Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Наймдугаар Бүлэг - Бурханаар Илгээгдсэн Багш

    “Түүнийг санагтун.”

    Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. » Исаиа 9:6.Бо 83.1

    Бурханаас илгээгдсэн Багш бол тэнгэрээс хүн төрөлхтөнд илгээгдсэн хамгийн агуу, хамгийн шилдэг нь байсан. Хамгаас Агуу зөвлөлд багтдаг, Мөнхийн Ариун Ордны дотор бодитойгоор оршиж, үйлчилдэг Нэгэн өөрийн биеэр хүн төрөлхтөнд Бурханы талаарх мэдлэгийг өгөхөөр сонгогдсон.Бо 83.2

    Бидний уналтанд орсон дэлхийд Христ тэнгэрлэг гэрэл гэгээг бүрэн хэлбэрээр нь танилцуулж өгсөн. Тэрээр үе үеийн туршид Бурханы үгийг хүн төрөлхтөнд зааж сургаж байсан хүмүүстэй харилцсан Нэгэн. Түүнээс төгс байдал гэрэлтэн цацардаг ба дэлхийн хамгийн агуу, сүр жавхлантай зүрх сэтгэл Түүнийг эрэлхийлдэг байсан. Иосефын ариун, шударга, Мосегийн итгэлтэй, даруу, тэвчээртэй, Елишагийн тууштай, Даниелийн сүр жавхлант нэр хүнд, эргэлт буцалтгүй зарчимч, Паулын өөрийгөө үл огоорох, эр зоригтой байдал болон эдгээр хүмүүс болон дэлхийд амьдарч байсан бүх хүмүүсийн оюун ухаан, сүнслэг хүч чадал бүхэн Түүний гэрэлтэх алдар суугаас цацарч буй цацраг байсан. Есүсээс төгс байдлыг олж харах боломж хүн бүхэнд байдаг.Бо 83.3

    Христ, хүний хүрэхийн төлөө эрмэлзэх цорын ганц үнэн хэм хэмжээг харуулахын тулд, хүн бүр юунд хүрч болохыг харуулахын тулд, хүн төрөлхтөн амьдралдаа Бурханлаг байдлыг бий болгож, Есүсийг зүрх сэтгэлээрээ хүлээн авснаар юунд хүрч болохыг харуулахын тулд энэ дэлхий дээр ирсэн. Тэрээр хүн Бурханы хүүхдүүд болохын тулд хэрхэн сургагдах ёстой, хүн хэрхэн диваажингийн амьдралаар амьдарч, диваажингийн зарчмыг дэлхий дээр хэрхэн дадал зуршлаа болгож болохыг харуулахаар ирсэн.Бо 83.4

    Бурханы хамгийн агуу бэлэг нь хүний хамгийн чухал хэрэгцээг хангаж өгөхөд оршиж байсан. Дэлхий дахин хамгийн харанхуй байдалтай болох тэр л цаг үед Гэрэл бий болсон. Хүмүүсийн оюун ухаан хуурамч сургаалуудаар дамжуулан Бурханаас холдон хөндийрсөн байсан. Тухайн үеийн хүн төрөлхтний боловсролын тогтолцоонд тэнгэрлэг үзэгдлүүдийн оронд хүний гүн ухааныг судалдаг болсон байлаа. Диваажингаас өгөгдсөн үнэний хэм хэмжээний оронд хүн төрөлхтөн өөрсдийн арга барил, ур ухааныг орлуулсан байсан. Хүн амьдралын Гэрлээс нүүр буруулан өөрсдийн асаасан очны гэрлийг даган алхах болсон.Бо 84.1

    Хүн төрөлхтөн Бурханаас холдоод хүний хүч чадалд итгэж найдсан тул, хүч чадал нь сул дорой болон хувирсан. Тэд өөрсдийн тогтоосон хэм хэмжээндээ ч хүрч чадахаа больсон. Ийнхүү хүн төгс сайн чанарт хүрэх хүслээ гадаад өнгөц байдал, мэргэжил чадвар болгон хувиргасан. Бодит байдлын оронд хүн зөвхөн дүр исгэх болсон.Бо 84.2

    Цаг үе улиран одох тусам үнэний Эх Үндэс рүү чиглүүлэхийг хүсэж байсан багш нар төрөн гарсаар байлаа. Зөв шударга зарчмуудыг зарлан тунхаглах үед хүмүүсийн амьдралд эдгээр зарчмуудын хүч мэдрэгдэж эхэлж байсан. Харамсалтай нь хүний хичээл зүтгэлүүд урт хугацааны нөлөө үзүүлж чаддаггүй байв. Бузар муугийн хүчтэй урсгал бага хэмжээгээр саарч байсан боловч хүний уруудан доройтох байдал зогсоогүй. Өөрчлөн шинэчлэгчид харанхуйд гэрэлтэх гэрэл мэт байсан боловч харанхуйг бүр мөсөн устгаж чадаагүй. Дэлхий ертөнц, «харанхуйг гэрлээс илүү хайрласан. » Иохан 3:19.Бо 84.3

    Христийг дэлхийд ирэхэд, хүн төрөлхтөн маш хурдацтайгаар мөхөж доройтох байдал руугаа чиглэж байлаа. Нийгэм юун дээр үндэслэдэг болохоо тодорхойлж чадахгүй болсон. Амьдрал маш хуурамч, өнгөц болсон. Еврейчүүд Бурханы үгнээс гарах хүчээр гачигдаж эхэлсэн тул ямар ч мэдрэмж төрүүлдэггүй, зүрх сэтгэлийг үхмэл болгодог хүний ёс заншил, таамаглалуудыг бий болгож эхэлсэн. Бурханыг «сүнс болон үнэнээр” шүтэх шүтлэгийг хүний зохиосон эцэс төгсгөлгүй ёс заншил, хүнийг алдаршуулах шүтлэг болгон хувиргасан. Дэлхий даяар бүх төрлийн шашин шүтлэгүүд хүний оюун ухаан, сүнслэг байдлаас холдон хөндийрч эхэлсэн. Худал хуурмаг үлгэр домгуудыг зааж сургаснаар хүний оюун ухааныг худал хуурмагт живүүлж үхүүлэх оролдлого гарч байлаа, хүн төрөлхтөн итгэлгүй байдал болон материаллаг зүйлсийг шүтэх болсон. Мөнхийн зүйлсийн талаар бодож сэтгэхээ больж, зөвхөн одоо цагт л амьдрах болсон.Бо 85.1

    Тэд Тэнгэрлэг зүйлсийг ойлгохоо болих үедээ хүнийг ойлгож ухаарахаа больсон. Үнэн, алдар, нэр хүнд, өөртөө итгэлтэй байдал, энэрэнгүй зан дэлхийгээс арилан алга болсоор байлаа. Эцэс төгсгөл, хайр найргүй шунал атаархал, хүнийг доройтуулан муутгах бузар хүсэл дэлхий ертөнцийг үл итгэлцэхэд хүргэсэн. Хүний гүйцэтгэх үүрэг хариуцлага, хүчтэй нь сул доройдоо тусламж үзүүлэх зарчим, хүнийг эрхийг, нэр хүндийг эрхэмлэх үүргээсээ хөндийрч, эдгээрийг домог үлгэр хэмээн үзэх болсон. Жирийн ард иргэдийг зовлон шаналалтай араатан амьтад эсвэл бузар хүслээ биелүүлэхэд ашиглаж болох эд өмч мэтээр үзэх болсон. Эд хөрөнгө, эрх мэдэл, биеийн амрыг эрэх, зугаа цэнгэлээр дүүрэн амьдралтай болохыг хүний эрхэмлэн эрж хайх ёстой хамгийн сайн зорилго хэмээн үзэх болсон. Тухайн үеийн хүмүүс бие махбод, оюун ухааны хувьд сульдан доройтож, сүнслэг байдал нь үхмэл болох ерөнхий дүр төрхтэй болсон байлаа.Бо 85.2

    Бузар муу хүсэл, зорилгууд хүмүүсийн бодол санаанаас Бурханыг зайлуулан холдуулсан ба Бурханыг огоорч, мартсанаар хүмүүс бузар муудаа бүр ихээр татагдах болсон. Гэм нүглийг хайрлах зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханыг өөрсөдтэйгөө адил гэж бодож эхэлсэн ба энэхүү үзэл нь гэмийн хүчийг улам хүчирхэгжүүлж байлаа. Амин хувийн зугаа цэнгэлээ бодох бодолд автагдсан хүн Бурханыг өөрсөдтэйгөө адилхан хэмээн дүгнэхэд хүргэсэн. Иймээс хүмүүс Бурханыг Өөрийгөө алдаршуулах хүсэлтэй, зугаа цэнгэлдээ нийцүүлэн хүн төрөлхтөнд тушаалуудаа өгсөн, Бурхан Өөрийн хувийн зорилгыг биелүүлэхэд тус болсон, тус болоогүйгээс шалтгаалан хүнийг дээш өргөж, доош дарах эсэхээ шийддэг гэсэн үзэлтэй болсон. Нийгмийн дорд гаралтай хүмүүс Агуу Хүчирхэг Нэгэнийг өөрсдийг нь дарлан зовоож байдаг хүмүүстэй адил хүч чадалтай хүмүүсийг л авран хамгаалдаг хэмээн бодох болсон. Тийм ч учраас бүх төрлийн хуурамч шашин шүтлэгүүд дээрхтэй адил үзэл санаан дээр үндэслэсэн. Шашин шүтлэг бүр хоосон журам тогтоодог тогтолцоонууд болж хувирсан. Бурханы хайр энэрлийг олж авж, тайтгаруулахын тулд Түүнд бэлэг сэлт, ёслолуудыг гүйцэтгэх ёстой гэж үзэж эхэлсэн. Ийм шүтлэг сүсэглэж байгаа хүний зүрх сэтгэл, мэдрэмжинд ямар ч хүч нөлөө үзүүлдэггүй ба хүнийг залхаасан олон төрлийн журам, ёс заншлаар дүүрэн байдаг. Хүмүүс эдгээрээс гарч ирэх ашиг тусыг хүсэн хүлээж байгаа бус дээрх хүлээснээс чөлөөлөгдөх юмсан гэсэн бодолтой болсон. Сайн сайхныг хүсэн мөрөөдөх хүсэл арилахын зэрэгцээ бузар муу улам их хүчээ авсаар, хазаарлахын аргагүй болон хувирсан. Хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөө алдаж, өөрсдийг нь удирдан залж буй бузар чөтгөрийн хүчийг шүтэх болсон. Дэлхий дахин тэр чигээрээ ялзрал, бохир хүсэл бодолдоо живсэн байв.Бо 86.1

    Хүн төрөлхтөнд энэ бүхнээс гарах ганц л найдвар байв. Олон нийтэд үл нийцэх, ялзарч завхарсан зүрх сэтгэлийг үндсийг тавьсан байдалд шинээр нөлөөлөх шаардлагатай бий болсон. Хүн төрөлхтөнд шинэ амьдралын хүчийг өгөх шаардлага гарсан. Дэлхий дахинд Бурханы талаарх мэдлэгийг сэргээх шаардлагатай байлаа.Бо 87.1

    Христ энэхүү мэдлэгийг сэргээхийн тулд ирсэн. Тэрээр хүмүүст Бурханыг мэдүүлж өгөхөд нь тус болж байгаа гэсэн боловч Түүнийг худал хуурмагаар таниулсаар ирсэн хуурамч сургаалуудыг нураахаар ирсэн. Тэрээр хууль тушаалынхаа үнэнийг таниулан мэдүүлж, ариун, үзэсгэлэнтэй зан чанараа харуулахаар ирсэн.Бо 87.2

    Христ мөнхийн мөнхөд хадгалагдсан хайраа энэ дэлхийд үзүүлэхээр ирсэн. Тэрээр Бурханы хуулийг шахан боогдуулж байсан хүний тушаалуудыг арилгаж, Бурханы хууль бол хайрын хууль ба хууль нь Бурханы Сайн сайхны илэрхийлэл болохыг харуулсан. Түүний хууль, зарчмуудад дуулгавартай хандах нь хүн төрөлхтнийг аз жаргалтай болгон, тогтвортой нийгмийн маш чухал үндсэн суурь, дүр зураг болох ёстойг харуулсан.Бо 87.3

    Бурхан хүнийг шүүн захирахын тулд бус харин ч хүнийг хамгаалж, бузар муугаас зайлуулахын тулд хууль тушаалаа өгсөн. Бурханы хуулийн зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн хэн боловч бузар муугаас хамгаалагдана. Бурханд үнэнч шударгаар хандах нь бусад хүмүүст үнэнч шударгаар хандахын үндэс болдог. Тиймээс Бурханы хууль хүн бүрийн эрх дарх, хувь хүний онцлогийг хамгаалдаг. Хууль нь удирдан чиглүүлэгчдийг дарангуйллаас, дорд нэгэнийг дуулгаваргүй байдлаас хамгаалах зорилготой. Мөн хүнд энэ амьдрал болон ирээдүйн амьдралын сайн сайхныг баталгаажуулж, хангаж өгдөг. Дуулгавартай нэгэнд хууль бол мөнхийн амьдралын амлалт болдог, учир нь хуулийн зарчмууд нь мөнхийн мөнхөд оршин тогтнодог.Бо 87.4

    Христ доройтон муудаж буй хүн төрөлхтөнд Бурханы зарчмуудын үнэ цэнийг харуулахаар ирсэн. Эдгээр зарчмуудыг хэрхэн хөгжүүлж, амьдралдаа хэрэгжүүлэхийг зааж сургахаар ирсэн.Бо 88.1

    Тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн хувьд бүх зүйлсийн үнэ цэнэ нь гадаад өнгөөр тодорхойлогддог байсан. Шашин шүтлэгийн хүч буурах үед хүний бардам зан байдал өсөн нэмэгдсэн. Тухайн цаг үеийн багш нар сайрхал бардамнал, өнгөц байдлаар бусдын хүндэтгэлийг олохыг хичээж байлаа. Есүсийн амьдрал эдгээр хүмүүсийн амьдралаас тэс ондоо байсан. Түүний амьдрал хүний амьдралын хамгийн чухал хэмээн тооцдог зүйлсийг ямар ч үнэ цэнэгүй болохыг харуулж байлаа. Есүс нийгмийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан ч Бурханы боловсролын төлөвлөгөөг даган энгийн даруу орчинд, жирийн ажилчны гэрт, хар ажил хийн, мужааны мэргэжил эзэмшин, ирээдүйгүй мэт амьдралаар, дэлхийн жирийн хүмүүстэй адил амьдралаар амьдарсан. Түүний дэлхийд амьдарч байх үед сургуулиуд ач холбогдолгүй жижиг зүйлсийг хэт дөвийлгөн, агуу зүйлсийг ач холбогдолгүй болгож, Түүүний эрж хайдаг зүйлсийг зааж сургадаггүй байлаа. Есүс шууд Диваажингаас ирсэн эх үүсвэрээс өөрийн боловсролыг олж авсан. Үр ашигтай ажил хөдөлмөр эрхлэх, байгаль болон Библийн Судрыг судлах, амьдралын туршлага хуримтлуулах зэрэг нь Бурханы хичээлийн гарын авлага юм. Эдгээр нь хүн төрөлхтөнд тусламжийн гар, нээлттэйгээр харах нүд, ойлгож ухамсарлах зүрх сэтгэлийг өгсөн Нэгэнд зааварчлах заавруудыг өгч байсан.Бо 88.2

    «Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм. » Лук 2:40.Бо 88.3

    Христ ийнхүү бэлтгэгдсэний дараагаар Өөрийн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр явсан. Тэрээр уулзаж учирсан хүн бүрт дэлхий дахины хэзээ ч харж мэдэрч байгаагүй ивээл хайрын, өөрчлөлт шинэчлэлийн нөлөөг үзүүлэхээр явсан.Бо 88.4

    Хүн төрөлхтнийг өөрчлөн шинэчлэхийг хүсэж байгаа Нэгэн хүн төрөлхтнийг сайн ойлгох шаардлагатай байлаа. Хүн төрөлхтөнд зөвхөн ойлгож ухаарах, итгэл найдвар, хайр энэрлээр ойртон очиж, өндөрт өргөх боломжтой байлаа. Христ дэлхийд оршин амьдарч байсан бүх багш нараас илүү, хүний зүрх сэтгэлийг төгс ойлгон ухаарч байсан учраас Төгс Багш хэмээн танигдсан.Бо 89.1

    мУчир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, » тахилч нар багш нар байсан тул, Есүс Төгс Агуу багш байсан, «харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. » Еврей 4:15.Бо 89.2

    «Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна. » Еврей 2:18.Бо 89.3

    Зөвхөн Христ л хүн төрөлхтний бүх уруу татлага, зовлон шаналлыг өөрийн биеэр мэдэрсэн. Эмэгтэй хүнээс төрсөн өөр ямар ч хүн Түүн шиг аймшигтай, хүчтэйгээр уруу татагдаж байгаагүй. Христээс өөр дэлхийн гэм нүгэл болон өвчин шаналлын хүнд ачааг үүрсэн хүн байгаагүй. Түүн шиг уян зөөлөн хайр энэрлийг үзүүлсэн хүн гэж байхгүй. Хүн төрөлхтний зовлон шаналлыг үүрэхээр ирсэн Нэгэн хүнд тохиолдсон бүх сорилтууд, зовлон бэрхшээлүүдийг зөвхөн мэдрээд зогсоогүй, бүгдийг нь нэгэн зэрэг өөр дээрээ үүрсэн.Бо 89.4

    Тэрээр зааж сургаж байсан зүйлсээ Өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлдэг байсан, Тэрээр дагалдагч нартаа, “Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм. » «Би Эцэгийнхээ тушаалыг сахисан” гэж хэлсэн. Иохан 13:15; 15:10. Христ амьдралаараа хэлсэн үгсээ төгс хэрэгжүүлж, дүрслэн харуулдаг. Үүнээс гадна, Түүний зааж байсан бүхэн нь Өөрийг нь илэрхийлж байсан. Түүний үгс нь зөвхөн Түүний амьдралаараа мэдэрсэн зүйлс байгаад зогсоогүй, эдгээр нь Түүний зан чанар байсан. Тэрээр зөвхөн үнэнийг заагаад зогсоогүй, Тэр Өөрөө үнэн байсан юм. Ийм ч учраас Түүний зааварчилгаа, сургаал хүчтэй байсан.Бо 89.5

    Христ бузар мууг маш тууштайгаар эсэргүүцэгч байсан. Түүн шиг бузар мууг үзэн яддаг хүн энэ дэлхий дээр амьдарч байсангүй, Түүн шиг айдас, аюулгүйгээр бузар мууг буруутгаж байсан хүн байгаагүй. Тэрээр байгаа байдлаараа бүх төрлийн үнэн шударга бус, адгийн муу зүйлсийг буруутгадаг байсан. Түүний ариун байдлын гэрэл гэгээг харсан хүмүүс өөрсдийгөө бузар муу, амьдралын зорилго нь худал хуурмаг, олиггүй болохоо мэдэрдэг байв. Гэсэн хэдий ч Тэрээр ийм хүмүүсийг Өөртөө татдаг байсан. Хүнийг бүтээсэн Нэгэн хүн төрөлхтний үнэ цэнийг ойлгож ухаардаг байлаа. Тэрээр ивээлээ үзүүлэн, аврахыг хүсэж байгаа хүмүүсээ эрж хайж байхдаа дайсны бузар мууг зайлуулан хөөсөн. Тэрээр хүн бүхэн гэм нүгэлд унасан хэдий ч тэд нараас Бурханы хүүгийн дүрийг олж хардаг байсан ба хүн бүрийг Бурхантай тогтоосон харилцаагаа сэргээж, тогтоох боломжтойг олж харсан.Бо 90.1

    “Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. » Иохан 3:17. Зовлон шаналалд автагдан, доройтож, сүйрэл, сэтгэлийн хямралд орсон хүнийг харахдаа Христ түүнийг итгэл найдварын үндэс сууж болох хөрс хэмээн үздэг байлаа. Хэрэгцээгээ ухаарч, мэдэрсэн мэдрэмж байгаа үед Христ тухайн хүнийг өндөрт өргөх боломжуудыг олж хардаг. Тэрээр уруу татагдсан, ялагдаж дийлдсэн, ямар ч найдваргүй хэмээн дүгнэгдсэн, үхэж үрэгдэхэд бэлэн болсон хүмүүстэй уулзах үедээ тэднийг зэмлэн буруутгах бус харин ивээлийг өгдөг байсан.Бо 90.2

    Есүс хүн төрөлхтөнд бүхэлд нь төгс зан чанарын талаар зааж сургаж өгсөн. Уулан дээрх Сургаалыг сонсохоор маш олон хүн цугларах үед Тэрээр хэсэг зуур диваажинг орхисноо умартсан мэт болсон учраас тухайн хүмүүсийг гэрэл гэгээгээр дүүрэн мэндчилгээгээр мэндчилсэн. Түүний амнаас удаан хугацаагаар хаалттай цоргыг нээсэнтэй адил ивээл хайрын үгс хүч түрэн урсан гарсан.Бо 90.3

    Хувиа хичээсэн, хувийн хүслээ хангах гэсэн дэлхийн хүслээс холдон зайлж, амьдралын хэрэгцээ нь их ч гэсэн Бурханы хайр болон гэрэл гэгээг хүлээн авсан хүмүүс бол ивээгдсэн хүмүүс юм гэж Тэрээр тунхагласан. Есүс сүнсээр ядуу, уйтгарлаж гунигласан, хавчигдагч хүмүүст гараа алдлан дэлгээд, «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая» гэж хэлсэн. Матай 11:28.Бо 91.1

    Есүс хүн бүрээс эцэс төгсгөлгүй боломжуудыг олж хардаг. Тэрээр хүмүүсийг Өөрийнх нь өршөөл нигүүлслээр өөрчлөгдөн шинэчлэгдэж, «бидний Бурхан Эзэний ивээл»-ийг авахыг хүсдэг. Дуулал 90:17. Тэрээр хүн бүрийг итгэл найдварын харцаар харж, итгэл найдварыг мэдрүүлдэг байсан. Тэрээр хүмүүст анх уулзахдаа өөртөө итгэх итгэлийг өгөөд дараагаар Өөртөө итгэх итгэлийг өгдөг байсан. Тэрээр хүний хүрэхийг эрмэлзэх төгс жишээг харуулж, тэд нарт хүний хүсэл, итгэл найдвар, агуу зүйлсийг бүтээх хүсэлд автагдуулан, нойрноос нь сэрээдэг байв. Гутаагдан доромжлогдож, уналтанд орж доройтсон хүмүүс Түүнийг олж хараад өөрсдийгөө дорой хүн болохоо олж хараад, Түүний хувьд үнэ цэнэтэй гэдгээ батлан харуулахыг хүсэж мөрөөдөх болсон. Ариун шударга зүйлсийг мэдрэхээ больсон үхмэл зүрх сэтгэлтэй хүмүүсийн зүрх сэтгэл шинэ мэдрэмжтэй болж сэргэдэг байв. Сэтгэлээр унан гутарч байсан олон хүмүүст шинэ амьдралаар амьдрах боломж нээгдэж байлаа.Бо 91.2

    Христ хүмүүсийн зүрх сэтгэлийг хайр болон бүхнээ зориулах байдлаар Өөртэйгөө холбосон ба үүнтэй адил холбоосоор хооронд нь холбож өгдөг байсан. Христтэй хамт байгаа нөхцөлд хайр бол амьдрал, амьдрал бол үйлчлэл болж хувирдаг. Тэрээр, «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэж хэлсэн. Матай 10:8.Бо 91.3

    Христ зөвхөн загалмай дээр Өөрийгөө хүн төрөлхтний төлөө өргөл болгон өргөсөн юм бишээ. Тэрээр, «сайныг үйлдэж явахдаа” (Үйлс 10:38), өдөр бүр Өөрийн амьдралыг бусдын төлөө бүрэн зориулж байлаа. Ийм амьдралыг зөвхөн нэг л арга замаар дэмжиж, тэтгэх боломжтой. Есүс Бурхантай харилцан, бүхнээ Түүнд л найддаг байсан. Хамгаас Агуу Нэгэний нууц газар, Агуу Хүчирхэг Нэгэний халхавчин доор хүмүүс өөрчлөгдөн засагддаг. Тэд хэсэг зуур Бурхантай холбоотой байснаар агуу хүндэтгэлтэй үйлс амьдралд нь ил тод харагдаж эхэлдэг. Яваандаа тэдний итгэл нь нурж, Бурхантай тогтоосон харилцаа нь тасарч, амьдралын турш босгон байгуулсан үйлс нь нурж эхэлдэг. Есүсийн амьдрал тогтмол итгэл найдвараар удирдуулж, тогтмол Бурхантай холбоо тогтоож, Түүний диваажин болон дэлхийн төлөө үйлчилж байгаа үйлчлэл ямар ч алдаа дутагдал, гуйвж дайвах зүйлгүй болдог байв.Бо 92.1

    Есүс хүн болж ирсний хувьд хүн төрөлхтнийг Бурхантай холбох диваажингийн үйл явцыг өрнөтөл Бурханы хаан ширээнээс ивээлийг гуйж байлаа. Бурханаас амьдралыг хүлээн аваад, Тэрээр хүнд амьдрал бэлэглэсэн.Бо 92.2

    “Түүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ. » Иохан 7:46. Христ зөвхөн бие махбод, оюун ухаанд нөлөөлөх эсвэл онол, таамаглал ярьж байсан бол дэлхийн жишгийн дагуу л ярьж байсан хэмээн тооцогдох байсан. Тэрээр олон зууны туршид бүх хүч чадлаа дайчлан судлан ойлгох агуу нууцуудыг нээж өгч болох байсан. Тэрээр дэлхийн төгсгөлийн цаг үе хүртэл бодол санааг зугаацуулах, шинэ нээлт гаргах хүсэл зоригийг бадраасан шинжлэх ухааны зөвлөгөөг өгч болох байсан. Гэвч Есүс эдгээрийг зааж сургаагүй. Тэрээр хувиа хичээх бузар хүслийг дөвийлгөн, дэмжих, хоосон сонирхол татахуйц ганц ч үгийг хэлж байгаагүй. Есүс хий хоосон онолоор хөөцөлдөөгүй, харин ч хүний зан чанарыг хөгжүүлэх чухал зүйлсийг хэлж өгсөн. Тэрээр Бурханыг таньж мэдэж болох чадвараа хэрхэн нэмэгдүүлэх, сайныг үйлдэх хүч чадлаа хэрхэн нэмэгдүүлэх талаар ярьж хэлсэн. Тэрээр амьдралыг зөв удирдан авч явах, хүнийг мөнхийн амьдралтай холбох үнэний талаар зааж, ярьж байсан.Бо 92.3

    Тэрээр хүмүүст Бурхан, Түүний үг, үйлсийн талаар гаргасан хүний онол, таамаглалыг судлахын оронд Түүний үйлс, үг, ивээл хайрын ивээл рүү хараагаа шилжүүлээсэй гэж хүссэн. Тэрээр хүмүүсийн оюун ухааныг Төгс Нэгэний оюун ухаантай холбосон.Бо 93.1

    Хүмүүс, «Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа. » Лук 4:32. Оюун ухааныг сэргээх, хүсэл зоригийг бадраах, бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны чадварыг бүрэн эрчимжүүлэх үгсийг Түүнээс өөр зааж байсан хүн байсангүй.Бо 93.2

    Христийн сургаал дэлхийг хайр энэрэл адил тэврэн авч байсан. Түүний заасан хичээлүүд амьдралын нөхцөл байдал, хүний амьдралд мэдрэгдэж буй хямралыг хөндөхгүй өнгөрч байсангүй, зааж сургасан зарчим нь сургамж болж чадалгүй үе гэж байсангүй. Багш хүмүүжүүлэгчид Хааны үгс болон Түүнтэй хамтран ажиллахаар шийдсэн хүмүүсийн хувьд эдгээр сургаалууд дэлхийн төгсгөл хүртэл маш үнэтэй зааварчилгаа болох юм.Бо 93.3

    Түүний хувьд одоо болон ирээдүй, ойрын болон холын зүйлс нэгдмэл утга агуулдаг байв. Тэрээр бүх хүн төрөлхтний хэрэгцээнд анхаарлаа хандуулж байсан. Түүний оюун ухааны өмнө хүн төрөлхтний бүх хичээл зүтгэл, амжилт, уруу таталт, хямрал цөхрөл, бэхшээл зовлон дэлгээтэй байлаа. Бүх хүмүүсийн зүрх сэтгэл, бүх гэр бүлүүд, бүх зугаа цэнгэл, баяр хөөр, хүсэл зорилгуудыг Тэрээр мэддэг.Бо 93.4

    Тэрээр зөвхөн бүх хүн төрөлхтний төлөө бус харин бүх хүн төрөлхтөнд хандан ярьж байсан. Есүсийн сургаал амьдралын баяр хөөр, үүрийн гэгээ болох бяцхан хүүхдүүд, эрч хүч, эцэж цуцашгүй зорилгоор удирдуулсан зүрх сэтгэлтэй залуус, ид хүч чадлаа бахдуулж байгаа, амьдралын хэрэгцээ, хариуцлагаа үүрч яваа хүмүүс, сульдаж, ядарсан настайчууд буюу хүн төрөлхтний бүх цаг үе, газар нутагт амьдарч буй хүн бүрт зориулагдсан.Бо 94.1

    Есүсийн зааж сургасан сургаал энэ үе болон ирээдүйн цаг үе, харагдах болон үл харагдах зүйлс, жирийн амьдралд өрнөж байгаа үйл явдал болон ирэх амьдралын чухал ач холбогдолтой үйл явдлуудыг хамруулсан байдаг.Бо 94.2

    Тэрээр энэхүү амьдралыг мөнхийн сонирхолтой нийцүүлэн тохиромжтой, жинхэнэ ач холбогдолтой болгон өгсөн боловч амьдралын чухал хэрэгцээг үгүйсгээгүй. Тэрээр Диваажин болон дэлхий хоорондоо холбоотой болсон, Бурханы үнэний мэдлэг биднийг өдөр тутмын амьдралын үүргийг илүү сайн гүйцэтгэхэд бэлтгэж өгч байдаг гэж зааж сургасан.Бо 94.3

    Түүний хувьд учир утгагүй, зорилгогүй зүйлс гэж байгаагүй. Хүүхдүүдийн тоглоом наадам, хүний зовлон бэрхшээл, амьдралын зугаа цэнгэл, санаа зовнил, сэтгэлийн дарамт зэргүүд нь Бурханы хүн төрөлхтнийг өндөрт өргөх гэсэн хүслийг мэдүүлэх зорилготой байлаа.Бо 94.4

    Есүсийн амнаас гарсан Бурханы үг хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ эрч хүч, утга санааг хоногшуулж байсан. Түүний сургаал бүтээлийг шинэ гэрэл гэгээтэйгээр харах боломжийг бий болгосон. Байгаль дэлхийн гэм нүглээр харанхуйлагдан бүдгэрсэн сургамж дахин хүчтэйгээр гэрэлтэн цацрах боломжтой болсон. Амьдралын бүх л баримт баталгаанууд, мэдрэмжүүдээс Бурханы хичээл, Бурхантай холбоо тогтоох боломжууд илрэн харагдаж байлаа. Бурхан дэлхий дээр дахин орших болж, хүний зүрх сэтгэл Түүний оршихуйг мэдрэх болсон, дэлхий Түүний хайраар бүрхэгдэв. Диваажин хүний байгаа газар хүрэлцэн ирсэн байлаа. Христээр дамжуулан хүн Бурханыг хүлээн зөвшөөрч, Тэрээр хүмүүст мөнхийн амьдралын мэргэн ухааныг нээж өгсөн.Бо 94.5

    “Иммануель, . . . Бурхан бидэнтэй хамт.”Бо 95.1

    Бурханы илгээсэн Багш дээр жинхэнэ боловсролын ажил төвлөрч байдаг. Мянга найман зуугаад жилийн өмнө эхлүүлсэн Есүсийн ажлын талаар Аврагч дараах үгсийг өгүүлсэн байна —Бо 95.2

    «Би бол эхэн ба эцэс бөгөөд, амьд Нэгэн мөн. » «Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. » Илчлэлт 1:17, 18; 21:6,.Бо 95.3

    Ийм Багшийн оршихуйд зогсоод, тэнгэрлэг боловсролыг авах боломж нээгдсэн байхад, Түүнээс салангид байж, боловсрол олохыг хичээхээс илүү мунхаглал гэж байх болов уу—Мэргэн Ухаанаас хөндийрөөд ухаалаг болох гэж хичээх нь, Үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө үнэнээр амьдрах нь, Гэрлээс зугатасан мөртлөө гэрэл гэгээтэй болохыг хичээх нь, амьгүйгээр болох шийдвэрийг гаргавч амьдрахыг хичээх нь, амьд усны Эх Ундаргаас хөндийрөн, ус хадгалах боломжгүй сав дотор ус хадгалах гэж хичээх нь мунхаглал биш гэж үү.Бо 95.4

    Харагтун, Тэрээр биднийг, “Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно. «Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно” хэмээн Есүс хүмүүсийг Өөртөө дахин урин дуудаж байна. Иохан 7:37, 38; 4:14.Бо 95.5

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents