Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    4—Гэм буруугаа хүлээхүй

    гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ” (Сургаалт үгс 28:13).MonSC 36.1

    Бурханы өршөөл! Юутай энгийн, ухаалаг хийгээд шударга нөхцөлд түүнийг хүртэж болох билээ! Эзэн, нүглийн уучлалыг авахын тулд өөрсдийгөө зовоож зүдрээхийг биднээс шаардаагүй. Тэнгэрээс өршөөл хүртэж, өөрснийхөө хууль бус явдлыг цагаатгахын тулд бидэнд зовлон зүдгүүр амсан алс холын газар аялж мөргөл хийх эсвэл өөрийн махан биеэ тарчлаан зовоохын хэрэг байхгүй. Нүглээ ухаарч хүлээгээд дахин үйлдэлгүй орхисон хүн өршөөгдөнө.MonSC 36.2

    Сургаал номлогч: «Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой” хэмээжээ (Иаков 5:16). Өөрийн нүгэл хйлэнцээ Бурханы өмнө хүлээцгээ, учир нь зөвхөн Тэр л түүнийг уучилж чадна. Өөрсдийн гэм бурууг нэг нэгнийхээ өмнө хүлээцгээ. Хэрэв та өөрийн анд буюу хөршийг гомдоосон бол буруугаа хүлээх ёстой, харин цаад хүний чинь үүрэг бол таныг уриалгахан уучлах.MonSC 36.3

    Дараа нь та Бурханаас уучлал гуйх хэрэгтэй, яагаад гэвэл таны гомдоосон хүн- мөн л Бурханд харьяалагддаг бөгөөд түүний сэтгэлийг эмзэглүүлснээрээ та бидний Бүтээгч хийгээд Цагаатгагчийн эсрэг нүгэл үйлдсэн байна. Ядарч туйлдахын цагт биднийг өрөвдөж, элдэв хар толбо, гэм нүглээс ариусгаж чадах цорын ганц Зуучлагч, «нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон” (Еврей 4:15) Тэргүүн Тахилчид та бүх үнэнээ яриарай.MonSC 36.4

    Бурханы өмнө өөрсдийгөө хүлцэнгүй байлгаж, гэм буруутан гэдгээ хүлээгээгүй хүмүүс, Бурхан тэднийг хүлээж авах гол болзлыг биелүүлэхгүй байна гэсэн үг юм. Хэрэв бид хожим харамсахааргүйгээр гэмшээгүй бол, хэрэв бид сэтгэл зүрхээрээ үнэнхүү даруу байж, оюун санаагаараа цөхөрч нүглээ наминчлаагүй бол, хууль бус үйлдлээ жигшин үзээгүй бол бид нүглээ уучлуулахын төлөө жинхэнэ ёсоор тэмүүлээгүй байгаа хэрэг. Үүнийг хийлгүйгээр бид Бурханы амар амгаланг олж чадахгүй билээ. Бид зүрхээ номхотгож, Бурханы Үгэнд заасан болзлуудыг биелүүлэхийг хүсэхгүй байгаа тэрхүү ганц шалтгаанаар л бидний урьдын нүгэл уучлагдалгүй үлдэнэ.MonSC 37.1

    Энэ талаар бидэнд өгсөн илт бөгөөд тов тодорхой сургаал бий. Нүглээ яаж ч хүлээлээ гэсэн олны дунд ч, Бурхантай хоёулхнаа байхдаа ч үүнийг чин сэтгэлээсээ, зүрхнийхээ угаас хийх хэрэгтэй. Үүнд албадлага байж болохгүй, бас өөрийн бурууг хөнгөмсгөөр, хальт мөлт хүлээх явдал ч байж таарахгүй. Хэрэв хүн үйлдсэн нүгэл нь, ямар жигшүүртэй муухай вэ? гэдгийг ойлгоогүй бол түүнийг нүглээ наминчил гэж шахаж шаардаж болохгүй. Голт зүрхнийхээ угаас гэмшсэн тохиолдолд л биднийг өрөвч зөөлөн сэтгэлт Бурхан хүлээж авна. Дуулалч: «Эзэн эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг” гэжээ (Дуулал 34:18).MonSC 37.2

    Өөрийн нүглийг жинхэнэ ёсоор ухамсарлах нь бодитой бөгөөд тов тодорхой байх учиртай. Зарим нүглийг зөвхөн Бурханы өмнө гэмшин хүлээж, нөгөө заримыг тэр нүглээс болж хэлмэгдсэн хүмүүсийн өмнө хүлээх ёстой болно. Харин нийгмийн өмнө үйлдсэн нүглүүдийг нийт олны өмнө гэмшин хүлээх ёстой ажээ. Гэхдээ аливаа нүглээ хүлээх явдал маш тодорхой, гэм буруугийнхаа голы нь олсон байх ёстой.MonSC 37.3

    Самуелийн амьдарч байсан өдрүүдэд Израильчууд Бурханаас холдож, нүгэл хилэнцийнхээ төлөө зовж зүдэрсэн билээ. Тэд Бурханд итгэх итгэлээ алдаж, Бурханы мэргэн ухаан, хүчин чадал өөрсдийг нь удирдаж байдгийг ойлгох сэхээгүй болсон юм. Тэд Өөрийнхөө үйл хэргийг хамгаалах Эзэний чадварт итгэхээ больжээ.MonSC 38.1

    Тэд аугаа их Ертөнцийн Захирагчаас нүүр буруулж, хөрш улс түмэнтэйгээ адил төрийн байгууламжтай байхыг хүссэн юм. Энх амгаланг олохоосоо өмнө Израильчууд «Бид өөрсөддөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн» (1 Самуел 12:19) хэмээн буруугаа ил тодоор хүлээсэн билээ. Сэтгэл зүрх нь татагдаад байсан чухамхүү тэр л нүглээ тэд гэмшин хүлээх ёстой байлаа. Тэдний хуншгүй зан сэтгэл санаагий нь шаналгаж, тэднийг Бурханаас тусгаарласан юм.MonSC 38.2

    Нүгэл үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, түүнээ залруулахгүй аваас Бурхан хүлээж авахгүй. Амьдралд шийдвэрлэх өөрчлөлтүүд гарч, Бурханыг доромжлон дайрсан бүхий л оролдлого үгүй болох ёстой. Нүгэл үйлдсэндээ жинхэнэ ёсоор гэмшсэний үр дүн ийм л байх аж. «Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшиныг зэмлэ. Өвчтөнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн” (Исаиа 1:16-17) хэмээн бидний юу хийх ёстойг тов тодорхой заажээ.MonSC 38.3

    «Хэрвээ хорон муу үйлстэн барыдаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн, амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй” (Езекиел 33:15).MonSC 38.4

    «Энэхүү бурханлаг. гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа” (2 Коринт 7:11) хэмээн номлогч Паул үнэнхүү гэмшлийн тухай бичжээ.MonSC 38.5

    Нүгэл хилэнц ёс суртахууныг үгүй хийдэг, тийм учраас нүгэлт хүн зан байдлынхаа дутагдлыг анзаарахаа больж, үйлдсэн хорлонт хэргийнхээ аюумшигийг ойлгох тэнхэлгүй болдог. Хэрэв тэр Ариун Сүнсний итгүүлэгч хүчин чадалд захирагдахгүй юм бол өөрийнхөө нүглийг бүрэн ухамсарлахгүй. Түүний гэмшил чин үнэн, буурь суурьтай болж чадахгүй. Тэр илчлэгдэхээсээ эмээж, гэм буруугаа хүлээвч сав л хийвэл тухайн нөхцөл байдлаар шалтаглан өөрийгөө зөвтгөхийг оролдох болно.MonSC 39.1

    Хориотой жимс идсэний дараа Адам, Ева хоёр их айж ичсэн байв. Тэр хоёр нүглээ яаж цагаатгаж, үхлээс яаж зайлсхийх вэ гэж л бодож байсан. Их Эзэн тэр хоёрын үйлдсэн нүглийн тухай асуухад Адам хариулахдаа «Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн, тэгээд би идсэн” хэмээн үйлдсэн нүглийнхээ заримыг Бурхан, Ева хоёр луу түлхжээ. Эхнэр нь болохоор могойг буруутгажээ: «Тэр могой намайг мэхэлсэнээс болоод би идсэн” (Эхлэл 3:12-13).MonSC 39.2

    Та яагаад могойг бүтээсэн юм бэ? Та яагаад могойг Едэний цэцэрлэгт оруулсан юм? Евагийн хариултанд эдгээр асуултууд битүүдээ хөндөгдсөн нь өөрсдийн уруу татагдсаны хариуцлагыг Бурханд тохох гэсэн оролдлого байв. Өөрийгөо зөвтгөх үзэл санааг «худал хуурмагийн эцэг» анх гаргасан бөгөөд тэр нь Адамын бүх л хөвгүүд охидод илэрдэг ажээ.MonSC 39.3

    Ийм байдлаар буруугаа хүлээхийг Ариун Сүнс дэмждэггүй, Бурхан хүлээж авдаггүй юм. Чин үнэнээсээ гэмшсэн хүн нүгэл үйлдсэн хамаг хариуцлагыг өөртөө үүрч, гэм буруугаа нэрэлхэж баашлалгүй шулуухан хүлээдэг. Тэнгэр өөд харах зүрхгүй болсон хөөрхий татвар хураагчтай адил тэрээр «Бурхан минь, нүгэлтэн намайг өршөөж үз» гэж залбирах болно. Гэм буруугаа хүлээгсэд цагаатгагдана, яагаад гэвэл Есүсийн цус, Түүний өмгөөллөөр тийм боломж буй болно.MonSC 39.4

    Бурханы айлдварт үнэнхүү гэмшил, хүлцэнгүйн жишээг дурджээ. Библид өөрийгөө уучлуулах, эсвэл зөвтгөхийг оролдолгүй буруугаа хүлээсэн хүмүүсийн тухай олонтаа өгүүлжээ. Номлогч Паул нүглээ нуугаагүй билээ. Тэрээр гэм буруугаа нимгэлэхийг өчүүхэн ч үл оролдон, аймшигт гэм нүглээ ил гаргаж тавьсан байв. Тэр «Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч тэдний эсрэг саналтай байлаа. Бүх синагогт би тэднийг дахин дахин залхаан байхдаа Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хэрцгий хандаж, бүр харийн хотуудад ч хүртэл очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв» гэжээ (Үйлс 26:10-11). Паул өчүүхэн ч гуйвж дайвалгүй «Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна” хэмээсэн билээ (1 Тимот 1:15).MonSC 40.1

    Үнэнхүү гэмшилд автсан хүлцэнгүй хийгээд энэлэнт зүрх Бурханы хайр, Голготад өргөсөн өргөлийн нэгээхэн хэсгийг ч атугай хүртэж чадах бөлгөө. Хайрт эцгийнхээ өмнө хүү нь гэм буруугаа хүлээдэг шиг үнэнхүү гэмшсэн нүгэлт хүн хууль бус бүхий л хэргээ Бурханд нээж хэлдэг. «Бид нүглээ хүлээн зөвшөөрвөөс, Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” хэмээн Библид сургадаг ажээ (1 Иохан 1:9).MonSC 40.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents