Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Дөрөвдүгээр Бүлэг - Эцгийн Байр Суурь Ба Хариуцлага

    Hөхрийн талаарх зөв тодорхойлолт. - Гэр бүл бол Бурханы байгуулсан тогтолцоо. Бурхан гэр бүлийн хүрээллийг бүтээж өгсөн. Эцэг эх, хүүхдүүд дэлхийн хамгийн бат бэх холбоог байгуулах ёстой. AГБ 213.1

    Гэр бүлийг аз жаргалтай байлгах үүрэг хариуцлага зөвхөн эх хүнд ноогддоггүй. Эцэг хүн гэр бүлд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Эр нөхөр гэр бүлийн үнэт эрдэнэсүүдийг хооронд нь холбодог холбоос юм. Тэрээр хүчтэй, үнэнч шударга, хайр халамжаар гэр бүлийн гишүүд, эхнэр, хүүхдүүдээ хооронд нь маш хүчтэй холбоосоор холбон барьж байдаг.AГБ 213.2

    Эцэг хүнийг «гэр бүлийн бүслүүр” гэж нэрлэдэг. Энэ нь эр нөхрийг зөв тодорхойлсон тодорхойлолт юм... Харамсалтай нь цөөхөн эцгүүд энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна.AГБ 213.3

    Айл гэрийн толгойлогч тууштай байх тухай. — Эр нөхөр, эцэг хүн гэр бүлийн толгой байх ёстой. Эхнэр хүн нөхрөөсөө энэрэл хайр болон хүүхдүүдээ хүмүүжүүлэх тусламж дэмжлэгийг авахыг хүсдэг. Энэ бол зөв тогтолцоо. Хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлэх нь зөвхөн эхийнх бус харин бас эцгийн хариуцлага юм. Эр хүн эхнэр, хүүхдүүддээ адил хэмжээний халамж үзүүлэх ёстой. Хүүхдүүд эцгээсээ дэмжлэг, удирдамж авахыг хүсдэг. Эцэг хүн амьдралын талаар зөв үзэл бодолтой байж, гэр бүлийн зөв нөлөө, хүрээллийг үүсгэсэн байх ёстой. Эцэг хүн бүхнээс илүү Бурханаас эмээж, Түүнийг хайрлаж, Бурханы үгэн дэх сургамжаар удирдуулсан байх ёстой. Ингэснээр эцэг хүн хүүхдүүдээ зөв замаар удирдах боломжтой болно...AГБ 213.4

    Эцэг хүн өөрт ноогдсон үүргээ гүйцэтгэхдээ гэр бүлээ аз жаргалтай болгохын төлөө байх ёстой. Ямар ч сэтгэл зовоосон асуудал, ажил төрлийн хүндрэл бэрхшээлтэй тохиолдсон гэсэн эдгээрийг гэр бүлдээ мэдрүүлэх хэрэггүй. Эр нөхөр гэртээ ирэхдээ инээмсэглэл тодруулан, найрсаг үгс хэлэхээ мартаж болохгүй.AГБ 214.1

    Хууль тогтоогч ба Тахилч. - Гэр бүлийн бүх гишүүд эцэг дээр төвлөрч байдаг. Эцэг бол хууль тогтоогч. Эцэг хүн эр хүний төрхөөр илүү хатуу ширүүн зан чанарыг илэрхийлдэг байх ёстой: Эр хүн эрч хүч, нэр хүнд, шударга байдал, тэвчээр, эр зориг, тууштай чанар болон ажилсаг байдлыг харуулж байх үүрэгтэй. Эцэг хүн өглөө болон оройн тахил өргөх буюу магтаалын үйлчлэлээр Бурханы өргөлийн ширээн дээр өргөл өргөж байх ёстой тахилч юм. Эхнэр болон хүүхдүүд энэхүү өргөлийн ёслолд нэгдэн, магтаалын дуу өргөхөд оролцох хэрэгтэй. Эцэг хүн гэр бүлийн тахилчийн хувьд өглөө, орой Бурханы өмнө тухайн өдөртөө үйлдсэн өөрийн болон үр хүүхдүүдийнхээ гэм нүглийг наминчилж байх ёстой. Тэрээр өөрийн мэдэж буй болон зөвхөн Бурханы нүдээр илчлэгдэх үл мэдэгдэх гэм нүглүүдийнхээ төлөө гэмших хэрэгтэй. Энэ дүрмийг эцгийг байхгүй нөхцөлд эх хүн тууштайгаар гүйцэтгэснээр гэр бүл ивээлийг авсаар байх болно. AГБ 214.2

    Эцэг хүн гэр бүлдээ Тэнгэрийн Хууль Тогтоогчийг төлөөлж байдаг. Тэрээр Бурхантай хамтран Бурханы гайхамшигтай төлөвлөгөөг биелүүлж, хүүхдүүдээ зөв зарчмаар хүмүүжүүлж, цэвэр ариун, ёс зүйтэй зан чанартай болоход тусалж байдаг. Эцэг хүн зөвхөн дэлхий дээрх эцэгтээ бус мөн тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай байх боломжийг нээж өгөхөөр ажиллах үедээ дээрх зорилгуудад хүрэх боломжтой болно.AГБ 214.3

    Эцэг хүн өөрийн ариун итгэл найдварын үүрэг хариуцлагаа үл тоомсорлож болохгүй. Ямар ч нөхцөлд эцэг хүн өөрт өгөгдсөн эрх мэдэлдээ хайхрамжгүй хандан, үл тоомсорлож болохгүй.AГБ 215.1

    Бурхантай алхах нь. -Эцэг .... Бурханд итгэх итгэлээ амьдрал дээрээ хэрэгжүүлснээр үр хүүхдүүдээ Бурханы хаан суудалд холбож өгдөг. Тэрээр өөртөө итгэж найдахгүй байснаар сул дорой сэтгэлээ Есүст даатгаж, Хамгийн Агуу Нэгэний хүчнээс зуурсан байх боломжтой. Ахан дүүс нар минь ээ, гэр бүлээрээ, гэртээ, өглөө болон орой залбирч байгаарай. Өөрийн нууцлаг өрөөнд чин сэтгэлээсээ залбираарай. Өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлээ залбирлаар Бурханд өргөж байгаарай. Енох ийм байдлаар Бурхантай хамт алхдаг байсан. Зүрх сэтгэлийн гал халуун, даруу төлөв залбирлууд Бурханы өршөөлийн хаан суудал руу Ариун Ордонд өргөсөн Бурханд тааламжтай ариун үнэртэн адил дээш өргөгдөн очдог. Бурханыг ийнхүү эрж хайсан хүн бүрт Христ шаардлагатай цаг үед нь бодит тусламж болж чаддаг. Түүний хүмүүс өдөр тутмын бэрхшээлүүд дундаа хүчирхэг болж байдаг. AГБ 215.2

    Төлөвшсөн зан чанарыг харуулахыг шаардах нь.- Эцэг хүн хүүхэдтэй адил сэтгэл зүрхний хөдлөлдөө удирдуулдаг байх ёсгүй. Тэрээр гэр бүлтэйгээ ариун, нандин холбоосоор холбогдсон байх хэрэгтэй. AГБ 215.3

    Цорын ганц жинхэнэ Бурхан болон Бурханаар илгээгдсэн Есүс Христийг таньж мэдсэн мэдлэгээр эцэг хүний гэртээ үзүүлж байгаа нөлөө дүгнэгдэнэ. Паул, «Би хүүхэд байсан, би хүүхэд шиг ярьж, би хүүхэд шиг ойлгож, би хүүхэд шиг заадаг байсан. Гэхдээ би насанд хүрээд, хүүхэд зангуудаа орхисон” гэж хэлж байсан. Эцэг хүн гэр бүлийн толгой байх ёстой. Тэрээр хүмүүжилгүй, сэтгэлийн хөдөлгөөндөө автагдсан хүүхэд шиг бус харин хүслээ хязгаарлаж сурсан, эр хүний зан чанарыг төлөвшүүлсэн эр хүн адил байх ёстой. Эцэг хүн зөв ёс суртахууны боловсролыг эзэмшсэн байх ёстой. Гэр бүлд хандаж байгаа байдал, үйлдэл нь Бурханы үгэн дэх ариун зарчмуудаар удирдуулан, хазаарлагдсан байх ёстой. Ингэснээр тэрээр Христ Есүсийн хүчээр эр хүний дүр төрхийг олох боломжтой болно.AГБ 215.4

    Хүслээ Бурханд захируулах нь. - Би эр нөхөр болон эцэг хүнд, цэвэр, ариун уур амьсгалаар зүрх сэтгэлээ хүрээлүүлсэн байхыг анхаарахыг уриалмаар байна... мөн өдөр тутам Христээс суралц, гэж хэлмээр байна. Гэр бүл дотроо хэзээ ч, бүр хэзээ ч харгис хэрцгий зан чанарыг битгий гаргаж байгаарай. Харгис хэрцгий зан гаргаж байгаа эр хүн сатаны элч нартай хамтран ажиллаж байдаг. Өөрийн хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлээрэй. Эхнэрийнхээ амьдралыг таатай, аз жаргалтай болгоход чадах бүхнээ хийж гүйцэтгээрэй. Бурханы үгийг хамгийн чухал зөвлөгчөө болгоорой. Гэр бүл дотроо Бурханы үгнээс олж авсан заавруудаа хэрэгжүүлээрэй. Ингэснээр та сүмээс гадуур Бурханы үгийг хэрэгжүүлж, ажил хөдөлмөртөө ч зарчмуудыг нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Диваажингийн зарчмууд таны бүх зан үйлдлүүдийг ариусгаж өгнө. Бурханы элч нар дэлхий дахинд Христийг даган дуурайхад тань туслах болно.AГБ 216.1

    Түргэн ууртай нөхөрт тохирсон залбирал. - Ажил хөдөлмөрөөс үүдэн гарсан уур уцаар гэр бүлийн амьдралыг тань бүрхэгдүүлэхийг бүү зөвшөөрөөрэй. Таны хүсч байснаар зарим нэгэн жижиг зүйлс биелэгдэхгүй болох үед та тэвчээр алдаж, уйтгарлан гуниглаж, эелдэг байдал, хайр энэрлээ харуулахгүй байгаа бол та бидний төлөө амиа зориулсан биднийг хайрласан Түүнтэй дотно нөхөрлөл тогтоогоогүй, Түүнтэй нэгдэж чадаагүй болохоо харуулж байна гэсэн үг. AГБ 216.2

    Өдөр тутмын амьдралд гэнэтийн асуудал, сэтгэлээр унах зүйлс, уруу татлагуудтай учрах болно. Бурханы Үгэнд юу гэж өгүүлсэн байдаг вэ? Бурхантай дотно нөхөрлөснөөр, «бузар мууг эсэргүүц, ингэснээр тэрээр чамаас зугтах болно. Бурхантай ойртон дотнос, тэгвэл Бурхан чамтай ойртоно” гэж хэлсэн байдаг. «Миний хүч чадлаас зууран авснаар, тэрээр Надтай найрамдах болно. » Бүх цагийн туршид, хаа ч байсан Есүс рүү эгцлэн харж, чин сэтгэлээсээ чимээгүй залбирал үйлдэх юм бол Түүний хүслийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх болно. Дайсан үерийн ус адил дайран орж ирэх үед Эзэний Сүнс дайсныг эсэргүүцэхийн тулд таны хэм хэмжээг илүү өндөрт өргөнө. Та уруу таталтанд бууж өгч, өөрийгөө захирах тал дээр тэвчээр алдаж, бусдыг хатуугаар буруутган зэмлэж, бусдаас бурууг эрж, гүтгэх хүсэлд автагдахдаа тэнгэр рүү хандсан залбирлыг хийх хэрэгтэй. Та, «Бурхан минь надад уруу таталтыг сөрөн гарч, уур уцаар, өс хонзонгоо даван гарч, зүрх сэтгэлээс урган гарах бузар муу үгсийг хэлэхгүй байхад минь туслаач. Надад Өөрийн даруу төлөв байдал, тэвчээр, хайрыг өгөөч. Аврагчаа гутаан доромжлохгүй байхад, итгэл нэгт эхнэр, хүүхэд, ах, эгч дүүсийнхээ үг болон санааг буруу ойлгохгүй байхад туслаач. Эелдэг зөөлөн, өрөвч, уучлалаар дүүрэн байхад минь туслаач. Намайг гэр бүлээ нэгтгэн барьж байдаг бүслүүр байлгаж, бусдад Христийг харуулахад минь туслаач” гэж залбираарай.AГБ 216.3

    Эрх мэдлийг даруу зан чанараар хэрэгжүүлэх нь - Эр хүн өөрийгөө гэр бүлийн толгой гэж байнга сүржигнэх нь түүнийг эр хүн болгодоггүй. Эрх мэдлээ харуулахын тулд Библийн ишлэл ашиглах нь түүнийг эрх мэдэлтэй болгохгүй. Эхнэрээ, үр хүүхдүүдийнхээ эхээс өөрийн төлөвлөгөө, зорилгыг алдаа дутагдалгүй мэтээр бодон дагахыг шаардах нь эр нөхрийг эр хүн болгодоггүй. Эзэн эр нөхрийг эхнэрийн толгой болгосон нь эхнэрийг хамгаалуулах зорилготой байсан. Эр нөхөр бол гэр бүлийг нэгтгэх бүслүүр, тэрээр Христ сүмийн толгой ба үл харагдагч итгэгчдээс бүрдсэн сүм хэмээх биеийн Аврагч байдагтай адил эр нөхөр гэр бүлийн гишүүдийг нэгтгэх үүрэгтэйгээр бүтээсэн. Бурханыг хайрладаг гэж тунхаглагч эр нөхөр бүр Бурхан ямар хариуцлагыг даалгаж өгсөн болохыг судлах хэрэгтэй. Христ эрх мэдлээ мэргэн ухаанаар хэрэгжүүлдэг. Тэрээр ямагт эелдэг зөөлөн, хайр энэрлээр дүүрэн байдаг. Эр нөхөр бүр сүмийн агуу Толгойг дуурайн эрх мэдлээ хэрэгжүүлэх болтугай.AГБ 217.1