Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Нэгдүгээр Бүлэг - Хөдөө Амьдрахын Давуу Талууд

    Эдлэн газар ба тохилог гэр орон - Эцэг эхчүүд бүх боломжоо ашиглан үр хүүхдүүдийнхээ төлөө гэр орноо хотоос зайдуу, хөдөө нутагт төвхнүүлэх үүрэг хүлээдэг. {АГБ 141.1}AГБ 137.1

    Багахан эдлэн газар тохилог байшин сууцыг эзэмшиж буй эцэг эхчүүд бол хаад ноёд болон хатад хэмээн тооцогддог. (АГБ 141.2}AГБ 137.2

    Хот суурин газрыг орхин хөдөө нутагт суурыних дуудлагыг өөрсдийгөө олон нийтээс хөндийрүүлж байгаа асуудал хэмээн бүү бодоорой. Энэхүү дуудлагыг сайтар ойлгож ухаарах үед маш баялаг ивээлүүд та бүхнийг хүлээх болно. (АГБ 141.3}AГБ 137.3

    Мөнгө санхүүгийн баталгаа - Эзэн удаа дараа биднийг гэр бүлээ хотуудаас хөдөө газар руу нүүлгэх талаар сануулсан билээ. Ирээдүйд Бурханы хүмүүст худалдах, худалдан авахад маш хүнд болох учир амьдарч байгаа газартаа хэрэгцээний хоол хүнсээ ургуулах боломжтой байх ёстой. Бид удаа дараа өгсөөр байгаа сануулгад анхаарал хандуулах шаардлагатай байна. Хот суурин газар буюу айл гэрүүд хоорондоо багширалдан байрласан газраас холдон хотоос зайдуу суурынаарай. Тэнд та бүхэн дайсны уруу татлагаас ангижирах болно. (Энэхүү сэдвээр нарийвчилсан зөвлөгөө авахыг хүсвэл Хөдөөгийн Амьдрал бүлгийг уншиж судлаарай.) (АГБ 141.4}AГБ 137.4

    Хотын оршин суугчид өгөх зөвлөгөө - Санаа зовоож буй асуудлуудаа ардаа орхиж, хүүхэд залуучуудын ёс зүйг бохирдуулах хүчтэй нөлөө байхгүй хөдөөгийн амьдралаар амьдарч, амар тайвныг мэдрэхийг оролдох нь танд тус болох болно. Хотоос зайдуу амьдарснаар амьдралын асуудлууд, бэрхшээлүүдээс бүрмөсөн хагацахгүй нь үнэн боловч, үр хүүхдүүдийн тань оюун ухааныг эзэмдэхээр шуугин урсах үерийн ус адил уруу татлагуудын хаалгыг хааж, олон тооны бузар муугаас сэргийлэх болно. Үр хүүхдүүд тань цаг заваа олон төрлийн ажил үйлсийг хийн өнгөрөөх болно. Хүүхдүүд маань гэр орны нэг хэвийн байдлаас залхаж, зүрх сэтгэл нь тайван бус болж байгаа учраас хот суурингийн буруу нөлөөтэй залуучуудтай нөхөрлөн, гудамжны боловсрол олж байна... {АГБ 141.5}AГБ 137.5

    Тэд хөдөө газар амьдарснаар их хэмжээний ашиг тусыг мэдэрнэ. Цэвэр агаар, идэвхтэй амьдралын хэв маяг зэргүүд нь бие махбод болон оюун санааг хоёуланг нь эрүүл саруул болгон хөгжүүлэх болно. Тэд цагийг үр ашигтай, зугаатай өнгөрөөх боломжийг гаргаж өгөхүйц ногооны талбай, цэцэрлэгтэй байх хэрэгтэй. Цэцэг навчис болон ногоо тарих ажил гоо сайхны зөв мэдрэмж, зөв сонголтыг хөгжүүлэн сайжруулахад түлхэц болоход бидэнд тусалдаг. Мөн Бурханы ашиг тус болон үзэсгэлэнтэй бүтээлүүдтэй танилцах нь оюун ухааныг ариусгаж, гэгээрүүлэх нөлөөг үзүүлдэг ба энэ бүхнийг бүтээсэн Бүтээгч бол бүхний Эзэн болохыг гэрчилдэг. (АГБ 142.1}AГБ 138.1

    Хотоос зайдуу оршин суудаг хүмүүс ихээр ивээгдэх болно - Газар дэлхийн үнэт баялагуудаас хүртэхээр урам зоригтойгоор, хичээн зүтгэж байгаа хүмүүст зориулагдсан нууцлаг ивээлүүд газрын гүнд хадгалагдсаар байгаа... Олон газар тариалан эрхлэгчид өөрсдийн ажлыг болхи бөгөөд бохир ажил хөдөлмөр гэсэн сэтгэлээр хийж гүйцэтгэдэг учраас хангалттай хэмжээний ургац хураан авч чадахгүй байна. Тэд газар хөрс өөрсдөд нь болон гэр бүлүүдзд нь их хэмжээний ивээл өгөхөд бэлэн байгааг олж харж чаддаггүй. {АГБ 142.2}AГБ 138.2

    Оюун ухааныг хүчирхэгжүүлж, зан чанарыг ариусгагч ажил хөдөлмөр - Бодолтой тариаланч хүн газрын хөрсийг боловсруулах үедээ урьд өмнө хэзээ ч мөрөөдөж байгаагүй их баялаг нуугдаж байгааг олох болно. Байгалийн хуулинд анхаарал хандуулдаггүй хүн хэзээ ч газар тариалан, хүнсний ногоогоо тарих тал дээр амжилт гаргаж чадахгүй. Ургамал ногоо бүрийн тусгай арчилгааг судалсан байх хэрэгтэй. Ургамал, ногоо бүр өөр өөр хөрс, арчилгааг шаарддаг ба тус бүрийн онцлогт тохирох байгалийн зарчмуудыг сахиснаар бялхам ургац хураан авна. Ургамал шилжүүлэн суулгах үед суулгацны үндсийг бөөгнүүлэхгүй, буруу байрлалд тавихгүй байхад анхаарах, нялх үрсэлгээг арчлах, илүүдэл навч, мөчрийг тайрах, услах, шөнө хөлдөлтөөс сэргийлэх, өдрийн нарны илчээс хамгаалах, зэрлэгийг нь зулгаах, ургамлын өвчин, шавьж хорхойноос хамгаалах, арчилж тордох, зөв байрлуулах ажил үүргүүд зөвхөн зан чанарын төлөвшлийн талаар чухал сургамжийг өгөөд зогсохгүй, ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнийг өөрийг нь хөгжүүлдөг. Анхаарал шаардсан арчилгаа, тэсвэр тэвчээр, нарийн ажиллагаа, байгалийн хууль журамд захирагдах нь хүн төрөлхтөнд шаардлагатай чухал сургалтыг өгч байдаг. Амьд байгалийн гайхамшиг, байгалийн сайхан болон Бурханы бүтээлийн үзэсгэлэнтэй бүтээлүүдийг арчлан хамгаалах үйлчлэл нь оюун ухааныг түргэсгэн, зан чанарыг ариусган, гэгээрүүлдэг. (АГБ 142.3}AГБ 139.1

    Бурхан зааварчилж, сургах болно - Адам Ева хоёрт цэцэрлэгээ хэрхэн арчлахыг зааж сургаж байсан Бурхан өнөө үеийн хүмүүсийг ч зааварчлан сургах болно. Анжис барин газар хагалж, үр тарьж, суулгаж буй хүн мэргэн ухаанаар ивээгдэх болно. Газар дэлхийд маш их баялаг нуугдаж байна. Эзэн өчүүхэн орлого олох боломжийг эрж хайн хот сууринд бөөгнөрсөн мянга мянгаад хүмүүст энэхүү баялгаасаа хуваалцахын тулд газрын хөрсийг боловсруулаасай гэж хүсдэг... Гэр бүлээ хөдөө нутаг руу нүүлгэж байгаа хүн гэр бүлээ бага хэмжээгээр уруу татагдах газар руу аваачиж байгаа юм. Бурханаас эмээж, Түүнийг хайрладаг эцэг эхчүүд дээр хүмүүжиж буй хүүхдүүд мэргэн ухааны ундарга болох Агуу Багшийн талаар суралцах таатай нөхцөлд хүмүүждэг. Ийм хүүхдүүд тэнгэрийн хаант улсад орохуйц мэдлэг, бэлтгэлийг авах тааламжтай нөхцөлд өсч хүмүүжнэ. {АГБ 143.1}AГБ 139.2

    Израилийн газар нутагт зориулсан Бурханы төлөвлөгөө - Адам Ева хоёр Бурханы үгэнд дуулгаваргүй хандсанаар Едений гэр орноосоо хагацсан. Тэдний үйлдлээс болж дэлхий бүхэлдээ гэм нүглийн хараалыг хүртсэн. Бурханы хүмүүс Түүний зааварчилгааг дагасан бол тэдний газар нутаг үржил шимтэй, үзэсгэлэнтэй байх байсан. Бурхан Өөрөө тэдэнд газрын хөрсийг арчлах талаар зааварчилгааг өгч байсан ба Израильчууд Бурханы зааврыг хэрэгжүүлэх ёстой байсан. Ийнхүү Бурханы удирдлага дор байсан бүх газар нутаг сүнслэг үнэний бодит жишээ болох байлаа. Бурханы тогтоож өгсөн байгалийн хуулийг дагаснаар газар дэлхий баялагуудаа харамгүй хайрлах байсантай адил Бурханы ёс зүйн хуульд дуулгавартай байснаар хүмүүсийн зүрх сэтгэл Бурханы зан чанаруудыг илтгэн харуулах байсан. (АГБ 143.2}AГБ 140.1

    Өдөр тутмын амьдралаасаа сүнслэг сургамжуудыг олж аваарай - Бурхан оюун ухаан болон анхаарлыг маань татахын тулд эргэн тойронд байгаа бүхнийг байгалийн үзэсгэлэнгээр хүрээлүүлсэн. Хэрэв бид байгалийг анхааралтай судлах юм бол Бурханы эцэс төгсгөлгүй хайр, хүч чадлын чухал сургамжуудын эх сурвалжийг олох болно. (АГБ 144.1}AГБ 140.2

    Христ зөвхөн амралтын өдрөөр бус долоо хоног тутмын хүнд хүчир хөдөлмөрөөр Өөрийгөө бидэнд таниулж өгдөг... Тэрээр газар хагалж, үр тарьж, ургацаа хурааж авах ажлуудаар дамжуулан зүрх сэтгэлийг өршөөл нигүүлслээр өөрчлөн шинэчлэх сургамжаа бодитойгоор зааж сургадаг. Бурхан амьдралын үр ашигтай хөдөлмөр, амьдралын бүх төрлийн харилцаагаар дамжуулан тэнгэрлэг үнэний сургамжийг зааж сургахыг хүсдэг. Ингэснээр өдөр тутмын хүнд хүчир хөдөлмөр маань ухаан санааг эзэмдэж, Бурханыг мартахад хүргэхгүй юм. Харин ч Бүтээгч болон Аврагчийг үргэлжид санан дурсах боломжийг өгөх юм. Бурханы талаарх бодлууд маань өдөр тутмын гэр орны ажил хөдөлмөрийг гүйцэтгэж байх үед алтан утас мэт хөврөн урссаар байх болно. Энэ үед Бурханы алдар гэрэлтсэн дүр төрх байгалиас дахин тодрон харагдах нь дамжиггүй. Бид тэнгэрийн үнэний талаар үүрд шинэ сургамжуудыг авч, Түүний ариун дүр төрхийн дагуу өсч хөгжинө. {АГБ 144.2}AГБ 140.3

    Байгаль болон хүн төрөлхтнийг захирах нийтлэг зарчмууд - Агуу Багш бүх бүтээлүүдээсээ Өөрийн дуу хоолойг сонсгохын тулд Өөрийн үгийг сонсохоор ирэгсдийг байгальтай холбодог байсан. Өөрийн сонсогчдын зүрх сэтгэл зөөлөрч, дуулгавартай болох үед Тэрээр хүмүүсийн хараа тусч буй байгалиас сүнслэг сургамжуудыг харахад нь тусалдаг байсан - Есүсийн сургаал оюун ухаан бүхий бүтээл бүхний сонирхлыг татаж, зүрх сэтгэл бүрийг уриалах увидастай байсан. Тиймээс хүний өдөр тутмын ажил хөдөлмөр, гэгээлэг бодлыг үхүүлэхүйц хүнд хүчир хөдөлмөр байхаа больж сүнслэг, үл үзэгдэх зүйлсийг санагдуулам, оюун ухааныг гэгээрүүлж, гэрэлтүүлэх ажил хөдөлмөр болж хувирдаг. (АГБ 144.3}AГБ 141.1

    Бид Есүстэй адил арга барилаар зааж сургадаг байх ёстой. Үр хүүхдүүд маань байгалиас Бурханы хайр болон мэргэн ухааныг мэдэрдэг байх ёстой. Шувууд, цэцэгс, ой мод бүхэн Бурханы талаарх бодлуудтай нэгддэг байх хэрэгтэй. Бидэнд харагдаж буй бүхэн үл үзэгдэх зүйлсийг мэдүүлж, амьдралын бүх үйл явдлууд Бурханыг танилцуулдаг байх болтугай. {АГБ 145.1}AГБ 141.2

    Үр хүүхдүүддээ Бурханы бүтээсэн бүтээлүүд, амьдралын үйл явдлуудаас Бурханы талаарх сургамжийг суралцах үед нь байгаль болон амьдралын үйл явдлуудыг удирдаж байдаг хуулиуд биднийг мөн удирдаж байдаг болохыг зааж өгөөрэй. Эдгээр хуулиуд бидний сайн сайхны төлөө өгөгдсөн ба эдгээр хуулиудад дуулгавартай байх нь жинхэнэ аз жаргал, амжилтыг өгдөгийг зааж сургах хэрэгтэй. (АГБ 145.2}AГБ 142.1

    Газар тариалан эрхлэх хичээлийг зааж өгөөрэй - Ногоо болон ургамал ургахтай холбоотой олон тооны сургамжууд байдгаас Аврагчийн үр боловсрох дүрслэлийг ашигласан сургаалт үлгэр хамгийн гайхамшигтай сургамжийг зааж өгдөг. Энэхүү сургаалт үлгэр настайчууд болон залуучуудын аль алинд чухал сургамжийг өгдөг... (АГБ 145.3}AГБ 142.2

    Үр тариа соёолох нь сүнслэг амьдрал эхэлж байгааг, ургамал ногоо урган боловсорч байгаа нь зан чанар төлөвшиж байгааг бэлэгдэж байдаг... Эцэг эхчүүд болон багш нар энэхүү сургамжийг болж өгвөл бодитойгоор зааж сургахыг хичээх хэрэгтэй. Хүүхдүүдэд өөрсдөө хөрсөө бэлтгэн, үрээ суулгах боломжийг өгөөрэй. Эцэг эхчүүд болон багш нар хүүхдүүдтэй хамтран ажиллаж байх үедээ зүрх сэтгэлд мөн цэцэрлэг адил хөрс байдаг ба тэрхүү хөрсөнд сайн ба муу үр таригддаг, бид цэцэрлэгтээ байгалийн үрийг суулгаж байгаатай адил зүрх сэтгэлд маань үнэний үрийг суулгах бэлтгэл хангагдсан байх ёстой хэмээн зааж сургаарай... Хэн ч боловсруулж бэлдээгүй газар дээр арвин ургац авахаар үр тарихгүй шүү дээ. Хөрсийг тариалалтад бэлтгэж, үр суулгаж, ургацыг арчлан тордоход маш хүнд хүчир, тууштай хөдөлмөр шаардагддаг. Сүнслэг үрийг тарих нь үүнтэй адил. (АГБ 145.4}AГБ 142.3

    Буруу зуршлууд хогийн ургамалтай адил - Боломжтой бол, гэр орон тань хотоос зайдуу байж, үр хүүхдүүд ногоо тарих боломжоор хангагдсан байх ёстой. Хүнсний ногоо хэрхэн тарьж, арчлах талаар зааж сургах үед хүүхэд бүрт газар оноож өгөх хэрэгтэй. Та цэцэрлэгийнхээ хөрсийг боловсруулж, үрсэлгээ хийж, байнга хогийн ургамлуудыг сугалж, ногоогоо арчлах талаар заахдаа амьдралдаа хүлээн зөвшөөрч болшгүй, хортой дадал зуршлуудаа үндсээр нь сугалан хаяж байх нь чухал болохыг зааж сургах хэрэгтэй. Ногооны талбайд ургаж буй хогийн ургамлыг зулгааж хаяж байгаатай адил буруу зуршлуудаа хаях талаар зааж сургаарай. Эдгээр сургамжуудыг зааж сургахад цаг шаардагдах боловч, маш гайхамшигтай үр дүн гарах болно. {АГБ 146.1}AГБ 143.1

    Гэр орныг хүрээлж буй орчин итгэл бишрэлийг төлөөлж байдаг - Эцэг эхчүүд Бурханы өмнө хүрээлж буй орчноо итгэж биширч байгаа үнэнтэйгээ нийцүүлсэн байх үүргийг хүлээдэг. Ингэснээр үр хүүхдүүд маань зөв үлгэр дууриал авч, дэлхий дээрх гэр орноо диваажингийн гэр оронтой адилтган зүйрлэж сурах юм. Газар дэлхий дээрх гэр бүл тэнгэрийн гэр орны загварыг байгаа бүхнээрээ үзүүлэхийг эрмэлздэг байх ёстой. Энэ тохиолдолд дорой буурай, зусарч байдлаар уруу таталтанд орох байдал хүч нөлөөгөө их хэмжээгээр алдах болно. Хүүхдүүд өөрсдийгөө энэ дэлхий дээр түр хугацаанд амьдарч байгаа ба Христ Өөрийг нь хайрлаж, тушаалуудыг нь сахиж буй хүмүүст зориулан орд харш бэлдэн, биднийг тэндээ амьдруулахаар сургаж байгааг заалгасан байх ёстой. Энэ бол эцэг эхийн гүйцэтгэх ёстой хамгийн чухал үүрэг юм. (АГБ 146.2}AГБ 143.2

    Эцэг эхчүүд ээ: Хөдөө газар гэр орон худалдаж аваарай - Бурхан надад сануулга өгөх хүчийг ханган өгсөөр байгаа нөхцөлд эцэг эхчүүдэд хот суурин газруудыг орхиж хөдөө газар шилжиж очихыг уриалсаар байх болно. Тэд хөдөө нутагт газар тариалан эрхэлж, байгалиас ариун, энгийн даруу зан чанарын сургамжуудыг суралцах боломжтой болох юм. Байгаль дэлхий Эзэнд нууцлагаар үйлчилж байдаг ба бидэнд сүнслэг үнэнийг зааж сургадаг. Эдгээр нь бидэнд Бурханы хайр, агуу Бүтээгчийн мэргэн ухааныг тунхаглаж өгдөг. {АГБ 146.3}AГБ 143.3

    Би үзэсгэлэнтэй цэцэгст дуртай. Эдгээр нь Едений гэрийг маань санагдуулж, итгэл дүүрэн байгаа л бол тун удахгүй хүлээн авах ивээлээр дүүрэн нутаг руу бидний оюун ухааныг чиглүүлдэг. Эзэн оюун ухааныг маань эрүүл мэндийг бэлэглэгч цэцэгс, модод руу чиглүүлсээр байна. (АГБ 147.1}AГБ 144.1