Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    1—Иерусалимын Сүйрэл

    «Xэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Xарин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм.” Лук 19:42-44. {АМ 17.1}Aм 19.1

    Есүс Чидун уулын энгэрээс Иерусалимыг харав. Түүний өмнө тогтуун, амар амгалан дүр зураг үзэгдэнэ. Дээгүүр Өнгөрөх баяраар бүхий л газраас Иаковын үрс үндэсний их баяр ёслолоо тэмдэглэхээр хуран цугларчээ. Цэцэрлэг болон усан үзмийн талбайн голд аянчдын асруудаар чимэглэгдсэн ногоон дэнж, сарнайн дэвсэгт толгод, дээдсийн орд харшууд болон Израилийн нийслэл Иерусалимын сүрлэг хана хэрэм харагдана. Сионы охин бардамнан, би хатан суусан бөгөөд уй гашуу үзэхгүй хэмээн хэлж буй мэт харагдана. Тэрээр хэдэн зууны өмнө энэ тухай хааны найрал дуучид «Бүх дэлхийн баяр хөөр болох, хойд хязгаарт буй Сион уул буюу Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм» (Дуулал 48:2) хэмээн магтан дуулсан тул хайр булаам, тэнгэрийн таалалд нийцсэн, айх аюулгүй төсөөллийг төрүүлнэ. Сүмийн гайхамшигт барилга сүрлэг харагдана. Жаргах нарны шаргал туяанд гантиган чулуун хана нь цас мэт цайж, алтан хаалга ганжир дээврүүд нь гялалзан харагдах аж. Үзэсгэлэн төгөлдөр сүм Еврей үндэстний бахархал ажээ. Ийм дүр зургийг хараад баясал бахдалд автахгүй өнгөрөх Израиль хүн гэж байхгүй дээ? Гэвч үүнээс өөр алс холын зөн Есүсийн толгойд эргэлдэнэ. «Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад уйлав” Лук 19:41. Түүний сүр жавхлантайгаар хотод орж ирэхийг үзээд даян дэлхий догдолж, дал модны мөчир найгаж, магтаалын дуу уул толгодыг сэрээж байхад, дэлхийн Аврагч гэнэтийн бөгөөд нууцлаг уй гашууд автлаа. Хүч чадлаараа үхлийг ялж, үхлийн эрхшээлд байгчдыг булшнаас дуудан гаргасан Бурханы Хүү, Израилийн Амлагдсан Нэгэн ер бусын гуниг зовлонд дарагдав.{AM 17.2}Aм 19.2

    Тэрээр хаашаа зүглэж буйгаа сайн мэдэж байсан хэдий ч унагаж буй нулимс нь Өөрийн төлөө байсангүй. Түүний өмнө Гетсеманы цэцэрлэг буюу удахгүй эдлэх зовлонгийнх нь дүр зураг үзэгдэнэ. Олон зууны туршид өргөлийн золиос бологчдын туугдан орж байсан Хохины хаалга Түүнийг «Нядлагдахаар хөтлөгдөх Хурга шиг” ирэхэд өмнө нь нээлттэй байна. Исаиа 53:7. Цовдлох газар буюу Калвар холгүйхэн байлаа. Гэвч энэ аймшигт үйл явдал Түүнийг баяр ёслолын цаг мөчид гашуудуулсан юм биш. Дааж давшгүй зовлон эдлэх гэж байгаа нь Түүний өөрийгөө умартах сэтгэлийг бөхөөгөөгүй. Харин Авралдаа багтаан ивээлээ үзүүлэхээр зорин ирсэн хүмүүсийн хатуу зүрх, харалган сэтгэлээс болж Тэрээр Иерусалимын золгүй олон мянган ардын төлөө гашуудан уйлжээ.{АМ 18.1}Aм 20.1

    Сонгосон хүмүүстээ үзүүлсэн Бурханы онцгой хайр, халамжуудаар дүүрзи мянга гаруй жилийн түүх Есүсийн өмнө харагдана. Хүлцэнгүйгээр тахил болохоор Абрахамын өмнө тахилын ширээн дээр хүлээтэй хэвтэж байсан газар буюу Бурханы Хүү тахилын бэлгэ тэмдэг болсон Мориа уул сүндэрлэн харагдаж байв. Тэр газар Аврагч алдраа дуурсган ирж, авралын гэрээгээ байгуулна гэсэн амлалт Абрахамд өгөгдсөн юм. Эхлэл 22:9,16-18. Тэнд тахилын гал Орнаны үтрэмээс тэнгэр өөд бадамлан, сүйрлийн тэнгэр элчээс аврагдан хэлтрүүлэгдсэн (Шастирын дээд 21) энэ бүх үйл явдал гэм нүгэлт хүний төлөөх Аврагчийн зуучлал, золиослолын бэлгэдэл болсон юм. Бурхан Иерусалимыг дэлхийн бүх газруудаас өндөрт өргөмжилсөн юм. Эзэн «Сионыг сонгож ... түүнийг Өөрийн орших газар болгохыг хүссэн юм» Дуулал 132:13. Тэнд ариун эш үзүүлэгчид үеийн үед сэрэмжлүүлгийн үгсээ айлдаж, тахилчид утлагын бойпороо даллахад, утаа нь мөргөлчдийн залбирлыг тээн Бурханы оршихуйд очдог байв. Тэнд өдөр бүр тахил болон нядлагдсан хурганы цус Бурханы Хургыг төлөөлж байлаа. Тэнд Ехува өршөөл нигүүлслийн хаан суудлын дээрээс үүлсээр дамжуулан оршихуйгаа илчилж, тэнгэр газрыг холбож, (Эхлэл 28:12; Иохан 1:51) дэлхийг хамгийн ариун газарт очих замыг нээн өгчээ. Бурханы тэнгэр элч нар өгсөж, урууддаг нууцлаг шат оршиж байлаа. Хэрэв Израиль үндэстэн Бурханд үнэнч байсан бол Иерусалим үүрд Бурханы сонгосон хот байх байв. Иеремиа 17:21-25. Харамсалтай нь Бурханы сонгосон хүмүүсийн түүх итгэлээсээ няцаж, эсэргүүцсэн түүхээр дүүрэн байлаа. Тэд Бурханы нигүүлсэл уучлалыг голж, эрх ямбаа хэтрүүлж, боломж завшаанаа үл тоосон аж.{АМ 18 2}Aм 20.2

    Израиль «Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан» (Шастирын дэд 36:16) боловч Бурхан Өөрийгөө «Өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр үнэнээр бялхам» (Египетээс гарсан нь 34:6) Эзэн Бурхан болохоо харуулжээ. Тэрээр байнгын эсэргүүцлийг нь үл харгалзан, үлэмж нигүүлслээрээ уриалан дуудсаар байв. Хүүгээ өрөвдөн хайрлах эцгийн энэрэл хайраас илүү сэтгэлээр Бурхан «Элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үгээ илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болох Өөрийн орших газрыг энэрсэн билээ.» Шастирын дэд 36:15. Бурхан зэмлэж, буруутгаж, гуйж царайчлаад нэмэргүй болох үед диваажингийн хамгийн эрхэм нандин Бэлгийг илгээсэн. Бурхан тэр нэгэн Бэлэгт бүх диваажинг багтаан өглөө.{АМ 19.1}Aм 20.3

    Гэмших сэтгэлгүй хотыг Бурханы Хүү биеэрээ уриалан дуудахаар илгээгджээ. Израилийг Өөрийн усан үзмийн мод болгохоор Христ Египетийн боолчлолоос чөлөөлсөн юм. Дуулал 80:8. Замд нь хөндөлссөн харь үндэстнүүдийг Тэрээр сөнөөжээ. Христ ард түмнээ «Үржил шимтэй даваан дээр» суулгаж, хамгаалалт, халамжаараа нөмрөн авсан билээ. Зарц нар нь Израилийг босгон байгуулахаар илгээгджээ. Тэрээр «Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?” (Исаиа 5:1-4) хэмээн дуу алдав. Христ сонгож авсан модноосоо усан үзэм ургана хэмээн хүлээсэн боловч мод зэрлэг жимс ургуулжээ. Гэвч Тэрээр сүйрлээс аврагдаж юуны магад, үр жимс ургуулж магадгүй гэж бодон Өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Тэрээр модны хөрсийг сийрүүлж, тайрч, тордож эхэллээ. Христ тарьж ургуулсан модоо аврахаар эцэж, цуцалгүйгээр зүтгэсэн юм.(АМ 19.2)Aм 21.1

    Гурван жилийн туршид алдар болон гэрлийн Эзэн ард түмнийхээ дунд үйлчилсээр иржээ. «Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээж, сайныг үйлдэж», гашуудагчдыг тайвшруулж, олзлогчдыг чөлөөлж, сохруудад хараа оруулж, үхэгсдийг амилуулж, ядууст сайн мэдээг дэлгэрүүлжээ. Үйлс 10:38; Лук 4:18; Матай 11:5. Тэрээр нийгмийн бүх давхаргын хүмүүст хандан «Эцэж туйлдан, хүнд дарамт үүрсэн хүмүүсээ, бүгд Над руу ир. Би та нарт амралтыг өгье» Матай 11:28, гэсэн уриалгаа өгсөн юм. {AM 20.1}Aм 21.2

    Сайны хариуд мууг, хайрын хариуд үзэн ядалтыг авсан боловч (Дуулал 109:5) Христ уучлал өршөөлөө тууштайгаар үзүүлсээр байв. Нигүүлслийг хүсэн ирсэн хэнийг ч Тэр цааш түлхээгүй. Орон гэргүй өдөр бүр үзэн ядагдан буруушаагдсан Тэрээр хүмүүсийн зовлонг нимгэлэн, хэрэгцээг нь хангаж, хүмүүсээс мөнх амийг бэлэг болгон авахыг гуйж байв. Чулуу шиг хатуу зүрх сэтгэлтэй хүмүүс Түүний нигүүлслийг цааш түлхэж байсан ч Түүний энэрэл хайр зүйрлэшгүй ихээр далайн хүчтэй түрлэг болон ирсээр байв. Гэвч Израиль хамгийн эрхэм Анд, цорын ганц Туслагчаасаа татгалзав. Тэд хайраар удирдуулан хэлсэн үгийг нь үзэн ядаж, зөвлөгөөг нь үл тоомсорлож, сануулга сэрэмжлүүлгийг нь тохуурхан хүлээн авчээ.{АМ 20.2}Aм 21.3

    Өршөөл уучлалын цаг өнгөрөн одсоор байв. Бурханы удаан тэвчсэн уур хилэн нь савнаасаа хальжээ. Урвалт шарвалт тэрслэлийн хар үүл олон зууны туршид хуримтлагдаж нүгэлт хүмүүс дээр үер болон буухад, Израиль дээр буун ирж буй сүйрлээс аврах цорын ганц Нэгэнийг ард түмэн доромжлон гутааж, зүхэж, үл тоож удахгүй загалмайд цовдлоход бэлэн болжээ. Есүс Калварын загалмайд хадагдах тэр үед Израиль Бурханы тусгай уучлал, өршөөл, нигүүлслийг авсан үндэстэн байхаа болих байв. Цорын ганц хүн ч авралаа алдах нь дэлхийн хэмжээлшгүй их баялаг, олз ашгаас илүү хохирол гэж тооцогдоно. Есүс Иерусалимыг тольдон харахад Бурханаар сонгогдож, Түүний үнэт эрдэнэ болсон үндэстэн, мөн хот нь бүхэлдээ сүйрэхэд бэлэн болжээ. (AM 20.3)Aм 22.1

    Эш үзүүлэгчид Израилийг Бурханаас урваж гэм нүглийнхээ аймшигтай шийтгэлийг үүрэх талаар гашуудан байж зөгнөсөн юм. Иеремиа Эзэний ард түмэн харь үндэстэнд олзлогдоход, олзлогдсон хүмүүсийн төлөө өдөр шөнөгүй уйлан хайлах усан нүдийг хайрлаач хэмээн гансарч байлаа. Иеремиа 9:1,13:17. Тэгвэл жилүүдийг биш зуунуудын тэртээхийг тольдогч Христийн уй гашуу хэр их байсан гэж бодно! Тэрээр урт хугацааны туршид Ехувагийн оршин байсан хотыг сүйрүүлэхээр илдээ өргөсөн сүйрлийн тэнгэр элчүүдийг харж байв. Хожим Тит болон түүний цэргүүдийн хотыг ажиглан зогсох Чидун уулын энгэрээс Христ харийн үндэстэнд бүслэгдсэн хотын хана, ариун дуган, хааны өргөө элэг эмтрэм байдлаар сүйрэхийг нулимс дуслуулан харж байв. Бүслэгдсэн хот дотор талх нэхэн орилох эх хүүхдийн дууг сонсож байлаа. Тэрээр хотын ариун, үзэсгэлэнт төгөлдөр байшин барилга, орд харшууд дүрэлзэн шатахыг, суурин дээр нь зөвхөн үнс нурам үлдэхийг урьдчилан харсан юм.{АМ 21.1}Aм 22.2

    Христ алс ирээдүйд Бурханы гэрээ байгуулсан ард түмэн нь элсэн «Эрэг дээр сүйрсэн усан онгоцны сэг шиг” газар сайгүй бутарсан байхыг харав. Хот дээр буух цаг зуурын шийтгэлээс Христ эцсийн шүүлтийн үед дэлхий дээр буун ирэх ёстой уур хилэнгийн багахан хэсгийг харж байлаа. Түүний хэлсэн үгэнд тэнгэрлэг харуусал, хайр энэрэл шингэсэн байв. «Иеру салимаа, Иеру салимаа чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чи чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаан хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.” Бусдаас илүү хайрлагдсан үндэстэн ямар шийтгэл эдлэх гэж байгаагаа болон хэрхэн амар амгалан оршиж байснаа ухаардаг ч болоосой. Би ёсыг тогтоохоор шударга тэнгэр элчээ илгээж хүмүүсийг гэмшилд дуудсан боловч гэмшсэнгүй. Хотынхон зөвхөн Бурханы зарц, төлөөлөгч, эш үзүүлэгчдийг үл тоож, доромжилсон юм биш, тэд Аврагч, Израилийн ариун Нэгэнд тийн хандсан юм. Чиний сүйрэл бол чиний л үүрэх хариуцлага. «Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсэхгүй.” Матай 23:37; Иохан 5:40.{AM 21.2}Aм 22.3

    Христ Иерусалим хотоос итгэлгүй байдал, эсэргүүцлээсээ болж зүрх нь хатуу болсон дэлхий удахгүй Бурханы шүүлтэнд орохыг олж харжээ. Гэм нүгэлт хүн төрөлхтний эмгэнэл Христийн зүрхийг гашуудуулсан тул Тэрээр зүйрлэшгүй гашуун нулимс унаган, дуу алдав. Хүн төрөлхтний зовлон шаналал, нулимс, цусаар дүүрсэн түүх Түүнд үзэгдэж байлаа. Түүний зүрх дэлхийн зовж шаналж буй хүн бүрийн төлөө санаа зовж, нигүүлсэлд автаж, тэднийг чөлөөлөхийг хүсэж байв. Гэвч Бүтээгч хүртэл хүн төрөлхтний дээр буух зовлон зүдгүүрийг хаацайлж хүчирхээргүй болжээ. Учир нь авралын цорын ганц Эх Ундаргыг цөөхөн хүн л эрж хайж байгаа билээ. Хүнд аврал өгөхийн тулд Христ өөрийгөө үхэлд тушаахад бэлэн байсан, харамсалтай нь цөөхөн хүн амиа аврахаар Түүнд хандахаар байв.{АМ22.1}Aм 23.1

    Тэнгэрийн эрхэм дээд Нэгэн нулимс дуслуулан байлаа. Агуу Бурханы Хүү сэтгэл зүрхээрээ шаналж, уй гашуудаа автан тэргүүнээ гудайлгасан билээ. Энэхүү дүр зураг Диваажинг бүхэлд нь гайхалд автуулав. Энэ үйл явдал нь нүгэл гэгч ямар аймшигтай болохыг илчилж байв. Мөн Хязгааргүй Хүчит Бурханы хувьд нүгэлтнийг Бурханы хуулийн шийтгэлээс аврах нь ямар хэцүү болохыг харуулж байв. Есүс эцсийн үеийнхэн Иерусалимынхан хэрхэн хууртагдсан шиг хууртагдахыг зөгнөн харж байлаа. Еврейчүүд Христийг үгүйсгэсэн аймшигтай нүгэл үйлдсэн бол, Христэд Итгэгчид Диваажин болон дэлхий дээрх Бурханы засаглалын үндэс болох Бурханы хуулийг үгүйсгэх нүглийг үйлдэх болно. Нүглийн боолчлолд орж Сатаны зарц болж, хоёр дахь үхлээр үхэх тавилантай болсон сая сая хүн эцсээ хүртэл үнэний үгсийг сонсохоос татгалзах болно. Ямар аймшигтайгаар сохорч, ямар аймшигтайгаар хууртагдана вэ!{АМ 22.2}Aм 23.2

    Есүс Дээгүүр Өнгөрөх баяр болохоос хоёр хоногийн өмнө, Еврейн удирдагчдын хуурамч байдлыг буруушаан сүмээс эцсийн удаа гарч, дагалдагчдын хамт Чидун ууланд очиж, ногоон зүлгэн дээр сууцгаан хотыг ширтэн харж байв. Есүс хотын цамхаг, хана хэрэм, орд харшуудыг ажиглан харж байлаа. Тэрээр ариун уулан дээр залрах үзэсгэлэнгийн титэм хийгээд нүд гялбам сүр жавхлант сүмийг лавшруулан ажиглажээ. {AM 23.1}Aм 23.3

    Мянган жилийн тэртээд дуулаач Бурхан Израилийг таалалдаа багтаан ариун сүмд орших болсныг магтан дуулж байсан юм. Түүний асар Салемд бий. Түүний орших газар ч бас Сионд бий», «Иуда овгийг, өөрийн хайрласан Сион уулыг сонгосон. Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг, Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон» Дуулал 76:2; 78:68,69. Израилийн түүхийн амжилтаар хамгийн дүүрэн үед Иерусалимын анхны сүм баригджээ. Энэ зорилгын төлөө Давид хаан том, том агуулахууддаа эрдэнэс цуглуулан дүүргэж, Бурханы туслалцаатайгаар зураг төслийг нь гаргасан байна. Шастирын дээд 28:12,19. Израилийн хамгийн мэргэн хаан Соломон сүмийг барьж босгосон. Энэ сүм дэлхийд урьд өмнө баригдаж байгаагүй гайхамшигт бүтээл болжээ. Гэвч эш үзүүлэгч Хаггайгаар дамжуулан Иерусалимын хоёр дахь сүмийн талаар зөгнөн, «Энэ өргөөний хожмын сүр жавхлан нь урьдынхаасаа илүү агуу байх болно.» «Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” Хаггай 2:9,7 хэмээсэн байна.(АМ 23.2)Aм 23.4

    Небухаднезар хаан сүмийг нураасны дараа Христийг мэндлэхээс таван зууны тэртээд удаан хугацааны цөллөгөөс болж цөлмөгдөж, үл тоогдсон нутагтаа буцаж ирсэн ард түмэн сүмээ сэргээн босгожээ. Тэгэхэд тэдний дунд Соломоны барьсан сүмийн сүр жавхланг харж байсан хүмүүс удаах нь урьдынхаасаа энгийн, дорд болохыг хараад гашуудан уйлж байв. Хүмүүст төрж байсан сэтгэгдлийг эш үзүүлэгч хурцаар дүрслэн «Энэ сүмийг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн та нарын дунд үлдэв үү? Одоо энэ сүм чамд ямар харагдана вэ? Энэ нь та нарт юу ч үгүйтэй адил харагдахгүй байна гэж үү» Хаггай 2:3; Езра 3:12 хэмээн өгүүлжээ. Гэвч энэ үед Бурхан хожмын үед баригдах сүм урьдынхаасаа илүү агуу болно гэж амласан юм.{AM 23.3}Aм 24.1

    Хожим баригдсан сүм сүр жавхлангаараа урьдынх шигээ байж чадаагүй. Анхны сүмд Бурханы оршихуй үзэгдэж байсан шиг хожмын сүмд Бурханы тэмдгүүд харагдаагүй. Сүм Бурханд зориулагдсаныг гэрчлэх ямар ч ер бусын хүч илэрсэнгүй. Шинээр сэргээн босгосон сүмийг Бурханы алдрын үүлс ч бүрхээгүй. Сүмийн тахилын ширээн дээрх тахилыг шатаах ямар ч гал тэнгэрээс буугаагүй. Бурханы оршихуйн гэрэл сүмийн хамгийн ариун газар дахь хамгаалагч херуб тэнгэр элчүүдийн дунд оршсонгүй. Гэрээний авдар, өршөөлийн суудал, гэрчлэлийн хавтангууд байсангүй. Бурханы хүслийг асуух тахилчид Эзэн хүслээ мэдүүлэхээр тэнгэрээс үгээ хэлсэнгүй. (AM 24.1)Aм 24.2

    Зуун зууны туршид Еврейчүүд Хаггай эш үзүүлэгчийн дамжуулсан Бурханы амлалт биелэхийг дэмий хүсэн хүлээсээр байлаа. Тэдний бардамнал, итгэлгүй байдал оюун ухааныг нь харанхуйлж, эш үзүүлэгчдийн үгсийг ойлгож ухаарах боломжгүй болгожээ. Дахин сэргээсэн сүм Ехува Бурханы алдраар гэрэлтүүлэгдээгүй боловч махан биеэрээ ирсэн Бурханы Хүү буюу Бурханы гурвалын Нэг Өөрийн биеэр айлчлан ирсэн сүм байсан юм. Назар хүн болох Есүс ариун сүмийн хашаанд номлож, хүмүүсийг эдгээсэн нь үнэндээ «Үе Үеийн Хүсэл” болох Бурхан сүмдээ залран ирэх амлалтын биелэл байв. Сэргээгдсэн сүмд Христ бодитойгоор ирснээр ариун сүм өмнөхөөсөө илүү Бурханы алдраар гэрэлтсэн юм. Гэвч Израиль, тэнгэрийн санаачлагаар ирсэн бэлгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэнгэрээс ирсэн даруу төлөв Багш сүмийн алтан хаалгаар гарч явахад Бурханы алдар нь сүмээс үүрд холдон явсан юм. Ийнхүү Аврагчийн «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна” Матай 23:38 хэмээн хэлсэн үгс биеллээ олов.{АМ 24.2}Aм 24.3

    Дагалдагчид сүм сүйрэх талаар Христийн хэлсэн зөгнөлийг сонсоод айх гайхах нь зэрэгцэж, Түүний хэлсэн үгсийн утгыг ухаж мэдэхийг хүсчээ. Сүмийг сүр жавхлантай болгохын тулд дөчин жил ихээхэн хүч хөдөлмөр, ур чадвар, эд баялгийг харамгүй зарцуулсан байв. Агуу Херод хаан сүмийн барилгад Еврей үнэт эдлэл, Ромын эд хөрөнгийг хайр найргүй зарж, дэлхийг эзэрхийлж байсан хаан хүртэл элдэв бэлэг сэлтээ нэмэрлэж байв. Сүмийг сэргээн босгохын тулд асар том гантиг чулууг Ромоос авчирч сүмийн их биеийг барьсан байлаа. Дагалдагчид эдгээр нүсэр чулуунуудад Багшийнхаа анхаарлыг хандуулаад «Хараач, ямар сүрлэг том чулуунууд вэ? Ямар сүрлэг барилга вэ!” (Марк 13:1) гэцгээв. {AM 24.3}Aм 25.1

    Есүс дагалдагчдынхаа асуултанд маш ноцтойгоор «Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно” Матай 24:2 хэмээн хариулжээ. {АМ25.1}Aм 25.2

    Дагалдагчид Иерусалим сүйрэх зөгнөлийг Христ дэлхийд бодитоор ирж, дэлхийг захирч гэмшээгүй Еврейчүүдийг цээрлүүлж, сонгогдсон үндэстнээ Ромын дарлалаас чөлөөлж түр зуурын алдраа дуусгана хэмээн буруу ойлгож байв. Гэвч Эзэн тэдэнд хоёр дахь удаагаа ирэх тухай хэлсэн юм. Есүс Иерусалим дээр шийтгэл буух талаар хэлэхэд дагалдагчид ийм үйл явдал Христийн хоёр дахь ирэлт байх болов уу гэж бодож эхэлжээ. Ийнхүү дагалдагчид Чидун уулан дээр Аврагчийн дэргэд цуглараад, «Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны залран ирэх хийгээд үеийн төгсгөлд ямар тэмдэг байх вэ?” 3-р эшлэл, гэж асуув. {АМ25.2}Aм 25.3

    Ирээдүйн аймшигтай үйл явдал Бурханы нигүүлслээр дагалдагчдаас нууцлагдсан байв. Хэрэв дагалдагчид зовжшаналан амиаалдаж, Иерусалим болон сүм сүйрэх талаарх хоёр аймшигтай үйл явдлыг ойлгосон бол айдас хүйдэст нэрвэгдэж хэцүүдэх байв. Тиймээс Христ дэлхийн төгсгөлийн өмнө тохиолдох чухал үйл явдлуудыг тоймлон танилцуулжээ. Тухайн үед дагалдагчид Түүний үгсийг бүрэн ойлгоогүй билээ. Хожим нь хүмүүст Христийн заавар, зөвлөмжүүд хэрэг болох үед утга нь бүрэн тайлагдах байлаа. Есүсийн зөгнөл нь хоёр салаа утга агуулсан байв. Христийн зөгнөл Иерусалимын сүйрлийг зөгнөж байсан ч эцсийн агуу өдрийн аймшигт үйл явдлуудыг давхар танилцуулж байсан билээ.{АМ 25.3}Aм 25.4

    Есүс үгийг нь чих тавин сонсох дагалдагчдадаа үнэнээс урвасан Израиль дээр буух шүүлт болон Мессиаг хүлээн авахаас татгалзаж, Түүнийг цовдолсны хариуд ямар шийтгэл оноохыг зарлан тунхаглажээ. Аймшигтай сүйрлийн өмнө баттай шинж тэмдгүүд үзэгдэх бөгөөд энэ үйл явдал гэнэт, маш хурдан биелэгдэх болно. Тиймээс Аврагч дагалдагчдадаа «Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгчид нь уул уруу зугтааг” Матай 24:16,15; Лук 21:20,21 хэмээн зөвлөсөн юм. Хотын хананаас гадагш үргэлжлэх ариун газарт Ромын хуурамч шүтлэг газар авах үед Христийн дагалдагчид аюулгүй газар луу зугтах хэрэгтэй байлаа. Анхааруулга биеллээ олж буйг харсан хүмүүс алгуурлан, саатахгүйгээр зугтах ёстой байв. Иудейн болон Иерусалимд байгаа бүх хүмүүс зугтах дохиог авангуутаа цаг алдалгүй дутаах ёстой. Дээвэр дээр байгаа хүн үнэтэй эрдэнэсээ авах гэж гэртээ оролгүй, талбайд болон усан үзмийн цэцэрлэгт ажиллаж байгаа хүн өдрийн халуунд тайлж тавьсан дээлээ авах гэж цаг алдах ёсгүй байв. Тэд нэг хором ч сааталгүй явах ёстой, эс бөгөөс сүйрэлд өртөх юм.(АМ 25.4}Aм 26.1

    Херодын хаанчлалын үед Иерусалим үзэсгэлэн төгөлдөр байгаад зогсохгүй газар зүйн ашигтай байрлал, өндөр цамхаг, хана хэрэм, хамгаалалтын ачаар харийн эзлэн түрэмгийлэлд дийлдэхээргүй хот байв. Тиймээс хотын сүйрлийг олон нийтэд зөгнөсөн Есүсийг Ноатай адил галзуу солиотой хэмээн үл тоосон билээ. Гэвч Христ «Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй» (Матай 24:35) хэмээв. Иерусалим гэм нүглээсээ болж Бурханы хилэнг хүртэж үл итгэх байдалдаа зөрүүдэлсэн учир сүйрэх тавилантай болсон билээ.{АМ 26.1}Aм 26.2

    Эзэн эш үзүүлэгч Микагаар «Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсцгоо. Та нар цус урсгаж Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг босгодог. Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд Эзэнд түшиглэн, «Эзэн бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй” Мика 3:9-11 гэж дамжуулсан билээ.(АМ 26.2)Aм 26.3

    Эдгээр үгс Иерусалимын бузар, өөрсдийгөө зөвтгөгч оршин суугчдыг дүрсэлсэн байв. Тэд Бурханы хуулийг чандлан сахихыг шаарддаг атлаа хуулийн бүх зарчмуудыг зөрчиж байлаа. Христ ариун байдлаараа гэмт амьдралыг илчлэхэд тэд Түүнийг үзэн яддаг байв. Хүмүүс өөрсдийн гэм нүглийн үр дагаврыг Христээс болсон хэмээн гүтгэв. Тэд Түүнийг гэмгүй гэдгийг мэдэж байсан ч үндэсний аюулгүй байдлын төлөө Христийг ухуулах ёстой хэмээн үзэж байлаа. Еврейн удирдагчид «Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл Ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа” гэцгээв. (Иохан 11:48). Хэрэв Христийг золиословол тэд дахин хүчирхэгжиж, эв нэгдэлтэй ард түмэн болно гэж үзэв. Тиймээс ард түмэн тэргүүн тахилчийн шийдвэрийг дэмжиж бүх үндэстнээрээ мөхсөнөөс нэг хүн мөхсөн нь дээр хэмээн учирлаж байлаа.{АМ 27.1}Aм 26.4

    Ийнхүү Еврей удирдагчид «Цус урсгаж Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг” (Мика 3:10) босгон байгуулсан билээ. Израильчууд гэм нүглийг нь илчилсэн Аврагчаа хөнөөгөөд өөрсдийгөө Бурханы таалалд нийцэж дайснуудаасаа хамгаалагдахуйц зөв шударга хэмээн бодож байлаа. Гэвч «Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ой модот өндөрлөг газрууд болно” (12-р эшлэл) хэмээн эш үзүүлэгч зөгнөсөн билээ. {АМ 27.2}Aм 27.1

    Христ Иерусалимын сүйрлийг зарласнаас хойш Бурхан хот болон Израиль дээр буух шийтгэлийг дөчин жилийн турш хойшлуулсан юм. Хүүтийнх нь аминд хүрч, сайн мэдээг нь үл тоосон хүмүүст Бурхан ер бусын тэвчээрээ үзүүлжээ. Үр жимсгүй модны тухай сургаалт үлгэрт Бурханы Еврей үндэстэнд хэрхэн хандаж байсныг дүрслэн харуулжээ. «Бурхан үр жимсгүй модыг огтолж хая. Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой вэ?” (Лук 13:7) хэмээсэн ч тэнгэрлэг нигүүлслээрээ модыг устгалгүй хэсэг хугацаанд хүлээжээ. Еврейчүүдийн дунд Христийн зан чанар, ажил үйлсийг олон хүн таньж мэдэхгүй байсаар байлаа. Эцэг эхчүүдийнхээ үл тоомсорлосон гэрлийг үр хүүхдүүд нь хүлээн авах сонголт, боломжуудаар хангагдаж чадахгүй байв. Бурхан элч нар болон тэдний хамтрагчдаар дамжуулан хүмүүс дээр гэрлээ тусган, үнэнээ тунхаглуулсаар байлаа. Хүмүүс Христийн мэндэлсэн, хэрхэн амьдарч, нас барж, дахин амилснаас зөгнөл хэрхэн биелэгдсэнийг харах боломжтой байв. Үр хүүхдүүд нь эцэг эхчүүдийнхээ гэм нүглээр буруутгагдаагүй боловч эцэг эхчүүдэд нь өгсөн гэрлийг авахаас татгалзсанаар, эцэг эхчүүдтэйгээ адил гэм нүгэл үйлдэж, гэм нүгэл нь хирээс хэтэрчээ. {АМ 27.3}Aм 27.2

    Бурханы Иерусалимд үзүүлсэн нигүүлсэл Еврейчүүдийн гэмшдэггүй, гөжүүд занг улам өдөөсөн хэрэг болов. Еврейчүүд Есүсийн дагалдагчдыг үзэн ядаж, хавчин гадуурхсанаар өршөөгдөх эцсийн боломжоосоо татгалзсан юм. Тиймээс Бурхан цаашид хамгаалахаа байж, Сатан болон түүний элч нарыг хориглохоо больж, үндэстэн сонгосон удирдагчийнхаа мэдэлд бүрэн орсон юм. Израилийн ард түмэн муу нөлөөг ялан дийлэх хүч чадлыг өгөх Христийн нигүүлслээс татгалзаж, бузар мууд ялагджээ. Сатан зүрх сэтгэлийг эзэмдэж болох хамгийн харгис, бузар муу хүсэл тачаалыг бадрааж байв. Хүмүүс ухамсраа алдаж, сэтгэл хөдлөл, сохор уур хилэндээ толгойгоо мэдүүлэх болов. Тэд харгис зангаараа чөтгөртэй адил болжээ. Гэр бүл болон үндэстэн дотор, дээд болон дорд ангийн дунд хардалт сэрдэлт, хууран мэхлэлт, үзэн ядалт, зөрчилдөөн, тэрсэлдээн, аллага газар авч байлаа. Аюулгүй байх ямар ч боломжгүй болов. Анд нөхөд, амраг садан бие биенээсээ урваж, эцэг эхчүүд үр хүүхдээ, хүүхдүүд эцэг эхээ хөнөөж байл аа. У д ирдагчид өөрсдийгөө ч удирдан жо л оо д ох хүч чадалгүй болжээ. Хүсэл тачаалаа захирах чадалгүй тэд дарангуйлагчид болон хувирлаа. Еврейчүүд Бурханы гэм буруугүй Хүүг буруутгасан хуурамч гэрчлэлийг хүлээн зөвшөөрч байв. Худал хуурмаг гүтгэлэг өөрсдийнх нь амьдралд аюул учруулж эхэллээ. Тэд ажил үйлсээрээ «Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго» (Исаиа 30:11) хэмээн удаан хугацаанд хэлж ярьж байв. Тэдний хүсэл биелж, Бурханаас үл эмээх болов. Сатан үндэстнийг удирдаж иргэний болон шашны хамгийн том эрх мэдэлтнүүд түүгээр удирдуулж байв.(АМ 28.1)Aм 27.3

    Бузар хүчинд удирдуулсан удирдагчид золгүй хохирогчдоо олзолж тарчлаан зовоохын тулд эвлэлдэн нэгдэж, бие биенээ отож, өршөөл энэрэлгүй хөнөөж эхлэв. Сүмийн ариун дагшин газарт хүртэл аймшигт харгислалыг таслан зогсоох боломжгүй болжээ. Мөргөлчдийг тахилын ширээний өмнө цохин алж, үхэгсдийн цогцос ариун сүмд хөглөрдөг болов. Энэхүү тамын ажлыг үйлдэгчид харалган, тэрслүү таамаглалдаа хөтлөгдөн олон нийтэд Иерусалим сөнөнө гэж айсны хэрэггүй, учир нь Иерусалим бол Бурханы хот хэмээн зарлан тунхаглаж байлаа. Бүр Ромын цэргүүд сүмийг бүсэлчихсэн байхад хүртэл удирдагчид эрх мэдлээ алдахгүйн тулд хуурамч эш үзүүлэгчдийг хөлслөн, ард түмэнд Бурханы авралд найдацгаа хэмээн тунхаглуулж байв. Ард түмэн Хамгийн Дээд Нэгэн дайснуудыг нь эцсийн мөчид ялан дийлнэ хэмээн итгэж найдсаар байв. Гэвч тэнгэрлэг хамгаалалтаасаа татгалзсан Иерусалимд ямар ч найдвар үлдээгүй юм. Дотоод хямралд идэгдсэн золгүй Иерусалим, харийн цэргүүдээр хана хэрмээ нураалгаж, цэрэг дайчдаа хядуулж байхдаа хүртэл үр хүүхдээ егүүтгэж, цусаар нь гудамжнуудаа будсан байлаа.{АМ 29.1}Aм 28.1

    Иерусалимын сүйрлийн талаарх Христийн зөгнөл үг бүрчлэн биелэгдсэн юм. Түүний сэрэмжлүүлэг бодитой байсныг Еврейчүүд биеэрээ мэдэрчээ. «Та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ” Матай 7:2 гэдгийг харав. {AM 29.2}Aм 28.2

    Гамшиг сүйрлийн өмнөхөн хачирхалтай шинж тэмдэг гайхамшгууд үзэгдэв. Шөнө дундад ер бусын гэрэл сүм болон тахилын ширээг гийгүүлж байв. Жаргах нарны туяанд улайсан харагдах үүлэн дээр сүйх тэрэгнүүд болоод дайчдын тулалдаанд бэлдэж байгаа дүр зураг үзэгджээ. Шөнө ариун сүмд үйлчилж байсан тахилчид хачирхалтай дуу чимээ сонсоод айж, тэвдэж эхлэв. Газар чичирч, үй олон хүн «Эндээс зугтацгаая» хэмээн хашгирах дуу сонсогдож байв. Хатуу чулуун сууринд суулгаж, том төмөр багананд бэхлэгдсэн, хорин эр арай гэж хаадаг хотын зүүн талын нүсэр хаалгыг шөнө үл үзэгдэх хүчээр онгойлгосон байв.»— Milman, The History of the Jews, book 13.{AM 29.3}Aм 28.3

    Нэгэн хүн долоон жилийн туршид Иерусалимын гудамжаар нааш цааш явж, хотод гай гамшиг нүүрлээд байгааг зарлан тунхаглаж байлаа. Тэрээр өдөр шөнөгүй «Дорнын чимээ, Өрнийн чимээ, Дөрвөн салхины чимээ. Иерусалим болон Сүмийн эсрэг чимээ гарч байна. Хүргэд болоод бэрүүдийн эсрэг чимээ гарч байна. Бүх ард түмний эсрэг чимээ гарч байна” гэсэн сэтгэл жихүүцмээр үгсийг чанга хашгирсаар байлаа. —Ibid. Энэ гаж этгээдийг шоронд хорьж, залхаан цээрлүүсэн боловч тэрээр огт гомдоллолоогүй. Тэрээр доромжлол гутамшиг амсах бүртээ зөвхөн «Золгүй, золгүй Иерусалим” гэж хариулж байлаа. Энэ хүн зөгнөл биеллээ олж, хот эзлэгдэх үед амиа алдан дуугүй болсон юм.(АМ 30.1}Aм 29.1

    Гэсэн ч Иерусалимыг сүйрэхэд нэг ч Христэд итгэгч амиа алдаагүй. Христ дагалдагчдадаа анхааруулга өгөхөд бүгд Түүний үгсэд итгэж бүгд сүйрлийн шинж тэмдгийг анхааралтай хүлээж байлаа. Есүс, «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг” (Лук 21:20,21) гэж урьдчилан хэлсэн юм. Цестусаар толгойлуулсан Ромчууд хотыг бүсэлж байгаад гэнэт хачирхалтайгаар бүслэлтээ зогсоон ухарсан билээ. Ромын жанжин цэргүүдээ тодорхой шалтгаангүйгээр ухраахад бүслэлтэнд байгчид эсэргүүцэл үзүүлэх чадалтай болов. Энэ нь Бурхан өршөөл, нигүүлслээрээ үйл явдлыг ард түмнийхээ тусын тулд удирдсан явдал байв. Сонор сэрэмжтэй байсан Христэд итгэгчид амласан шинж тэмдгүүдийг харлаа. Аврагчийн анхааруулгыг дагасан хүн бүрт амь аврагдах боломж гарлаа. Еврейчүүд болон Ромчууд Христэд итгэгчдийг зугтахад нь саад болох боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Цестус гэнэт дутаахад Еврейчүүд Иерусалимаас гарч араас нь нэхэж эхлэв. Ийнхүү Еврей, Ром цэргүүд тулалдаж эхлэхэд Христэд итгэгчдэд хотыг орхин гарах боломж гарчээ. Христэд итгэгчдэд саад болох дайснууд үлдээгүй байлаа. Бүслэлт болох үед Еврейчүүд Майхан баяраа тэмдэглэхээр Иерусалимд олноороо цугларсан учир Христэд итгэгчдэд саад болох хүмүүс Израилийн газар нутагт байгаагүй. Ингээд Христэд итгэгчид цаг алдалгүй даруй аюулгүй газар луу, Иорданы хязгаар Переагийн нутагт орших Пелла хот уруу зугтаасан ажээ.{АМ 30.2}Aм 29.2

    Цестусын цэргийг мөшгөхөөр одсон Еврей цэргүүд тэднийг хүйс тэмтрэхээр хамаг хүчээ дайчлан довтолжээ. Ромчууд арайхийн ар талаа хамгаалж байв. Еврейчүүд маш бага хохирол амсан, их олз омогтойгоор Иерусалим хотдоо ялалт байгуулан ирэв. Гэвч энэхүү зуурдын амжилт тэдэнд ил үү их гай зов лонг авчирчээ. Израильчууд Ромчуудыг эсэргүүцэн, тэрслэх сэтгэлдээ илүү гүн автагдаж, золгүй хот үгээр хэлэхийн аргагүй гай зовлонд үтэр түргэн автагдах нөхцөлийг бүрэлдүүлсэн байна.(AM 31.1)Aм 30.1

    Тит Иерусалимыг дахин бүслэх үед, Иерусалим аймшигтай зовлон гамшигт автав. Дээгүүр Өнгөрөх баяр болж байсан тул сая сая Еврейчүүд хотод цугласан байлаа. Хотод цугласан хоол хүнсийг ухаалгаар ашиглаж байсан бол хотын хүн ам хэдэн жил хоол хүнстэй байх боломжтой байв. Гэвч нөөцийн агуулах дотоодынхоо сөрөг хүчнүүдийн атаархал, өш хонзонгоос болж цөлмөгдсөн байв. Тиймээс аймшигтай өлсгөлөн хотыг бүрхлээ. Нэг хэмжүүр улаан буудай нэг талант үнэ хүрэв. Өлсгөлөн дааж давамгүй болсон тул эрчүүд бүс, гутал, бамбайны арьсан эдлэлүүдээ идэж эхлэв. Олон хүн шөнө хотын хэрмийн гадаа ургах зэрлэг өвс түүхээр хулгайгаар гарч, ихэнх нь баригдаж, тамлуулан алуулж байлаа. Эсэн мэнд эргэж ирэгчид амиараа дэнчин тавьж олж ирснээ булаалгаж байв. Эрх мэдэлтнүүд үгээгүй хүмүүсийн нөөцөлсөн эцсийн жаахан хүнсийг дээрэмдэхийн тулд хамгийн хүнлэг бус яргаллуудыг үйлдэж байв. Энэхүү хэрцгий үйлдлийг гэдэс нь цатгалан хүмүүс ирээдүйн хоол хүнсээ нөөцлөхийн тулд байсхийгээд үйлдэж байв.(АМ 31.2}Aм 30.2

    Өлсгөлөн, тахлаар мянга мянган хүн амиа алдав. Хүний хайр энэрэл бүрмөсөн устаж алга болжээ. Нөхрүүд эхнэрүүдээ, эхнэрүүд нөхрүүдээ дээрэмдэж, үр хүүхдүүд өтөлсөн эцэг эхийнхээ амнаас хоолыг нь булааж байлаа. Эш үзүүлэгчийн «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?” гэж асуусан асуулт золгүй хот дотор хариултаа авч байв. «Өрөвдөлт эмэгтэйчүүд гараараа хүүхдүүдээ чанасан юм. Миний ард түмний охид сүйрэхдээ хүүхдүүдээрээ хоол хийсэн юм» Исаиа 49:15; Гашуудал 4:10. Арван дөрвөн зууны өмнөх өөр нэгэн зөгнөл мөн энэ үед биелжээ. «Та нарын дунд газар шороон дээр хөлөө тавьж ч зүрхлэхгүй тийм эмзэг, туяхан бүсгүй байлаа ч тэрээр хайртай нөхөр, хүү охин уруугаа, төрүүлэх алаг үр лүүгээ нүгэлт нүдээр харна. Учир нь бүслэлт, хорион дотор дайснууд чинь чамайг хаалган дээр чинь тарчлаах үед тэрээр идэх хүслээ хангахын тулд тэднийг идэх болно.» Дэд Хууль 28:56,57.{АМ 32.1}Aм 30.3

    Ромын удирдагчид Еврейчүүдийг буулгаж авахын тулд айдас хүйдэст автуулахыг хичээж байлаа. Тэд эсэргүүцэл үзүүлэн олзлогдсон хоригдлуудыг хотын хэрмийн хажууд ташуурдаж, тамлаж, загалмайд өлгөж байв. Хүмүүс энэ маягаар өдөр бүр зуу зуугаараа амиа алдаж, Калварын толгой болон Иехошафатын бэл хүртэл загалмай хүн явах зайгүй болтлоо өргөгдсөн байлаа. Пилатын шүүхийн өмнө Еврейчүүдийн «Есүсийн цүс бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг» Матай 27:25 гэж амласан үгс ийнхүү аймшигтайгаар биеллээ олов.(АМ 32.2)Aм 30.4

    Тит энэ аймшигт үйл явдлыг эцэслэж Иерусалимыг бүрмөсөн сүйрэхээс хамгаалах хүсэлтэй байлаа. Хөндий талаар үхэгсдийн цогцос овоолоостой байхыг харсан Тит эвгүйцэж байв. Чидун уулын энгэрээс сүр жавхлант сүмийн барилгыг харсан тэрээр сүмийн ганц ч чулууг хөндөж болохгүй гэж тушаасан билээ. Хотын бэхлэлт уруу дайрахаасаа өмнө тэрээр Еврей удирдагчдаас ариун сүмийг цусаар бузарлахад турхирахгүй байхыг чин сэтгэлээсээ гуйж байв. Хэрэв тэд хотоос гарч өөр газар тулалдсан бол ямар ч Ром цэрэг сүмийн ариун дагшин байдлыг бусниулахгүй байх байлаа. Иосеф Израильчуудаас амь, мөргөл үйлддэг сүмээ аврахын тулд бууж өгөхийг хичээнгүйлэн уран үгээр ятгаж гуйв. Гэвч түүний гуйлтанд хүмүүс бузар хараалын үгсээр хариу барьжээ. Хүмүүсийг царайчлан гуйж байсан эцсийн зууч руугаа хүмүүс үзүүртэй зүйлс шидэж байв. Бурханы Хүүгийн анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоосон Еврейчүүд ятгалга, гуйлга сонсонгуутаа эцсээ хүртэл эсэргүүцэх шийдвэрт хүрсэн билээ. Тит дэмий л сүмийг аврах гэж хичээж байв. Гэвч түүнээс агуу Нэгэн сүмийн нэг ч чулуу нөгөө дээрээ тогтож үлдэхгүйг зөгнөсөн билээ.{АМ 32.3}Aм 31.1

    Еврей удирдагчдын зөрүүдлэл, бүслэгдсэн хот доторх жигшүүрт хэргүүд Ромчуудын зэвүүцэл, эгдүүцлийг төрүүлсэн тул Тит сүмийг хүчээр эзлэн авахаар шийдэв. Гэвч тэрээр болж өгвөл сүмийг сүйтгэхгүй байхыг хичээж, цэргүүддээ анхааруулсан байв. Гэвч хэн ч түүний тушаалыг анхаарч үзээгүй юм. Тит шөнө майхандаа амарч байтал Еврейчүүд сүмээс гарч гэнэт довтолжээ. Тэмцэл дунд нэгэн цэргийн сүмийн халхавчаар шидсэн галт бамбар хуш модоор доторлосон өргөөнд дүрэлзэн аслаа. Тит жанжин зуутын дарга нараа дагуулан яаравчлан хүрч ирээд цэргүүддээ галыг дариу унтраахыг тушаав. Гэсэн ч хэн ч түүний тушаалыг сонсоогүй юм. Цэргүүд уур хилэнгээ барьж ядан, сүмийн залгаа өргөөнүүд рүү галт бамбарууд шидэж, тэнд нуугдаж байсан олон хүнийг илдээр хөнөөжээ. Цус сүмийн шатаар ус мэт урсаж байлаа. Мянга мянган Еврей амиа алдав. Дайн тулааны чимээн дундаас олон хүний «Икабод” буюу «Алдар холдон одлоо” гэсэн үг сонсогдож байлаа.{АМ 33.1}Aм 31.2

    «Цэргүүдийнхээ уур хилэнг хорьж дийлэхгүйгээ мэдсэн Тит цэргийн удирдагчдаа дагуулан сүмд орж, ариун дуганы дотор тал ямар болсныг шалгав. Энэ үед Ариун ордон галд хараахан автаагүй байсан бөгөөд үнэхээр гайхан биширмээр харагдаж байлаа. Тит сүмийг хамгаалахаар сүүлчийн хүчээ дайчлан, цэргүүддээ улангасан асч буй галыг унтраах тушаал өглөө. Зуутын дарга Либералис цэргүүдээ зохион байгуулж, эмх цэгцтэй байдлыг тогтоох гэж хичээж байлаа. Гэвч Еврейчүүдийн эсрэг бадарсан уур хилэн, дайнд хөөрсөн зүрх сэтгэл, дайсны олзонд шунасан сувдаг сэтгэлийн өмнө хааны нэр хүнд хүртэл хүчин мөхөстсөн билээ. Цэргүүд дүрэлзэж буй түймрийн гал дунд нүд сохлом гялалзах алтан эдлэлүүд эргэн тойронд нь гялалзахыг хараад сүмд тоолж баршгүй эрдэнэс агуулагдаж байна гэж таамагласан ажээ. Нэгэн цэрэг мэдэлгүйгээр хаалганы нугасны завсраар асаалттай бамбар шургуултал барилга агшин зуур бүхэлдээ галд автав. Хар утаа, дүрэлзэх галнаас болж цэргийн дарга нар ухарч гарахаас өөр замгүй болсноор сүр жавхлант сүмийн барилгын цогцолборын хувь тавилан тодорхой болов.{АМ 33.2}Aм 31.3

    «Энэ бүх үйл явдал Ромчуудын хувьд аймшигт зүйл байсан бол Еврейчүүдийн хувьд ямар байсныг төсөөлөхөд бэрх. Уулан дээр орших хотын оройг чимж байсан сүм галт уул адил дүрэлзэн асаж байлаа. Барилга хэсэг хэсгээрээ аймшигтайгаар нурж, галт нууранд залгиулж байгаа мэт харагдана. Хуш модон дээвэр галд автсан даавуу шиг хумиралдаж, алтадсан шовх оройнууд нь улайссан хадаас мэт болж, үүдний цамхгууд галт утаан багана мэт харагдана. Үлэмж их галаас болж зэргэлдээ уулс гэрэлтэж, хүмүүсийн хар сүүдэр сүйрлийг сэтгэл шимшрэн үзэж байгаа нь харагдана. Хотоос зайдуу өндөрлөг дээрх цайз, хана хэрмэн болон бусад газруудад байрлаж буй хүмүүсийн найдлага бүрэн тасарч, хариугаа авч чадахгүйдээ хорсон, царай нь зэвхийрчээ. Нааш цааш гүйлдэх Ром цэргүүдийн хашгираан, улалзсан галд тарчлах хүн амьтны чарлаан нь түймрийн хүрхрэх их чимээ болон барилгуудын нурах их дуу чимээтэй холилдох аж. Уулсын цуурай өндөрлөг газрууд дээр байгаа хүмүүсийн чихэнд хүрч, хотын хэрмийн дагуу уйлаан, чарлаан сонсогдож, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс хоосрол, зовлон шаналлаа эцсийн хамаг хүчээрээ шавхан илэрхийлэн хашхиралдаж байлаа.{АМ 34.1}Aм 32.1

    «Хотын дотор явагдаж буй аллага хотын гаднах аллагаас илүү аймшигтай байв. Эрчүүд, эмэгтэйчүүд, хөгшин залуу, босогчид, тахилчид, эсэргүүцэл үзүүлэгчид, амь хэлтрүүлэхийг гуйж буй бүх хүнийг ялгалгүй хүйс тэмтэрч байлаа. Алагдсан хүмүүсийн тоо алуурчдын тооноос хавьгүй илүү болжээ. Зуутын дарга нар аллагаа үргэлжлүүлэхийн тулд үхэгсдийн цогцос дээгүүр гишгэчиж байв.»—Milman, The History of the Jews, book 16. {АМ 35.1}Aм 32.2

    Сүмийн сүйрлээс хойш хот бүхэлдээ Ромчуудын гарт оров. Еврей удирдагчид бат бөх цайз хэрмээсээ дайжиж, Тит тэднийг нэг нэгээр нь олзлон авч, хаан тэднийг итгэж ядсан харцаар хараад, Бурхан тэднийг түүний гарт тушаалаа хэмээн тунхаглав. Учир нь ямар ч хүчирхэг цэргийн хүч тэдний нүсэр цайз хэрмийг эзлэн авах боломжгүй байсан юм. Хот болон сүм газартай тэгшлэгдэж, ариун ордон оршиж байсан газар «Хагалсан талбай мэт харагдаж байв.” Иеремиа 26:18. Ийнхүү сая гаруй хүн бүслэлт болон тулалдаанд амь үрэгдэж, амьд үлдэгчид нь олзлогдож, боол болон худалдагдаж, булаан эзлэгчдийн ялалтын үзүүлэн болж Ром уруу туугдаж, Амфитеатруудад зэрлэг араатны идэш болж, дэлхий даяар гэр оронгүй тэнүүчлэн явах болов.(АМ 35.2)Aм 32.3

    Еврейчүүд өөрсдийгөө дөнгөлж, өөрсдийн эсрэг өс хонзон өдөөсөн юм. Үндэстэн бүрмөсөн сүйрч, тарж бутарсан үндэстний бүх зовлон шаналал нь өөрсдийн тарьсан үйлдлийн үр дагавар байв. Эш үзүүлэгч энэ талаар «Өө Израиль, чи өөрийгөө хөнөөжээ.” «Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.» Хосеа 13:9, 14:1. Еврейчүүдэд тохиолдсон зовлонг хүмүүс Бурханы оноосон шийтгэл мэтээр тайлбарласаар иржээ. Агуу мэхлэгч ийм аргаар өөрийн бузар муу нөлөөгөө нуун далдлах гэж оролддог юм. Еврейчүүд Бурханы хайр хийгээд нигүүлслийг удаан хугацаагаар эсэргүүцсэнээрээ Бурханы хамгаалалтаас хөндийрсөн бөгөөд, ийнхүү Сатан тэднийг хүслээрээ удирдах боломжтой болсон юм. Иерусалимын сүйрэлтэй холбоотой аймшигт харгислал нь Сатан эрхэндээ орсон хүмүүсээр өс хонзонгоо хэрхэн авдаг болохыг харуулсан жишээ байв.{АМ35.3}Aм 33.1

    Христээс ямар их амар амгалан, аюулгүй байдлыг авдаг болохоо хүн бүрэн ойлгож чаддаггүй. Бурхан хүн төрөлхтнийг Сатаны эрхшээлд орохоос сэргийлэн хамгаалсаар байдаг. Зөрүүд, үл талархагч хүмүүс хүртэл муу нэгний хэрцгий, хөнөөлт хүчийг тогтоон барьж байдаг Бурханы өршөөл, тэвчээрт талархах учиртай. Бурханы нигүүлслийн тэнгэрлэг тэвчээрийг барах үедээ хамгаалалтаас нь холдон хөндийрдөг. Бурхан гэм нүгэлтэнд ноогдох шийтгэлийг гүйцэтгэгч биш. Бурхан нигүүлсэл өршөөлөөс нь татгалзагчдыг юу тарьснаа хураан авахыг нь зөвшөөрч зөнд нь орхидог юм. Эсэргүүцсэн үнэний гэрэл бүхэн, үл хайхарсан сэрэмжлүүлэг бүхэн, үл тэвчсэн шунал тачаал бүхэн, Бурханы хуулийг зөрчсөн гэм нүгэл бүхэн гарцаагүй аймшигт үр жимсийг ургуулна. Бурханы Сүнсийг удаан эсэргүүцсэнээр эцэстээ нүгэлтэн Ариун Сүнсийг хүлээн авах боломжгүй болж гэмт хүний зүрх сэтгэл бузар хүсэл тачаалаа барих ямар ч чадваргүй нэгэн болно. Иерусалимын сүйрэл Бурханы нигүүлсэл Түүний хайр ивээлүүдийг үл хайхардаг бүх хүмүүст маш чухал анхааруулга байх болно. Бурхан нүглийг ямар их жигшдэг болон гэмт хүн дээр ямар шийтгэл буух талаар урьд өмнө нь ийм тодорхой гэрчлэл өгөгдөж байгаагүй билээ.(АМ Зб.1)Aм 33.2

    Иерусалим дээр буун ирэх шүүлтийн тухай Аврагчийн зөгнөл дахин биелэх бөгөөд Иерусалимын аймшигт сүйрэл тэрхүү сүүлчийн үеийн шийтгэлийн зөвхөн сүүдэр төдий байх болно. Бурханаар сонгогдсон хотын эмгэнэлт хувь тавилангаас бид Бурханы өршөөл нигүүлслээс татгалзаж, хуулиудыг нь уландаа гишгэсэн дэлхийн сүйрлийг харж болно. Гэм нүглээр дүүрэн олон зууны туршид үйлдсэн гэм нүгэл, хүн төрөлхтний зовлон шаналлын түүх үнэхээр хар бараан ажээ. Энэ талаар бодож тунгаах бүрт зүрх өвдөж, оюун бодол чилнэ. Бурханы эрх мэдлийг эсэргүүцэхийн үр уршиг юутай аймшигтай вэ? Харамсалтай нь ирээдүй үүнээс ч бараан, үүнээс ч аймшигтай байх болно. Өнгөрсөн үеийн түүх, байнгын үймээн самуун тэмцэл, хувьсгал болон «Толгой эргэм дайн тулаан, цусанд нэвчсэн хувцаснуудаар” (Исаиа 9:5) дүүрэн байсан боловч энэ бүхэн Бурханы Сүнс бүрэн холдож, хүний шунал тачаал болон чөтгөрийн уур хилэнг цаашид тогтоон барьж хориглохоо болих тэр өдрийн аймшигт үйл явдалтай харьцуулахад юу ч биш санагдаж болно. Тэр үед дэлхий Сатанд удирдуулсныхаа уршгийг урьд хэзээ ч үзэж байгаагүйгээрээ үзэх болно.{АМ 36.2}Aм 33.3

    Харин тэр өдөр, Иерусалимын сүйрэлтэй адил Бурханы хүмүүс хамгаалагдаж тэдний нэрс амьдрагчдын жагсаалтанд багтах болно. Исаиа 4:3. Итгэлтэй хүмүүсээ цуглуулахаар Христ дахин ирнэ хэмээжээ. «Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогчдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно” Матай 24:30,31. Тэгэхэд авралын сайн мэдээг үл хайхрагчид Түүний амнаас гарах сүнс, Бурханы агуу гэрэлд устах болно. 2 Тесалоник 2:8. Бузар муу хүмүүс эртний Израильчуудтай адил өөрсдийгөө хөнөөж, ёс бус явдлуудаараа өөрсдийгөө устгана. Тэд нүтэлт амьдралаараа Бурхантай нийцэхээ больж, мөс чанар нь бузар муугаар бохирдсон байна. Тэдний хувьд Бурханы алдрын гэрэл үхлийн гал байх болно.{АМ 37.1}Aм 34.1

    Хүмүүс ээ! Христийн үгээр дамжин ирдэг сургамжуудыг үл тоомсорлохоос сэрэмжлэн, анхааралтай байгтун. Есүс дагалдагчдаа Иерусалимын сүйрлээс сэрэмжлүүлж, гамшиг ойртсоныг таньж мэдэх шинж тэмдгүүдийг таниулж, тэднийг зугтахыг уриалсан. Үүний адил Есүс дэлхийд эцсийн сүйрлийн өдрийн талаар сэрэмжлүүлсэн бөгөөд төгсгөл ойртсоныг илэрхийлэх шинж тэмдгүүдийг таниулсан билээ. Ингэснээр аврагдах хүсэлтэй хүмүүс зугтаах боломжтой болох юм. Энэ тухай Есүс «Нар cap одод дээр тэмдэг бий болж, ... газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө” Лук 21:25; Матай 24:29; Марк 13:24-26; Илчлэлт 6:12-17 хэмээв. Есүс ирж байгааг илэрхийлэх шинж тэмдгүүдийг мэдэрсэн хүмүүс «Түүний ойрхон байгааг, үүдэн дээр байгааг ... мэдэх болно” Матай 24:33. «Тиймээс сонор сэрэмжтэй байгтун” (Марк 13:35) хэмээн Есүс зөвлөж байна. Анхаарал сэрэмжтэй байгаа хүмүүс тэр өдөр харанхуйд хаягдахгүй. Тэднийг санаандгүй байхад нь гамшиг буухгүй. Харин сэрэмжгүй хүмүүсийн хувьд «Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэх болно” 1 Тесалоник 5:2-5.(АМ 37.2)Aм 34.2

    Харамсалтай нь өнөөгийн хүмүүс Иерусалимын талаар сэрэмжлүүлсэн Аврагчийн анхааруулгыг хүлээн авахдаа Еврейчүүдээс илүү хойрго хандах болно. Бурхан товлосон өдөр, товлосон цагтаа ирэх бөгөөд бурханлаг бус хүмүүсийг мэдээгүй байхад нь ирэх болно. Амьдрал урьдын адил өрнөж, хүмүүс ажил төрөл, арилжаа наймаа, мөнгө хүүлэх болон зугаа цэнгэлдээ умбаж, шашны удирдагчид дэлхийн хөгжил дэвшлийг сайшааж, хүн ард хуурамч хамгаалалтандаа найдаж, тайван унтаж байхад нь харуулгүй газар шөнө хулгайч орж ирэхийн адилаар гэнэтийн сүйрэл тоомжиргүй, бурханлаг бус хүмүүс дээр буух бөгөөд «Тэд огт зугтааж чадахгүй» ажээ. 3-р эшлэл.{AM 38.1}Aм 35.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents