Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Тавдугаар Бүлэг - Израилийн Боловсрол

    “Эзэн Түүнийг ганцаар удирдаж
    байсан.” “Тэр түүнийг эргэн тойрч,
    хайрлан халхалж, Өөрийнхөө
    мэлмийн цэцгий мэт хамгаалсан.”

    Еденд зохион байгуулагдсан боловсролын тогтолцоо нь гэр бүл дээр үндэслэгддэг. Адам «Бурханы хүү байсан» (Лук 3:38), ба Агуу Нэгэний хүүхдүүд Эцэгээсээ амьдралын сургамж, зааврыг авдаг байв. Энэ нь жинхэнэ утгаараа, гэр бүлийн сургууль байсан.Бо 37.1

    Уналтанд орсон хүний нөхцөл байдалд тохируулсан боловсролын бурханлаг төлөвлөгөөнд Христ Тэнгэрийн Эцэгээ төлөөлөн Бурханыг хүнтэй холбох зуучийн үүргийг гүйцэтгэдэг. Христ бол хүн төрөлхтний агуу гайхамшигтай багш. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийг нь үлгэрлэн дуурайгч төлөөлөгчид болгон томилдог. Гэр бүл бол бидний сургууль ба эцэг эхчүүд энэхүү сургуулийн багш нар нь байхаар төлөвлөгдсөн.Бо 37.2

    Эртний өвөг эцгүүдийн амьдралын он жилүүдэд гэр бүл дээр төвлөрсөн боловсрол давамгайлдаг байсан. Бурхан гэр бүлээр дамжуулан боловсрол олгосноор хүмүүст зан чанарын хувьд хөгжин дэвжих маш тохиромжтой, сайхан нөхцлийг бүрэлдүүлж өгсөн. Бурханы удирдлаган доор байсан хүмүүс Түүний анхнаас тогтоож өгсөн амьдралын төлөвлөгөөг дагаж мөрдсөөр байсан. Харин Бурханаас холдон хөндийрсөн хүмүүс өөрсөддөө зориулан хотуудыг байгуулж, олноор амьдран, өнөөгийн дэлхийн бардамнал, хараал зүхээлийн эх сурвалж болсон хотуудын сүр жавхландаа бардан, баян тансаг амьдрал, бузар муу явдалд автагдах зэрэгт умбаж эхэлсэн. Бурханы амьдралын зарчмуудаас тууштай зуурч авсан хүмүүс уул болон талд амьдран сууж байсан. Тэд газар тариалан эрхэлж, мал аж ахуй үржүүлж байсан ба энэхүү амьдрал нь чөлөөтэй, биеэ даан ажиллаж хөдөлмөрлөн, суралцан, амьдралын талаар тунгаан бодох боломжуудыг бий болгож өгч, Бурханы талаар суралцаж, үр хүүхдүүддээ Бурханы ажил үйлс, арга замуудыг зааж өгдөг байв.Бо 37.3

    Бурхан ийм л боловсролыг Израильд олгох нөхцлийг бүрэлдүүлэх хүсэлтэй байсан. Египетээс чөлөөлөгдөх үед Израильчуудын дотор Бурхантай хамтран үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх хүсэлтэй хүн маш цөөхөн байсан. Эцэг эхчүүд өөрсдөө боловсорч хүмүүжил олох шаардлагатай байв. Амьдралынхаа туршид боолчлолын золиос болсон тэд харанхуй бүдүүлэг, доройтсон, сургагдаж, бэлтгэгдээгүй байсан. Тэд Бурханы талаар маш бага мэдлэгтэй учир Бурханд итгэх итгэл нь маш сул байв. Тэд хуурамч сургаалд будилж төөрсөн, хуурамч шашны нөлөөнд удаан хугацаагаар автагдсан учир итгэл үнэмшлийн хувьд ялзарсан. Бурхан тэднийг ёс зүйн хувьд өндөр түвшинд өргөж, Өөрийн талаарх мэдлэгийг өгөхийг хүсэж байсан.Бо 38.1

    Бурхан Израильчуудыг цөлөөр нааш цааш алхуулж, өлсгөлөн, ундаасан цангах, ядарч туйлдах байдлыг бие махбодоор нь мэдрүүлж, хуурамч шашинтнуудаас үүсэн бий болж байсан аюул заналхийлэл бүрт Өөрийн хамгаалалт, халамжийг үзүүлж байлаа. Тэрээр тэдний сайн сайхны төлөө тогтмол илэрхийлэгдэж байгаа хүч чадлаа ашиглан Өөртөө итгэх итгэл бишрэлийг нь хүчирхэгжүүлэх хүсэлтэй байсан. Бурхан Өөрийнх нь хайр, хүчинд итгэж, бишрэх ёстойг зааж өгснөөр, Өөрийн хуулийн зарчмуудад бичигдсэний дагуу, Өөрийн нигүүлслээр дамжуулан өсгөх, тэдний төлөө хүсэн мөрөөдөж буй зан чанарын жишгийг танилцуулж өгөх хүсэлтэй байлаа.Бо 38.2

    Синай уул руу аялсан аяллын үеэр зааж сургасан сургамжууд Израильчуудын хувьд маш үнэтэй сургамжууд байсан. Бурхан Канан нутгийг өвлүүлэн өгөхийн тулд тухайн үед тэд нарт тусгай зааварчилгааг өгч байсан. Бурханы хувьд зорилгоо биелүүлэхэд эргэн тойрны нөхцөл байдал маш тохиромжтой байлаа. Израильчуудын майхнаа тараан барьсан талыг сүүдэрлэн нөмөрч буй Синай уулын орой дээр Израильчуудын аяллын туршид газарчилж байсан үүлэн багана тогтсон байлаа. Шөнийн туршид галан багана дагаж, гүн нойрондоо автагдсан байх зуур тэнгэрийн талх отоглон суурынсан газар дээр зөөлнөөр унах бүрт тэнгэрлэг хамгаалалт хамт байгааг батлан харуулдаг байлаа. Өргөн уудам, шовх сарьдгууд гайхамшигтай сүр хүчээ харуулан мөнхийн тэсвэр хатуужил, сүр жавхланг мэдрүүлж байсан. Хүн «уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлдэг. » Исаиа 40:12. Бурханы өмнө өөрийн хүчин мөхөс, харанхуй бүдүүлзг байдлаа ойлгож ухаарах ёстой байлаа. Бурхан Өөрийн алдар сүр хүчийг харуулснаар Израильчуудыг Өөрийн ариун зан чанар, шаардлагыг ойлгуулж, хэрээс хэтэрсэн гэм нүглээсээ гэмших сэтгэлийг мэдрүүлэхийг хүссэн.Бо 39.1

    Харамсалтай нь хүмүүс сургамж авахдаа маш хойрго байлаа. Хүний шүтээний хамгийн доройтсон хэлбэр болох Египетийн материаллаг болон эд зүйлсээр дүрслэн харуулсан Шүтээнд хэт дассан хүмүүс Үл Харагдагч Нэгэний зан чанар, оршихуйг ойлгож, мэдэрч чадаагүй. Бурхан тэдний сул дорой, мөхөс байдлыг өрөвдсөндөө Өөрийн оршиж байгааг харуулах бэлэгдлийг өгсөн. Ийнхүү «Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг” Египетээс гарсан нь 25:8 хэмээн хэлсэн.Бо 39.2

    Мосе Бурханы орших газар болох Ариун Ордныг барихын тулд диваажин дахь загварын дагуу ордныг барьж байгуулах зааварчилгааг авсан. Бурхан Мосег уул руу дуудаж гаргаад, диваажингийн эд зүйлсийг харуулсны үр дүнд Ариун Ордонд хамааралтай бүхэн диваажингийн загварын дагуу бүтээгдсэн.Бо 40.1

    Бурхан Израильчуудын дунд оршихыг хүссэн учир Өөрийн агуу суу алдраар дүүрэн төгс зан чанараа илэрхийлэн харуулсан. Бурхан Синай уулан дээр хуулиа өгөхдөө Ариун Ордны загварыг үзүүлсэн. Бурхан Мосегийн урдуур өнгөрөх үед Мосе, МЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. » Египетээс гарсан нь 34:6 гэж дуу алдсан.Бо 40.2

    Израильчууд өөрсдийн хүчээр зан чанарын хувьд Бурханы хүссэн хэмжээнд хөгжин дэвжих боломжгүй байлаа. Синай уулан дээр үзэгдсэн үзэгдэл тэдний хүчин мөхөс байдал, давж дийлэшгүй хэрэгцээг нь ухааруулж өгсөн. Ариун Ордон болон тахилын үйлчлэл мөн гэм нүглээ хэрхэн уучлуулах, Аврагчийн өгөх хүч чадлаар дамжуулан амьдралаараа Бурханд хэрхэн дуулгавартай байх боломжтойг сургах ёстой байсан.Бо 40.3

    Сүр жавхлантай Ариун Ордон, солонгын өнгөөр гэрэлтэж буй алтан хана, херубын дүрсийг шигтгэсэн хөшиг, бүх газраар тархагч хэзээ ч үл тасрах ариун хүжний үнэр, толбогүй цагаан өмсгөлтэй тахилчид, ер бусын далд хүч мэдрэгдэх дотоод өрөө, нигүүлсэл, өршөөлийн суудлын дээр мэхийн, хүндэтгэл үзүүлж буй тэнгэрийн элч нар, Хамгаас Ариун Нэгэний цацран гэрэлтэж буй алдар сүр хүчийг илэрхийлэх Ариун Ордон нь Христийг бэлэгдэж байсан ба зорилго нь Христээр дамжуулан хэрэгжиж дуусах ёстой байлаа. Бурхан энэ бүхнээр дамжуулан хүний төлөө юуг зорьж, хүсэж байгааг мэдэж аваасай гэж хүссэн. Олон жилийн дараагаар элч Паул Ариун Сүнсээр удирдуулан дараах үгсийг тунхагласан:Бо 40.4

    «Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн. » 1 Коринт 3:16, 17.Бо 41.1

    Ариун Ордныг барих бэлтгэлийг базаахад Бурхан Израильчуудад маш агуу хүндэтгэл, онцгой эрх дарх болон хариуцлагыг даатган өгсөн. Боолчлолоос дөнгөж чөлөөлөгдсөн хүмүүс эзгүй хээр цөлд гайхамшигтай сүр жавхлантай, хамгийн агуу ур чадвар шаардсан, хамгийн үнэтэй эд материалаар ордон барих зааврыг авсан. Энэ нь тухайн хүмүүсийн хувьд хэт ахадсан мэт агуу ажил үйлс байлаа. Ариун Ордныг барих төлөвлөгөө, бүдүүвчийг өгсөн Нэгэн барилгачидтай хамтран ажиллах амлалтаа өгсөн.Бо 41.2

    «ЭЗЭН Мосед айлдан -Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ. Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр... бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ. Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн. » Египетээс гарсан нь 31:1-6.Бо 41.3

    Израильчууд цөлд Христ болон Түүний тэнгэрийн элч нарын удирдлаган дор ямар гайхамшигтай хөдөлмөрийн сургалт, зааварчилгааг авсан гэж бодно.Бо 41.4

    Ариун Ордныг барих, дотоод тоноглол, тавилгуудыг бүтээхэд хүн бүр маш ойр дотно хамтран ажиллах шаардлагатай байсан. Хийж буй ажил нь зөвхөн гар хөл бус, оюун ухааны ур чадварыг шаардаж байлаа. Хүн бүр зүрх сэтгэлийнхээ мэдрэмжинд хөтлөгдөн хэрэгцээтэй бүхнийг хандивлаж байсан ба Ариун Ордныг барихад маш их эд зүйлс хэрэгцээтэй болсон.Бо 41.5

    Хүмүүс хандив өргөн, хөдөлмөрлөхдөө Бурхан болон бие биетэйгээ ойлголцож, хамтран ажиллах шаардлагатай байв. Тэд Бурханы жинхэнэ дуган болох зүрх сэтгэлдээ үүсгэх дуганыг бий болгох ажил болон урьдчилсан бэлтгэл хангахад зүрх сэтгэлийн хувьд нэгдмэл байх ёстой байсан юм.Бо 42.1

    Египетээс гарсан цагаас эхлэн Израильчууд аяллынхаа туршид сахилга бат, амьдралын сургалтанд суралцсан. Тэд Египетээс гарахаасаа өмнө тодорхой хэмжээний зохион байгуулалтанд орох шаардлагатай болсон учраас тодорхой удирдагч нарын дор бүлэг болон зохион байгуулагджээ. Энэхүү зохион байгуулалт аяллын турш хийгдсээр Синай ууланд очих үед бүрэн зохион байгуулалт бүрэлдэн тогтсон. Бурханы бүх үйлс, бүтээлд ажиглагддаг зохион байгуулалт, эмх цэгц Еврейчүүдийн амьдрал, аж ахуйгаас гайхалтайгаар ажиглан харагдахаар байлаа. Бурхан бүх удирдлага, засаглалын төв болж чадсан байсан. Мосе Түүний төлөөлөгчийн хувьд Бурханы нэрээр хууль журмыг сахиулах болсон. Удалгүй зөвлөлийн далан гишүүд, тахилчид болон ноёд бий болж тэдний доор «мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон» (Тооллого 11:16, 17; Дэд хууль 1:15). Эцэст нь тусгай үйлчлэлийг хийж гүйцэтгэх албан үүрэгтнүүд томилогдсон. Буудаллсан газрын төвд Бурханы орших газар болох Ариун Ордон байрлан, тойроод тахилчид болон Левит аймгийнхан цэгцтэй буудаллана. Эдгээрийг тойроод бусад аймгууд өөрсдийн хэмжээ, зааврын дагуу байрладаг байлаа.Бо 42.2

    Хээр буудаллаж байх үеийн турш ариун цэврийг сахих зааварчилгааг маш нарийн дагаж мөрдөх ёстой байсан. Энэхүү зааврууд нь зөвхөн эрүүл мэндийг сахин хамгаалах бус Ариун Нэгэний оршихуйг өөрсдийн дунд байлгах болзол байсан юм. Мосе Бурханы өгсөн эрх дархын дагуу, «ЭЗЭН Бурхан чинь чамайг аврахаар... хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. » Дэд хууль 23:14 гэж тушаасан.Бо 42.3

    Израильчуудын боловсрол тэдний өдөр тутмын амьдралд зөв зуршлыг бий болгоход оршиж байв. Бурхан хүмүүсийн бүх л сайн сайхны төлөө санаа тавьдаг ба Өөрийн хуулийн хүрээнд хүний сайн сайхныг цогцлуулан бий болгох арга хэмжээг авдаг. Бурхан хоол хүнсийг бий болгон өгөхдөө хүртэл тэд нарт хамгийн сайн сайхныг хүсэж байсан. Цөлд аялж байхад хангаж өгч байсан манна нь бие махбод, оюун ухаан, ёс зүйн эрч хүчийг сайжруулахад сайнаар нөлөөлөх учиртай байв. Гэсэн хэдий ч зарим нь хуучны үеэ санагалзан хуучны хоол хүнсээ идэхийг хүсэн, эсэргүүцэн, «бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байсан» (Египетээс гарсан нь 16:3) хэмээн гомдоллосон. Цөлийн хүнд хүчир амьдралыг туулж байсан бүх аймгийн хүмүүсийн дотор ганц ч сул дорой хүн байгаагүй ба Бурханы сонгож өгсөн хоол хүнс ямар ч маргаангүйгээр сайн болох нь нотлогдсон.Бо 43.1

    Израильчууд аялах бүртээ Бурханы хуулийг хадгалж байсан авдрыг урдаа гарган замаа чиглүүлэн алхах ёстой байв. Үүлэн багана нэг газар хуралдан тогтсоноор буудаллах газар нь тогтоогдоно. Үүл Ариун Ордны дээр тогтсон байгаа цагт хүмүүс тухайн газраа буудалласан хэвээр байх ёстой байв. Үүл дээш өргөгдөх үед тэд аялалдаа гарна. Аялалд гарах, аяллаа зогсоон буудаллах үеүдэд, «Авдрыг хөдлөх үед Мосе -ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарах болтугай... Амрах болоход тэрээр -ЭЗЭН, Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч” Тооллого 10:35, 36 гэж чангаар хэлдэг байлаа.Бо 43.2

    Хүмүүс цөлөөр аялах үедээ олон гайхамшигтай сургамжуудаа дуугаар дамжуулан оюун бодолдоо хоногшуулж байжээ. Израильчууд Фараоны цэргүүдийн дайралтаас аврагдан хамгаалагдсаны дараагаар бүгд хамтран ялалтын дуугаа дуулсан. Алс холын цөл болон далай тэнгисийн дээгүүр баяр хөөртэй дуу хоолой уухайлан түрч, уулс толгод, «ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдөн, ялалт байгуулсан. » Египетээс гарсан нь 15:21 гэсэн магтаалын дууг цуурайтуулж байсан. Аяллын туршид энэхүү дууг олон удаа давтан дуулж, аялагчдын зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрч, итгэлийн гал бадарч байв. Бурханы хайр ивээлийн амлалтууд, эрх чөлөөг бий болгосон ба Түүний агуу гайхамшигтай үйлсийн тэмдэглэлүүд, Синай уулнаас өгөгдсөн тушаалууд Бурханы удирдлагаар дуу болон хувирч, хөгжмийн зэмсгүүдээр ая болон дуугарч, магтаалаар эвлэлдэн нэгдэгсдийг нэгэн хэмээр алхахад нөлөөлж байв.Бо 43.3

    Ийнхүү хүмүүсийн бодол санаа өөдрөг болж, замд тохиосон бэрхшээл, зовлон зүдгүүрт анхаарлаа хандуулахаа больж, шаналсан, амар тайвныг үл мэдэрсэн сэтгэл нь тайвширч, үнэний зарчмууд бодол санаанд нь үрслэн бий болж, итгэл нь хүчирхэгжсэн. Хамтын үйлс эв нэгдэл, эмх журмыг заан сургаж, хүмүүс Бурхантай болон бие биетэйгээ улам ойртон дотносож эхэлсэн.Бо 44.1

    Мосе, Израильчуудыг дөчин жилийн турш цөлөөр аялуулахдаа Бурхан хэрхэн харилцаж байсан талаар, мЭцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсан”, «чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. » Дэд хууль 8:5, 2.Бо 44.2

    «ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цөцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт. ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй. » Дэд хууль 32:10-12.Бо 44.3

    «Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм. Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгөөр, Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайтайгаар гарган авчирсан. Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм. Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж, Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв. ЭЗЭНийг магтагтун. » Дуулал 105:42-45.Бо 45.1

    Бурхан Израильчуудыг Өөрийн нэрийг алдаршуулж, эргэн тойронд буй үндэстнүүдэд ивээл болгуулахын тулд бүх боломж нөхцлүүдээр хангаж, бүх төрлийн онцгой эрх дархыг өгсөн. Хэрэв тэд дуулгавартай байдлаар Түүнийг дагах нөхцөлд «Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгон... ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно... бусад үндэстнүүд “Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөнм хэмээн ярилцах болно. » Дэд хууль 26:19; 28:10; 4:6 хэмээн амласан.Бо 45.2

    Израильчуудад өгсөн хуулиудад боловсролын талаар тусгайчлан өгсөн зааварчилгаанууд байсан. Бурхан Синай уулан дээр Мосед үзэгдэхдээ Өөрийгөө, «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» Египетээс гарсан нь 34:6 гэж танилцуулсан. Израилийн эцэг эхчүүд Бурханы хуулиар дамжин амьдралд биеллээ олдог эдгээр зарчмуудыг үр хүүхдүүддээ зааж сургах ёстой байв. Мосе Бурханы удирдлагаар Израильчуудад, «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. » Дэд хууль 6:6, 7 хэмээн зааварласан.Бо 45.3

    Эдгээр зарчмуудыг хуурай онол мэтээр зааж сургах ёсгүй байлаа. Бусадтай үнэнийг хуваалцаж байгаа хүмүүс өөрсдөө эдгээр зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг байх ёстой. Тэд Бурханы зөв шударга, даруу уужим, хувиа үл хичээсэн зан чанарыг амьдралдаа тодорхой хэрэгжүүлж сурсанаар бусдын зүрх сэтгэлд өөрчлөлт шинэчлэлийг оруулах байсан.Бо 46.1

    Жинхэнэ боловсрол нээлттэй болон бэлэн бус оюун ухаанд зарчмаа хүчээр тулгадаггүй. Оюун ухааны хүч чадал сэргэн дээшилснээр хүсэл, сонирхол сэргэж, бий болдог. Үүнийг бий болгохын тулд Бурханы заах арга барил өгөгддөг. Оюун ухааныг бүтээн, түүнд тохирох хууль журмыг бий болгосон Бурхан эдгээртэй нийцэн хөгжиж дэвжихэд тусламж үзүүлдэг. Бурхан гэр бүл болон Ариун Ордон, байгаль болон ур ухаан, хөдөлмөр болон баяр наадам, ариун барилга байгууламж болон дурсгалын хөшөө, тоо тоймшгүй бэлэгдэл, ёс заншил, дэг журмаар дамжуулан Израильчуудад Өөрийн зарчмуудыг мэдүүлэн, Өөрийн агуу гайхамшигт үйлсийн дурсамжуудыг үлдээж өгсөн. Хүмүүс эдгээр ёс заншил, дурсамжуудын утга санааг асуух үед оюун ухаанд болон зүрх сэтгэлд нөлөөлөх зааварчилгаа өгөгддөг байсан.Бо 46.2

    Сонгогдсон хүмүүст зориулан бий болгосон боловсрол нь Бурхан дээр төвлөрсөн амьдралаар илрэн харагддаг ба энэ нь бүрэн дүүрэн, төгс амьдрал юм. Бид нарт бий болгож өгсөн хүсэл бүрийг Тэрээр хангаж өгдөг ба өгсөн нөхцөл, боломж бүрийг Тэрээр хөгжүүлж, дэвжүүлэхийг хүсдэг.Бо 46.3

    Үзэсгэлэн төгөлдөр бүхнийг Зохиогч, үзэсгэлэнтэй сайхан зүйлсийг хүсэн, хайрладаг. Бурхан бүтээлээрээ Өөрийн хүүхдүүдийн гоо үзэсгэлэнг мэдрэх мэдрэмжийг хангаж өгсөн. Тэрээр нийгмийн хэрэгцээг хангаж өгсөн. Тусч, даруу байдлаар бие биетэйгээ харилцан, бусдыг энэрч хайрласнаар амьдралыг гэрэл гэгээ, тансаг амттай болгож өгсөн.Бо 46.4

    Израилийн нөлөө бүхий газруудад баяр ёслолууд тэмдэглэх нь боловсрол олгох нэгэн хэлбэр байсан. Бусад жирийн үед гэр бүл сургууль, сүмийн үүргийг гүйцэтгэж байсан. Эцэг эхчүүд жирийн амьдралын зарчмуудыг заах багш, шашин шүтлэгийн хувьд шашны удирдагчдын үүргийг гүйцэтгэдэг байсан. Жилд гурван удаа нийгмийн харилцаа болон Бурханыг магтан хүндэтгэх цаг хугацааг товлосон байдаг байлаа. Эхний цугларалт Шилоход дараагийнх нь Иерусалимд тус тус зохион байгуулагдаж байв. Эдгээр баяр ёслолуудад зөвхөн айлын эр нөхөр, эрэгтэй хүүхдүүдийг оролцохыг шаарддаг байсан боловч бүх хүн эдгээр баярт оролцох хүсэлтэй байдаг байсан. Тийм ч учраас гэр бүлүүд болж л өгвөл баярт оролцохыг хичээдэг байв. Энэ үеэр мөн харийн хүмүүс, ядуус, Левитчууд ч гэсэн нэгдэн, зочлол, хүндлэлийг үйлдэж байсан.Бо 47.1

    Эрт дээр үеийн хэлбэрээр байгаль дахь хаврын үзэсгэлэнтэй, зуны баян тансаг, намрын боловсорсон дүр зургийг ажигласаар Иерусалим руу хийж буй аялал нь хүмүүсийн хувьд баяр бахдал байдаг байв. Цал буурал хөгшдөөс бага балчир хүүхдүүд хүртэл талархалын өргөлүүдээ барин Бурханы Ариун Оршихуйг мэдрэхээр ирдэг байлаа. Ийнхүү аялж байх үед өндөр настнуудаас авахуулан бага насныхан хүртэл амтархан сонсдог Еврейчүүдийн түүх, болсон явдлуудыг хүүрнэн хэлж өгдөг байлаа. Эзгүй цөлд урам зориг хайрлаж байсан дуунууд ч дуулагддаг байсан. Байгалийн сайн сайхан ивээлийн нөлөө, дотно хүмүүсийн харилцаагаар хүрээлүүлсэн хүмүүс Бурханы хуулиудыг дуу нийлүүлэн аялгуулан уншиж, энэ нь олон хүүхдүүд, залуучуудын оюун ухаанд үүрд хоногшин үлджээ.Бо 47.2

    Дээгүүр Өнгөрөх баяртай холбоотой Иерусалимд явагддаг ёслолууд, орой бүр бүсээ зүүн, гутлаа өмсөн, гартаа таягаа барин, яаруу хуймгай хоол идэхээр цугларах, хурга, исгээгүй талх, гашуун ногоо, сүсэглэлтэйгээр дуу чимээ гаргалгүй хүлээн суух байдал, хаалганы тотгон дээр түрхэх цус, үхлийн шийдвэрийг биелүүлэхээр ирэгч тэнгэрийн элч, боолчлогдсон газраас дүрвэн алхаж буй агуу үндэстний байдлыг давтан харуулж буй үйлдлүүд хүмүүсийн зүрх сэтгэлд өмнө болж өнгөрсөн үйл явдлуудыг дүрслэн бодох, тухайн үеийг зүрх сэтгэлээрээ мэдрэхэд нөлөөлөхөөр зохион байгуулагдсан байв.Бо 47.3

    Майхан баяр буюу ургацын баяраар, жимс, ногооныхоо дээжээс өргөж буй өргөл, гишүү навчаар бүрхэгдсэн майхандаа олон нийтээрээ цуглан долоо хоногийн туршид буудаллах, Бурханыг санан дурсах ёслолууд, Бурханы ажилчид болох Ариун Ордонд үйлчлэгч Левит аймгийнхны Бурханы хүүхдүүд, ядуус, танихгүй хүмүүсд найрсгаар хандах байдал бүхэн бүтэн жилийн туршид сайн сайхан бүхнийг бий болгож, үржил шимтэй байх арга замыг ивээсэн Бурханд талархах хүслийг хүн бүрийн оюун ухаанд бий болгож өгдөг байсан.Бо 48.1

    Бурханыг сүсэглэн шүтэгч Израильчууд жил бүрийн нэг сарыг ийнхүү өнгөрөөдөг байв. Энэ үед хүмүүс сэтгэл санаагаар зовж шаналан, өдөр тутмын ажилдаа түүртэлгүйгээр бүхнээ Бурханд зориулан, жинхэнэ утгаар боловсролыг олж авдаг байсан.Бо 48.2

    Бурхан Өөрийн хүмүүст өв залгамжлалаа хуваарилан өгөхдөө тухайн хүмүүст болон дараа дараагийн үеүдэд газрын эзэмшлийн талаар зөв зарчмыг зааж сургахыг хүсэж байсан. Кананы газар нутгийг бүх хүмүүст хуваан өгсөн ба энэ нь зөвхөн Ариун Ордонд үйлчлэгч Левитуудаас бусад хүмүүст хуваарилагдсан. Хэн нэгэн хүн хэсэг хугацаагаар өмчөө бусдын мэдэлд байршуулж болох боловч өөрийн үр хүүхдүүдэд өвлүүлэгдэх ёстой өмчийг худалдаалж болдоггүй байв. Өмчөө эргүүлэн авах хугацаа болох үед хэдий ч өртэй байсан ч хамаагүй өөрийн өмчийг эргүүлэн авах боломжтой байсан. Долоон жил тутамд бүх төрлийн өрийн авлагыг цуцалдаг байсан ба арван таван жил тутам болох Баяр Еслолын жилд бүх газар анхны өмчлөгчийн нэр дээр буцаагдан, шилжүүлэгддэг байсан. Ийнхүү гэр бүл бүхэн өмчөө буцаан авч, хэт баяжих, хэт ядуурахаас хамгаалагдаж байлаа.Бо 48.3

    Бурхан хүмүүст газар нутгаа хуваарилан өгөхдөө, Едений цэцэрлэгт суурыниж байсан хүмүүст өгсөнтэй адилаар хүнийг өсгөн хөгжүүлэхэд хамгийн тустай ажил мэргэжил болох ургамал ногоо, амьтдыг өсгөн үржүүлэх, халамжлах ажлыг өгсөн. Бурхан хүмүүстээ боловсрол олгохын тулд газар тариалан эрхэлж буй газрыг долоон жил тутамд ногоо тарилгүй өнжөөн атаршуулан орхисноор газарт аяндаа ургасан ургац ядуусыг тэжээхэд зориулагддаг байсан. Ийнхүү амьдралын зовнил, зав зайгүй ажил үйлсээр шахагдан алга болдог нийгмийн харилцаа нь хамтран Бурханыг магтан хүндэтгэх, бусдад тусламж дэмжлэг үзүүлж, өглөг өгөх боломжуудаас хангалттай сэргэх боломжтой байв.Бо 49.1

    Хэрэв өнөөгийн нийгэмд Бурханы өмчийг хуваарилах зарчим мөрдөгдөх юм бол хүмүүсийн нөхцөл байдал ямар ихээр өөрчлөгдсөн байсан бол! Эдгээр зарчмуудыг сахисан бол бүх цаг үеийн туршид бий болсоор ирсэн баячууд ядуусыг дарлан мөлжих, ядуус баячуудыг үзэн ядах бузар муугаас сэргийлж болох байжээ. Энэ нь хэт их хэмжээний эд хөрөнгийг цуглуулахаас сэргийлэх байсан ба олон мянган хүмүүст бага цалин олгосноор баячуудад агуу их хөрөнгө мөнгийг эзэмшүүлэхээс сэргийлэх байсан. Дэлхий дахинд хаа сайгүй бий болж буй цус урсгалт, эмх замбараагүй байдлыг амар тайвнаар шийдвэрлэх аргыг энэхүү зарчим бий болгох байсан.Бо 49.2

    Өөрийн олсон бүх төрлийн орлого болох жимс болон хүнсний ногоо, мал адгуус, оюун ухаан болон гарын ур дүйгээр олсон бүхнийхээ аравны нэг хувийн өргөлийг Бурханд өргөөд, хоёр дахь арван хувиа ядуус болон бусад тусламжийн ажилд зарцуулах шийдвэр гаргаснаар бид Бурхан бүхнийг эзэмшдэг болохыг хүмүүст мэдүүлж өгөхөөс гадна өөрсдийгөө Бурханы ивээлийг дамжуулах суваг болгох боломжтой болдог. Эдгээр нь үүсэн бий болж буй хувиа хичээх зан чанарыг үхүүлж, зан чанарыг Бурханлаг, уужим сайхан болгон төлөвшүүлэх зорилготой юм.Бо 49.3

    Бурханыг мэдэх мэдлэг, ажил үйлс, сурлагаараа дамжуулан Түүнтэй нөхөрлөн, зан чанарын хувьд Түүнтэй адил болох нь Израильчуудын боловсролын гол зорилго, утга учир, үндэс нь байсан. Бурхан энэхүү боловсролыг эцэг эхчүүдэд өгснөөр тэд сурсан бүхнээ үр хүүхдүүддээ дамжуулан өгөх ёстой байв.Бо 50.1

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents