхдүүдийг Өөрийн онцгой халамжинд авдаг. Тэд Эзэний заавар, зөвлөгөөгөөр өсч хөгжихдөө эцэг эхдээ дарамт зовлон биш харин тус дэм болж байдаг.AГБ 333.4

    Эцэг эхчүүд хамтдаа гэр бүлийн итгэл бишрэлийг хөгжүүлдэг. - Гэр бүлийн итгэл бишрэлийг арчлан тордох үүрэг хариуцлага эцэг эх хоёрт зэрэг ноогддог. AГБ 333.5

    Эх хүн хэт их гэр орны ажлыг нуруундаа үүрснээр өөрийгөө гэр бүлийн итгэл бишрэл, сүнслэг хэрэгцээнд тус нэмэр үзүүлэх боломжгүй болгож болохгүй. Эцэг эхчүүд ажил үйлсдээ байнга Бурханы удирдлага, зааварчилгааг хүсч байх хэрэгтэй. Тэд Бурханы өмнө өвдөглөн сөгдөх үедээ жинхэнэ агуу үүрэг хариуцлагаа ойлгож ухаарах болно. Тэр үед эцэг эхчүүд үр хүүхдүүдээ хэзээ ч буруу заавар зөвлөгөө өгдөггүй Бурханд даатган өгөх боломжтой болно...AГБ 333.6

    Эцэг хүн эхнэртээ гэр бүлээ сүнслэгээр зааварчлах бүх үүргийг үүрүүлэх ёсгүй. Эцэг эх хамтарснаар их хэмжээний ажлыг гүйцэтгэж болдог. Эцэг эхчүүд хоёул хүүхдүүдээ эцсийн шүүлтэнд бэлэн болоход бэлдэх ёстой.AГБ 334.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ итгэл бишрэлээ хөгжүүлэх үйлчлэлдээ дагуулан явдаг байх хэрэгтэй. Үр хүүхдүүдээ итгэлийн гараар тэврэн аваад, тэднийг Христэд даатгаж өгөөрэй. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй болгох үүрэгт муугаар нөлөөлөх бүхнээ хаяж гээгдүүлээрэй. Дэлхийн ямар ч хүсэл сонирхолд үр хүүхдүүдээ анхаарахгүй байхад нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй. Христэд итгэгч амьдрал тань үр хүүхдэд тань нөлөөгөө үзүүлэхгүй өнгөрдөг байж болохгүй. Үр хүүхдүүдээ Эзэн дээр очихдоо дагуулан очоорой, тэдний оюун ухаан Бурханлаг үнэнийг таньж мэдэхэд туслаарай. Тэднийг Бурханыг хайрладаг хүмүүстэй ойр дотно байлгаарай. Мөнхийн амьдралыг үүсгэхэд тохирохуйц зан чанарыг төлөвшүүлэхийн тулд тэднийг Бурханы хүмүүс дээр авчирч байгаарай.AГБ 334.2

    Гэр бүлийн итгэл бишрэл юуг бий болгож өгөхгүй вэ? Гэр бүл дэх итгэл бишрэл Бурханы гэр бүл бүрт гүйцэтгэхээр төлөвлөсөн хүслийг биелүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Хүүхдүүд Эзэний заавар, тусламжийн дагуу өсч хүмүүжих болно. Тэд нийгмийг шүтэгч биш харин Эзэний гэр бүлийн гишүүн болон сургагдаж, төлөвшинө.AГБ 334.3

    Хүүхдүүд эцэг эхчүүдээс тогтвортой, тууштай байхыг хүсдэг. - Бага, залуу хүний оюун ухаанд бүх зүйлс хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Тэд нүүрний хувирал, дуу хоолойн өнгийг анхааран судалж, хүмүүсийн хувцаслалтыг даган дуурайдаг. Тогтворгүй, юм болгонд орооцолддог эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийн бүх зүйлсээ дэлхийн амьдралд зориулан өгөх сургамжийг зааж өгдөг. Тэд энэхүү зан чанараа өөрчилж чадахгүй. Хүүхдүүд эцэг эхийнхээ амьдралаас итгэл бишрэлтэй нь нийцсэн, тогтвортой байдлыг олж харах ёстой. Эцэг эхчүүд тогтвортой тууштай амьдралтай болж, хүслээ барьж сурснаар хүүхдийнхээ зан чанарыг төлөвшүүлэх боломжтой болно.AГБ 334.4

    Бурхан дэг журамтай гэр бүлийг хүндэтгэдэг. - Бурханыг гэр бүлдээ чухалчилдаг, хүүхдүүддээ Эзэнээс эмээн, Түүнийг бүх мэргэн ухааны эхлэл гэж тооцдог, дэг журамтай, зөв хүмүүжилтэй, Бурханыг эсэргүүцэхийн оронд Түүнийг хайрлаж, дагадаг гэр бүл эцэг, эхчүүд Бурханыг тэнгэр элч болон хүмүүсийн өмнө магтан алдаршуулж байдаг. Ийм гэр бүлийн хувьд Христ танихгүй Нэгэн биш, харин ч Түүний нэр байнга алдаршин, хүндэтгэгддэг. Тэнгэр элч нар Бурханыг бүхнээс илүүд тавьсан, итгэл бишрэл, Библи, Бүтээгчээ магтан хүндэтгэх талаар сургагдсан хүүхдүүдийг хараад баярлан хөөрдөг. Ийм гэр бүлүүд, «Намайг хайрлан хүндэтгэгчдийг би хайрлан хүндэтгэх болно” гэсэн амлалт биелэгдэхэд итгэж найдах боломжтой болдог. AГБ 335.1

    Христийг хэрхэн гэр орондоо оруулж ирэх вэ. - Христ зүрх сэтгэлд орж ирэх үед Тэрээр гэр бүлд орж ирдэг. Эцэг эх Ариун Сүнсний удирдлаган дор амьдрахын чухлыг ойлгосноор тэнгэр элч нар авралыг өвлөн авах хүмүүсийн төлөө үйлчилж, гэр бүлийг зааварлан сургаж, хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх чадварыг зааж сургах үйлчлэлийг авах боломжтой болно. Бид гэр орондоо Аврагчийг магтан хүндэтгэх бяцхан сүмийг үүсгэн байгуулах болно.AГБ 335.2

    Итгэл бишрэлээ сонирхол татахуйц болгох. — Та Христэд итгэгч амьдралаа сонирхол татахуйц болгоорой. Христийн дагалдагчдын мөнхөд амьдрах гэр орны талаар зааж өгөөрэй. Та эдгээр үүргийг гүйцэтгэснээр Бурхан хүүхдүүдийг тань бүх үнэн рүү чиглүүлж, Христийн хайртай хүмүүстээ бэлдэхээр явсан орон гэрийг өвлөн авах бэлтгэлийг хангах хүсэлтэй болох болно. AГБ 336.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ өнгөц итгэл бишрэлтэй байхыг шаардахын оронд мөнхийн зарчмыг сонирхолтой, анхаарал татахуйц болгон танилцуулж байгаарай.AГБ 336.2

    Эцэг эхчүүд Христэд итгэх итгэлээ Христэд итгэгчдийн баяр хөөр, найрсаг, эелдэг зөөлөн, хайр энэрлээр дүүрэн байдлаар дамжуулан сонирхол татахуйц болгох хэрэгтэй. Гэхдээ дуулгавартай, хүндэтгэлтэй байдлыг тууштайгаар хүсэн шаардах ёстой. Хүүхдийн оюун ухаанд зөв зарчмыг суулгаж өгсөн байх хэрэгтэй.AГБ 336.3

    Бид залуучуудад зөвийг хийх хүслийг танилцуулж өгөх хэрэгтэй. Үүнийг алт, мөнгөөр төлөвшүүлэх боломжгүй. Хүүхдүүддээ Христийн хайр, нигүүлсэл, Бурханы үнэтэй үгс, ялан дийлэгчийн баяр хөөр зэргийг харуулцгаая. Эдгээрийг үйлдсэнээр та мөнхийн мөнхөд үргэлжлэхүйц нөлөөг бий болгоно.AГБ 336.4

    Яагаад зарим эцэг эхчүүд алдаа дутагдал гаргадаг вэ? - Зарим эцэг эхчүүд итгэл бишрэлээ сахидаг гэж хэлдэг боловч хүүхдүүдийнхээ өмнө Бурханд үйлчилж, дуулгавартай байх, өөрийн дур хүсэл, хүсэл тачаал, мөрөөдлөөс илүү Бурханы өөрт зориулсан хүслийг хэрхэн биелүүлж байгааг харуулж чадахгүй байна. «Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл юм. » Энэ зарчим амьдрал болон зан чанартай маань нягт холбогдох шаардлагатай. Биднийг аврахын тулд амиа зориулсан Христийг таньж мэдэж, Түүнийг оюун ухаандаа оруулснаар Бурханыг ойлгож мэдрэх боломжтой болдог. AГБ 336.5

    Эцэг эхчүүдээ, та бүхэн энэ бүхнийг гүйцэтгэх цаг завгүй гэж өөрсдийгөө бодож магадгүй. Та гэр бүлдээ нөлөө үзүүлэх үүргээ гүйцэтгэх хэрэгтэй эс тэгвээс Сатан таны дутуу гүйцэтгэсэн ажлыг бузар муу нөлөөгөөрөө орлуулахыг хичээнэ. Дээр өгүүлсэн үүргүүдийг гүйцэтгэхэд саад болж байгаа бүхнээсээ татгалзан хүүхдүүдээ Бурханы тушаалын дагуу сурган хүмүүжүүлээрэй. Түр зуурын бүх зүйлсээс татгалзаж, арвич хямгач байхыг зааж сурган, хүслээ хязгаарлаж сураарай. Христийн төлөө өөрийн болон үр хүүхдийнхээ итгэл бишрэлийг сургахдаа үл тоомсорлосон байдлыг харуулж болохгүй.AГБ 336.6

    Гэр бүлийн бүх гишүүдээ Бурханд даатгаарай. - Мосегийн Дээгүүр өнгөрөх баярын талаарх зааварчилгаа маш гүнзгий утга санааг агуулж байсан. Тухайн цаг үед амьдарч байсан эцэг эхчүүд болон хүүхдүүдэд нийцэж, тохирч байсан... AГБ 337.1

    Эцэг хүн гэр бүлийн тэргүүн тахилчийн үргийг гүйцэтгэх шаардлагатай байсан ба эцэг хүн нас барсан тохиолдолд ууган хүү хаалганы тотгон дээр цус түрхэх хүндэтгэлтэй үүргийг гүйцэтгэдэг байсан. Энэ бол гэр бүл бүрт хийгдэж байх ёстой үүргийг бэлэгдэн харуулсан ёслол байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цуглуулаад Дээгүүр өнгөрөх баярын утга учир болох Христийг танилцуулах ёстой. Эцэг хүн гэр бүлийн бүх гишүүдээ Бурханд даатгаж, Дээгүүр өнгөрөх баярын ёслолоор гүйцэтгэх ёстой байсан үүргийг биелүүлэх ёстой. Энэхүү хүндэтгэлтэй үүргийг бусдаар хийлгэхэд найдах нь маш муу үр нөлөө үзүүлдэг.AГБ 337.2

    Христэд итгэгч эцэг эхчүүд Бурханд үнэнч байх шийдвэрийг гаргах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цуглуулаад гэр орныхоо хаалганы тотгон дээр Христ бол бидний цорын ганц аврагч болон хамгаалагч хэмээн бэлэгдэж цусыг түрхээрэй. Ингэснээр сөнөөгч тэнгэр элч нар халамж, хайраар дүүрэн байж гэр бүлийн дээгүүр өнгөрөн гарах болно. Та бүхэн гэр бүлд бэрхшээл асуудлуудаас гадна маш их хүч нөлөөлж байдгийг харуулаарай. Эцэг эхчүүд Бурхантай дотно харилцаа үүсгэж, Христийг түшин тулж, Түүний ивээл хайраар дамжуулан агуу гайхамшигтай зүйлсийг бүтээх боломжтой болохоо батлан харуулаарай.AГБ 337.3