Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    7— Христэл харьяалагдахуй

    «Xэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна” (2 Коринт 5:17).MonSC 54.1

    Хүн заримдаа өөрийгөө Христэд итгэж эхэлсэн цаг хугацаа болон газар байршил, эл байдалд хүргэсэн шалтгаан нөхцлөө нарийн санахгүй байж болох юм. Гэвч энэ нь тэрээр хуучин янзандаа үлдсэн хэрэг биш ээ. Христ Никодемд «Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг» хэмээн айлджээ (Иохан 3:8). Бурханы Сүнс хүний зүрхэнд нөлөөлөх нь салхины үлээлттэй агаар нэгэн байдаг. Бид салхийг нүдээрээ эс харавч, салхи буйг мэдэрдэг.MonSC 54.2

    Хүний нүднээ үл үзэгдэх, сэргэн оргилсон сүнслэг хүч шинэ амьдралын эх үүсвэрийг тавьж, Бурханы дүрээр шинэ хүнийг бүтээдэг юм. Сүнс үл мэдэгдэм, чимээгүйхэн үйлчлэх авч Түүний үр шим нүднээ илэрхий тусна. Хэрэв хүний сэтгэл зүрх Бурханы Сүнсээр шинэчлэгдсэн бол тэр нь амьдралд заавал илэрнэ. Өөрийгөө өөрчлөн, Бурхантай эе зүйд хүрэхийн тулд бид дан ганцаар юуг ч хийж чадахгүй. Бид өөрсдөдөө юм уу, өөрснийхөө сайн үйлсэд ч мөн найдах ёсгүй. Харин Бурханы ивээл бидний дотор оршин байвал тэо нь анзаарагдалгүй үлдэнэ гэж үгүй билээ. Бидний зан байдал, дадал заншил, ажил төрөлд огцом өөрчлөлт гарна. Тэр өөрчлөлтөөр хүмүүс урьдын хийгээд шинэ амьдралын хооронд эрс ялгаа гарсныг олж хардаг. Хүний зан чанар нь санамсаргүй үйлдсэн сайн юм уу, эсвэл муу үйл хэргээр бус, харин аливаа юмыг ярьж, хийж заншсан ерөнхий чиг хандлагаар тодорхойлогдоно.MonSC 54.3

    Хүний зан байдал Христийн шинэчлэгч хүчний нөлөөгүйгээр өнгөн дээрээ аятайхан харагдаж болох. Эргэн тойрныхоо хүмүүст нөлөө үзүүлж, бүх нийтийн хүндэтгэлийг хүлээх хүсэл эрмэлзлэлийн үүднээс бид биеэ зөв авч явахыг хичээж болох юм. Хувийнхаа нэр төрийг эрхэмлэх явдал элдэв хорлонтой муу хэрэг хийхээс татгалзахад хүргэнэ. Тэр ч байтугай хувиа хичээсэн хүы өглөг буян үйлдэх нь ч бий. Тэгвэл бид буян, нүгэл хоёрын алиных нь талд байгаагаа яаж мэдэх вэ?MonSC 55.1

    Бидний зүрх сэтгэл хэнд харъяалагдаж байна вэ? Бидний бодол санааг хэн удирдаж байна? Бид хэний тухай ярих дуртайсан билээ? Бид хамгийн зөөлөн сайхан сэтгэлээ хэнд илэрхийлж, хүч чадлаа хэнд зориулдаг вэ? Хэрэв бид Христийнхэн бол Түүний тухай бодох л бидэнд юу юунаас илүү эрхэм сайхан байх учиртай. Бид Түүнд өөрсдийгөө, бас байгаа бүхнээ зориулдаг. Бид Түүний дүрийг тусгаж, Түүний Сүнсийг бодижуулан, Түүний хүслийг биелүүлж, Түүнд бүхий л талаар найр тавих хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдаг.MonSC 55.2

    Христ Есүсийн доторх шинэ бүтээл болсон хүн бүхэн «хайр энэрэл, баяр баясгалан, эв зүй, тэсвэр тэвчээр буян хишиг, нигүүлсэнгүй сэтгэл, итгэл бишрэл, хүлцэнгүй чанар, биеэ барих чадвар» зэрэг Сүнсний бүхий л үр шимийг хүртэнэ (Галат 5:22-23). Ийм хүмүүс урьдын дур тачаалдаа дахин автахгүй, харин Бурханы Хүүд итгэснээр, Түүний зан байдлыг тусган, Түүнтэй адилхан ариун болохын тулд сэтгэлээ ариусгаж, Түүний зам мөрөөр замнана.MonSC 55.3

    Тэд урьд үзэн яддаг байснаа таашааж, харин таашаадаг байснаа үзэн ядах билээ. Бардам зантай, биеэ тоосон хүмүүс өр зөөлөн номхон, төлөв даруу, тэвчээр хүлээцтэй болж, сүржигнүүр дээрэнгүй хүмүүс буурь суурьтай, даруухан зантай болно. Архичид балгахаа больж, завхайрагчид самуурахаа татна. Хорвоогийн зан заншил, таашаал сонирхлыг огоорно. Христэд итгэгчид аливаа гадна талын үзэмж чимэглэлд хууртах бус, «харин Бурханы өмнө асар үнэтэй болох дөлгөөн болон даруу сүнсний мөхөшгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн” болохыг эрмэлзэх учиртай аж (1 Петр 3:3-4).MonSC 55.4

    Хэрэв гэмшсэнийхээ дараа засрахгүй бол түүнийг чин сэтгэлийн гэмшил гэж үзэж болохгүй. Нүгэлт хүн барьцаалснаа эргүүлж өгөөд, хулгайлснаа буцааж тушаагаад, нүглээ наминчлаад, Бурхан болон ойр дотны хүмүүсээ энэрч хайрлаж эхэлсэн цагтаа үхлээс амьдралд шилжлээ гэж баттай бодож болно.MonSC 56.1

    Бид өөрсдийн төөрөгдөл, нүгэл хилэнцийг ухаарч, Христ рүү дөхөж очоод, Түүний өршөөл ивээлийг хүртэхэд бидний зүрх сэтгэл хайр энэрлээр бялхдаг. Христийн буулга зөөлөн. учраас ямар ч дарамт хүнд хүчир мэт санагдахгүй. Хүлээсэн үүрэг баяр баясгалан болж, хүчин зүтгэх явдал жаргал цэнгэл болж хувирна. Урьд харанхуй байсан замыг Зөвт ёсны Нарны туяа гийгүүлнэ.MonSC 56.2

    Христийн зан төрхийн эрхэм сайн чанар нь Түүний дагалдагчдад илэрдэг. Есүс Бурханы хүслийг баяртайяа биелүүлдэг. Эзэнийг хайрлах хайр, Түүнийг алдаршуулах чин хүсэл Есүсийг тэтгэж байсан юм. Хайр энэрэл Христийн бүхий л үйл хэргийг гойд эрхэмсэг сайхан, дур булаам болгож байсан.MonSC 56.3

    Хайр Бурханаас эхтэй бөлгөө. Хайр энэрэл болбоос зөвхөн Христийн төлөө лугших зүрхнээ л бий болох учиртай. «Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» (1 Иохан 4:19). Бурханы ивээлээр шинэчлэгдсэн зүрхэнд хайр энэрэл хөдөлгөгч хүч нь болж өгдөг. Тэрхүү хайр зан төлөвийг өөрчилж, хүсэл сэхээрлийг жолоодож, дур тачаалыг зогсоон барьж, өс хонзонг номхотгож, сэрэл мэдрэхүйг өөд татах авай. Зүрхэнээ орших энэ хайр хүнийг аз жаргалтай болгож, орчин тойрныхондоо өөдрөг сайхан нөлөө үзүүлдэг.MonSC 56.4

    Бурханы үрс болон ялангуяа Түүний ивээлд дөнгөж багтаж эхэлж байгаа хүмүүст сэрэмжилбэл зохих хоёр аюул байна. Нэгдүгээрт, дээр нэгэнт өгүүлсэнчлэн дан ганц өөрийнхөө хичээл зүтгэлээр Бурхантай эв зүйгээ ололцож болно гэж бодож болохгүй. Хуулийг махчлан сахиснаар ариусалд хүрэхийг эрмэлзэгчид байнга бүтэлгүйтдэг. Христ үгүйгээр хүний хийж буй юм бүхэн хар амиа хичээх үзэл, нүгэл хилэнцээр бузартсан байдаг. Итгэл бишрэлээр дамжуулан авч буй Христийн ивээл хишиг л биднийг ариусгаж чадна.MonSC 57.1

    Үүний эсрэг бөгөөд дутахгүй аюултай нэгэн төөрөгдөл бол Христэд итгэх итгэл нь хүнийг Бурханы хуулийг дагаж мөрдөх шаардлагаас чөлөөлдөг, зөвхөн итгэл бишрэлээр Христийн ивээлийг хүртэж байгаа болохоор бидний үйл хэрэг бидний авралд ямар ч хамаагүй мэтээр үздэг явдал юм.MonSC 57.2

    Гэвч хуулийг дуулгавартай сахина гэдэг бол шаардлагыг зүгээр нэг ёс төдий биелүүлж байгаа хэрэг биш, харин хайр энэрлээр хүчин зүтгэж буй явдал юм. Бурханы хууль бол Түүний тэнгэрлиг шинж чанарын илэрхийлэл юм. Энэ хууль хайр энэрлийн аугаа их зарчмын биелэл мөн. Тийм учраас тэнгэр хийгээд газар дээрх Бурханы засаглалын үндэс болж өгдөг юм. Хэрэв бидний дотор Бурхан лугаа төст байдал бий болж, хэрэв бидний сэтгэлд Түүний хайр оршиж байвал, Бурханы хуулийг биелүүлэх нь жам ёсны хэрэг болохгүй гэж үү?MonSC 57.3

    . Хайр сэтгэл хүний зүрхийг эзэмдэж, хүн өөрийг нь бүтээсэн Бурханы дүрээр шинэчлэгдсэн цагт түүний хувьд шинэ гэрээний амлалт биелнэ гэсэн үг. Бурхан «Би өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ” (Еврей 10:16) хэмээжээ. Хэрэв хууль сэтгэл зүрхэнд бичигдсэн бол тэр нь амьдралд нөлөө үзүүлэхгүй гэж үү? Хайр хүндэтгэлтэйгээр бусдад үйлчлэн, дуулгавартай байх нь Христэд харъяалагдаж буйн шинж лавтай мөн. Сударт өгүүлсэнчлэн: «Түүний тушаалуудыг сахих нь Бурханы хайр мөн”, «Түүний тушаалуудыг сахьдаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй” ажээ (1 Иохан 5:3, 2:4). Итгэл бол хүнийг дуулгавартай байхаасчөлөөлөхгүй. Харин ч бид итгэл бишрэлээр дамжин дуулгавартай байхын хүчийг өгөгч Христийн ивээлд багтдаг.MonSC 57.4

    Дуулгавартай байснаар бид аврагдахгүй, учир нь бид авралыг Бурханд итгэсний бэлэг болгон зүгээр авдаг. Гэвч дуулгавартай байх нь итгэл бишрэлийн үр шим юм. «Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үрэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор байгч нэг ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй». Энэ бол жинхэнэ шалгуур мөн. (1 Иохан 3:5-6)MonSC 58.1

    Хэрэв бид Христ дотор байж, Бурханы хайр бидэн дотор бат оршиж байгаа бол бидний бодол сэтгэл, үйлдэл, эрмэлзэл Бурханы ариун хуулинд илэрхий байдаг Түүний хүсэлтэй нийцнэ. «Хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэгэн нь Түүний зөвт байгаачлан зөвт байна” (1 Иохан 3:7). Зөвт ёсны хэмжүүр хэмээхүй нь Синай ууланд номлосон арван тушаалаас бүрдсэн Бурханы ариун хууль мөн бөлгөө.MonSC 58.2

    Бурханыг дуулгавартай дагах үүргээс хүнийг чөлөөлдөг «итгэл» гэгч нь жинхэнэ итгэл биш, харин өөртөө итгэх санаархал мөн. Учир нь «нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм». Гэвч «итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм» (Эфес 2:8, Иаков 2:17).MonSC 58.3

    Есүс газар дэлхийд ирэхээсээ өмнө Өөрийнхөө тухай «Бурхан минь, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлжээ (Дуулал 40:8). Хожим тэнгэрт өргөгдөхийнхөө өмнөхөн Тэр «Би Эцэгийнхээ тушаалыг сахьж, Түүний хайр дотор байдаг» хэмээн тунхагласан (Иохан 15:10). «Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ... Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой” (1 Иохан 2:3-6). «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн” билээ (1 Петр 2:21).MonSC 58.4

    Мөнхийн амьдралыг олж авах болзол нь огт өөрчлөгдөөгүй бөгөөд бидний өвөг дээдэс нүгэлд унахаасаа өмнө, диваажинд байсан үеийнхтэй нэгэн адил, ямагт Бурханы хуулинд бүрэн захирагдаж, зөвт ёсыг төгс төгөлдөр эзэмших явдал болой. Хэрэв мөнхийн амьдралыг ямар нэг бага шиг болзлоор өгнө гэсэнсэн бол энэ нь хамаг орчлонгийн сайн сайханд аюул занал учруулан, эцэс төгсгөлгүй гай зовлон таригч нүгэл хилэнцийг мөнхжүүлэх магадлал үүсгэж мэдэхсэн билээ.MonSC 59.1

    Адам нүгэлд унахаасаа өмнө Бурханы хуулийг хүлцэн сахиснаар зөвт зан чанараа улам төгөлдөржүүлж чадах байсан. Гэвч тэр энэ замаар замнаагүй юм. Түүний үйлдсэн нүглээс болж бид гэм нүглийн шинж чанарыг залгамжлан авч, өөрөө өөрсдийгөө зөвт болгож чадахаа больжээ. Бид гэм нүгэлдээ баригдсан учир ариун хуулийг төгс төгөлдөр ёсчлон биелүүлж чадахгүй байгаа юм. Бидэнд Бурханы хуулийн шаардлагыг хангаж чадахуйц өөрийн гэсэн зөвт үзэл алга.MonSC 59.2

    Харин Христ бидэнд авралын замыг нээж өгсөн билээ. Тэр бидэнд тохиолддог шиг л шалгалт сорилт, гэм зэмийн дунд амьдарч асан хэдий ч Түүний амьдрал гэм нүгэлгүй байсан юм. Тэр бидний төлөө нас барсан бөгөөд биднийг нүгэл хилэнцээс чөлөөлж, Өөрийн зөвт ёсы.г бидэнд хайрлахыг хүсч байна. Хэрэв та нар өөрсдийгөө Түүнд зориулж, Түүнийг Аврагчаа хэмээн хүлээж авах юм бол хэдийгээр нүгэлтэй ч гэсэн, Түүний гавъяа зүтгэлийн ачаар та бүхэн зөвт үзэлтэнд тооцогдож, Христийн зан чанарыг олж авах болно. Бурхан та нарыг хэзээ ч нүгэл үйлдэж байгаагүй юм шиг л хүлээж авна.MonSC 59.3

    Түүгээр ч барахгүй Христ сэтгэл зүрхийг тань өөрчлөнө. Та нар Түүнд итгэсэн болохоор Тэр та нарын зүрхэнд шингэнэ. Та нар итгэл бишрэлээрээ дамжуулан Христтэй холбоо тогтоож, өөрийнхөө хүслийг Түүнд үргэлж захируулж байх нь чухал. Тэгж чадаж гэмээ нь Тэр Өөрийнхөө таалал соёрхлоор та нарын хүсэл, үйлдлийг зохицуулна. Ийм учраас та бүхэн: «Эдүгээ би махан биендээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм» гэж зоригтой хэлж болно (Галат 2:20).MonSC 59.4

    Есүс шавь нартаа «Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм» хэмээн айлджээ (Матай 10:20). Чухам тэр л үед та нарын дотор үйлдэгч Христтэй хамт та нар мөнхүү сүнсний илэрхийлэл болж, зөвт ёс хийгээд итгэл бишрэлийн сайн үйлийг бүтээж чадна.MonSC 60.1

    Ингэхлээр бидэнд өөрсдөд маань магтаад сайрхаад байхаар юм юу ч алга. Өөрийгөө өргөмжлөх өчүүхэн ч үндэслэл байхгүй юм байна. Цорын ганц найдлага бол Христийн бидэнд шингээж байгаа зөвт ёс, Түүний Сүнс биднээр дамжуулан үйлчилсний үр дүн болох тэрхүү зөвт ёс юм.MonSC 60.2

    Итгэл бишрэлийн тухай эргэцүүлэн бодохдоо доор дурьдсан нэгэн зүйлийг анхаарах нь чухал. Маргашгүй илэрхий баримтыг хүлээн авч итгэнэ гэдэг бол жинхэнэ итгэгчийн шинж хараахан биш. Хамгаас хүчит Бурханы бодит оршихуй бөгөөд Түүний сургаалийн үнэн зөв баримтуудыг Сатан болоод муу ёрын сүнснүүд ч үгүйсгэж үл чадна. Библи сударт өгүүлснээр «чөтгөрүүд ч итгэдэг бөгөөд чичирдэг юм» (Иаков 2:19). Гэвч энэ бол Бурханы биднээс хүлээж байгаа итгэл биш ээ.MonSC 60.3

    Жинхэнэ итгэл бишрэл нь хайр энэрлээр илэрч, сэтгэл санааг ариусгана. Энэ бол Бурханы сургаалийг хүлээн зөвшөөрсөн хэрэг төдийгүй бас өөрийн хүслээ Түүнд захируулж, Түүнд татагдан, дуулгавартайгаар сэтгэл зүрхээ бүрэн зориулах явдал юм. Ийм итгэл хүнийг шинэчилж, түүний дотор Бурханы дүрийг сэргээнэ. Итгэлгүйгээр хүн Бурханы хуулинд захирагдаж байгаагүй, захирагдаж чадах ч үгүй байсан. Одоо харин хүн ариун сургаадд баярлаж, дуулалчтай хамт «Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» (Дуулал 119:97) гэж эргэцүүлэн баясах бөлгөө. Одоо уг хуулийн зөвт шаардлага «Мах бодиор биш сүнсээр” амьдарч байгаа бидний дотор биелж байна (Ром 8:1).MonSC 60.4

    Христийн бүхнийг өршөөгч хайр энэрлийг танин мэдэж, Бурханы хүүхэд болохыг чин сэтгэлээсээ хүсч буй хүмүүс бий. Гэвч тэд өөрсдийнхөө төгс төгөлдөр биш шинж, гэм зэмийг ухаардаг учраас зүрх сэтгэл нь Ариун Сүнсээр шинэчлэгдсэн гэдэгт эргэлзэх хандлагатай байдаг. Тийм хүмүүст би «Та нар бүү гутарч цөхрөгтүн!» гэж хэлмээр байна. Бид хойшид ч нэг биш удаа Христийн хөлд сөхөрч, алдаж эндсэндээ харамсан гашуудах болно. Бид сэтгэлээр унах ёсгүй. Дайсанд ялагдлаа ч гэсэн Бурхан биднийг хэзээ ч орхихгүй. Христ биднийг өмгөөлөхийн тулд Эзэн Тэнгэрийн өмнө очоод байна.MonSC 61.1

    Есүсийн хайрт шавь Иохан: «Та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн” хэмээн өгүүлжээ (1 Иохан 2:1). «Эцэг Өөрөө та нарыг хайрладаг” (Иохан 16:27) гэсэн Христийн үгийг бүү мартагтун!MonSC 61.2

    Та нарт Өөрийн цэвэр ба ариун шинжийг тусгахын тулд Бурхан та нарын дотор Өөрийнхөө дүрийг сэргээхийг хүсч буй юм. Хэрэв та нар Түүнд захирагдах л юм бол та нарын дотор сайн үйлийг Эхлүүлэгч, Есүс Христийн дахин ирэх өдрийг хүртэл тэр үйлээ хийсээр байх болно.MonSC 61.3

    Хичээнгүйлэн залбирцгаагтун! Итгэл үнэмшлээ бататгацгаагтун! Өөрийн хүчинд итгэх итгэл алдармагц бид Цагаатгагчийн хүчинд найдаж, бидний сэтгэлийг Анагаагч Түүнийг алдаршуулна. Христ рүү хичнээн их ойртох тусам сүнслэг хараа тань хурцдах тул өөрийнхөө зан байдлаас төчнөөн их дутагдал олж үзнэ. Түүний төгс төгөлдөр шинжтэй харьцуулаад үзэхэд та нарын сул тал улам ч тод томруун харагдана. Энэ нь муу ёрын сүнсний уруу татах хүчин та нарыг эзэмдэхээ больж, Бурханы Сүнсний амьдралыг тэтгэгч нөлөө та бүхнийг сэхээн сэргээж буйг харуулж байгаа хэрэг.MonSC 61.4

    Өөрийнхөө нүглийг ухаардаггүй хүн Христийг үнэнхүү хайрлаж чадахгүй. Христийн ивээлээр өөрчлөгдсөн зүрх сэтгэл Түүний тэнгэрлиг зан чанарыг ямагт бахдан бишрэх болно. Харин бид өөрсдийнхөө ёс суртахууны өө дутагдлыг олж харахгүй байгаа бол, энэ нь бид Христийн зан байдлын гоо сайхан, төгөлдөр шинжийг хараахан таньж мэдээгүй гэдгийг баттай гэрчилж байна.MonSC 62.1

    Бид өөрсдийгөө хичнээн бага өргөмжлөн бардамнах тусам Аврагчийнхаа цаглашгүй цэвэр тунгалаг, ариун сайхан шинжийг төчнөөн их үнэлж цэгнэх болно. Нүглээ ухамсарлах явдал нь биднийг ямагт уучилж чадах Түүний зүг аргагүй хөтөлнө. Арчаагүй доройгоо мэдэрсэн хүн Христийг үгүйлэн эрэхэд, Тэр Өөрийн сүр хүчийг дэлгэн үзүүлдэг. Бид Бурханы айлдварыг хичнээн их үгүйлэх тусам Түүний зан чанарын тухай төчнөөн бадрангуй сайхан төсөөлөлтэй болж, Түүний дүрийг төчнөөн бүрэн дүүрэн тусгах болно.MonSC 62.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents