Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    10—Бурханыг танин мэдэхүй

    Бурхан Өөрийгөө бидэнд нээж, Өөртэйгөө харилцаа топгоолгохыг эрмэлздэг олон арга зам буй. Байгаль бидний ухамсар, мэдрэхүйд байнга нөлөөлж байдаг. Бурханы үйл хэргээр илэрдэг Түүний энэрэл хайр, суу алдар нь сайхан сэтгэлтэй хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Хүн байгаль дэлхийн нууц битүүлэг амьдралыг анхааралтай ажиглан чагнаж, Бурхан Өөрийнхөө бүтээлээр дамжуулан түүнийг юунд сургахыг хүсч байгааг сонсон ойлгодог. Ногоорон харагдах тал хөндий, сүрлэг сайхан ой мод, цэцэг навч Бурханыг танин мэдээч хэмээн биднийг урин дуудаж, хөвөлзөн нүүх үүлс, дээд тэнгэрийн суу хүчин, Түүний тухай бидэнд өгүүлж, борооны шиврээ, горхины хоржигноон бидний оюун ухааныг Бүтээгчийн зүг хандуулнам.MonSC 79.1

    Бидний Аврагч байгалийн үзэгдэл, дүр зургийг харуулж байж Өөрийнхөө эрхэм нандин үнэнийг тайлбарласан юм. Ой мод, жигүүртэн шувуу, хээрийн цэцэг, дов толгод, нуур цөөрөм, тэнгэрийн одод мөн түүнчлэн амьдрал ахуйн өдөр тутмын үйл явдал нь үнэн үг, хүний хөдөлмөр, зүтгэлтэй нягт холбоотой байдаг.MonSC 79.2

    Бурхан Өөрийнх нь хүүхдүүд Түүнийг дурсан санаж байгалийн энх амгалан, намуухан гоо үзэсгэлэнгээр сэтгэлээ баясгаж байгаасай гэж хүсдэг юм. Бурхан энэ ертөнцийн сайхан юм болгонд хайртай, гэвч Түүнд зан байдлын сайхан, өнгөн дээрээ нүд булаах сайхнаас илүү эрхэм байдаг. Бурхан цэвэр ариун, эгэл жирийн байдлаа улам төгөлдөр болгоосой гэж биднээс хүсдэг. Цэцэг навчны тийм чанарт бид дуртай шүү дээ.MonSC 79.3

    Хэрэв бид орчлон ертөнц дэх Бурханы бүтээлүүдийг харах аваас, орчин тойрныхоо бүх зүйлийг соргогоор мэдэрч, сүсэг бишрэлийн сургамжийг авах билээ. Заяа тавилант замаараа мөнхөд хөдлөгч аварга том оддоос эхлээд хамгийн өчүүхэн атомыг хүртэл байгалийн юмс үзэгдэл бүхэн Бүтээгчийн хүсэл зоригт захирагдана. Бурхан юм бүхэнд санаа тавьж Өөрийнхөө бүтээлүүдийг тэжээн тэтгэж байдаг. Тэрбээр хязгааргүй Орчлонгийн тоо томшгүй од мичдээс эхлээд жиргэн дуулагч бяцхан шувуухайг ч бас удирддаг. Бидний Тэнгэрийн Эцэг бид бүхнийг энхрийлэн халамжилдаг. Тэр бидний ажилдаа явахыг хардаг, мөргөл үйлдэхийг сонсдог. Бидний унтахаар хэвтэхэд ч өглөо сэрэхэд ч Түүний мэлмий биднийг дээрээс ширтэн байдаг. Баян хүн орд харшдаа найрлаж байхыг ч, ядуу хүн үр хүүхдээ тэжээх гэж зовж байгааг ч Тэр мэднэ. Бурхан дусалсан нулимс бүрийг мэднэ, нэг ч инээмсэглэлийг Тэр анзааралгүй үл өнгөрөөнө.MonSC 80.1

    Хэрэв бид энэ бүхнийг гүнзгий ухаарсансан бол дэмий шаналж, сзтгэл түгшихгүй байхсан билээ. Бид амьдралдаа өнөөдрийнх шиг ингэж гутарч, гунихрахгүйсэн. Яагаад гэвэл их ч бай, бага ч бай бүхий л асуудал бэрхшээл юугаа санаа тавих зүйл хичнээн их байсан ч түүртэн үл зовох Бурханы мутарт даатгах байсан.MonSC 80.2

    Газар дэлхийн гоо сайхныг харж, гайхан баясахдаа гуниг зовлон, нүгэл хилэнц, үхэл мөхөл цөм үгүй болсон, байгаль дэлхийд хараал зүхлийн бараан сүүдэр огт үл тусах ирээдүйн ертөнцийн тухай эрэгцүүлэн бодоцгоогтун! Аврагдагсдын эх орныг төсөөлж, тэр эх орон хамгийн зоримог, амьд төсөөллөөс ч илүү сайхан байх болно гэдгийг санацгаа. Байгальд байгаа Бурханы янз бүрийн хишиг Түүний суу алдарын хамгийн бүдэгхэн тусгал төдий юм. «Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1 Коринт 2:9).MonSC 80.3

    Яруу найрагчид, эрдэмтэн мэргэд байгалийн тухай их зүйлийг хэлж чадах боловч гагцхүү Христийн шүтлэгтэн л хүнийг хайрлах Бурханы хайрыг янз бүрийн зүйлээс олж харж, уул, хөндий, гол, тэнгис юм бүхнийг хүний тусын тул бүтээсэн гэдгийг ойлгодог юм. Энэ бүхэн Эцэгийн мутраар бүтээгдсэн гэж хүлээн зөвшөөрдөг хүн л байгалийн гоо сайханд жинхэнэ ёсоор баясч, түүнийг дээд зэргээр үнэлж чадна.MonSC 81.1

    Бурхан Өөрийн оролцоо, Ариун Сүнснийхээ сэтгэл зүрхэнд нөлөөлөх нөлөөллөөр дамжуулан бидэнд ханддаг билээ. Бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа юм бүхнээс, бидний эргэн тойронд болж буй өөрчлөлт, хувиралтаас ойлгоё л гэж хичээх юм бол үнэ цэнэтэй сургамж авч чадна. Дуулалч Бурханы гайхамшигт хайр халамжийн, тухай эргэцүүлэн бодоод «дэлхий Эзэний хайр энэрлээр дүүрэн» (Дуулал 33:5), «Хэн мэргэн бэ? Тэр нь Эзэний хайр энэрлийг тунгааг” хэмээн өгүүлжээ (Дуулал 107:43).MonSC 81.2

    Бурхан бас Өөрийнхөө айлдвараар бидэнд ханддаг. Библи сударт Түүний зан байдал, аврал болон хүмүүстэй харыдах харилцааны агуу их үйл хэргийг тов тодхон, бүрэн дүүрэн дэлгэн харуулжээ. Уг сударт эрт цагийн өвөг дээдэс, зөнч мэргэд зэрэг бие хүмүүсийн тухай өгүүлжээ. Тэд «бидэнтэй л адилхан” хүмүүс байсан (Иаков 5:17). Тэд бидэнтэй адил сэтгэлээр унаж, гуниг гутралтай тэмцэж байсан, бидэнтэй л адилхан уруу татагдаж байснаа дахин сэргэж, Бурханы ивээлийн хүчээр ялж гарсан ажээ. Бид тэдний тухай уншаад зөвт ёсыг эрмэлзэх хүсэл зориг маань бадардаг. Бид тэдний гайхамшигт туршлагатай танилцаж, тэд ямар гэрэл гэгээ, ямар хайр энэрэл, ямар өлзий буянтай байсныг, тэд Бурханы заяасан ивээлээр ямар үйлс бүтээснийг үзэхүй тэднийг зоригжуулсан нөгөө л Ариун Сүнс бидний зүрхэнд гэгээн баярын очисыг асааж, тэдэнтэй зан байдлаар адилхан болж, тэдэнтэй адил Бурхан лугаа хамт явах хүслийг бадраана.MonSC 81.3

    «Тэдгээр нь Намайг гэрчилдэг” (Иохан 5:39) хэмээн Есүс Хуучин гэрээ судрын тухай өгүүлсэн бөгөөд энэ нь Шинэ гэрээний хувьд бүр ч үнэн зөв юм. Өөрөөр хэлбэл мөнхийн амьдралд найдах бидний бүхий л найдвар болсон Аврагчийн тухай гэрчилж буй хэрэг билээ. Тийм ээ, бүхий л Библи Христийн тухай өгүүлдэг. Дэлхийг бүтээсэн тухай «Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй” гэсэн өгүүлэмжээс эхлээд «Би удахгүй ирнэ!” гэсэн сүүлчийн амлалт хүртэл бид Түүний үйл хэргийн тухай уншиж, Түүний дуу хоолойг сонсдог (Иохан 1:3; Илчлэлт 22:12). Хэрэв бид Аврагчийг улам сайн мэдье гэвэл Ариун Судрыг унших хэрэгтэй.MonSC 82.1

    Бурханы айлдвар бидний зүрхэнд шингэх болтугай! Энэ бол тэсгэлгүй цангааг тайлагч амьд ус мөн. Энэ бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх мөн.MonSC 82.2

    Есүс: «Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй” гээд Тэр айлдсанаа «Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ” хэмээн тайлбарлажээ (Иохан 6:53,63). Еазрын хишгийг хүртэж бидний бие цогцос бүрддэг. Биет ертөнцөд болж байгаа зүйл оюун санааны мөн чанарт маань ч ёс зүйн тулгуур болж, хүч сэлбэдэг юм.MonSC 82.3

    Цагаатгал гэдэг бол тэнгэр элч нар нэвтрэн орохыг хүсдэг тэрхүү нууц бөлгөө. Тэр нууцыг цагаатгагдсан хүмүүс үүрд судалж магтан дуулах болно. Үүнийг яг одоо, маш чимхлүүр, нарийн судлах хэрэггүй гэж үү? Есүсийн хязгааргүй нигүүлсэнгүй сэтгэл, энэрэл хайр, бидний төлөө үзсэн хохирлыг тун нухацтай, хүндэтгэлтэй эргэцүүлэн бодох нь зүйтэй. Бид хайрт Цагаатгагч, Зуучлагчийнхаа зан байдалд анхаарлаа төвлөрүүлж «Өөрийнхөө хүмүүсийг нүгэл хилэнцээс нь аврах” гэсэн Түүний гол зорилгыг эргэцүүлэн бодох ёстой. Хэрэв бид тэнгэрийн үнэний тухай эргэцүүлэлд цагаа зориулах юм бол бидний итгэл хайр батжина. Бидний залбирал Бурханыг хүлээн авахад улам тохиромжтой болно. Учир нь бидний залбирал улам амьд, оргилуун болж, бишрэл хайраар бялхах бөлгөө. Бид Есүст улам их итгэж, бид Түүгээр дамжин Эцэгт очиж буй бүх хүмүүсийг аврагч Түүний хүчийг өдөр болгон мэдрэх болно.MonSC 82.4

    Аврагчийн төгс төгөлдөр чанарын тухай эргэцүүлэн бодохдоо бид шинэчлэгдэж, Түүний ариун дүртэй адил болохыг туйлаас хүсдэг. Бишрэн хүндэтгэдэг Нэгэнтэйгээ адил байхсан гэсэн хүсэл бидний сэтгэлд төрдөг. Христийн тухай бодох тусам Түүний тухай бусдад ярьж, Түүнийг дэлхийд дуурсгамаар санагддаг.MonSC 83.1

    Библийг зөвхөн эрдэмтэн мэргэдэд зориулж бичсэн юм биш, харин ч эгэл жирийн хүмүүст илүүтэй зориулагдсан болой. Авралд хэрэг болох агуу их үнэн - гэгээн өдөр мэт тов тодорхой. Хэрэв өөрийн бодлыг Бурханы илт шулуун хүсэл зоригоос дээгүүр тавихгүй л бол хэн ч алдаа гаргаж замаасаа хазайхгүй.MonSC 83.2

    Ариун судар юунд сургаж байгааг мэдэхийн тулд бусдын гэрчлэлд найдахын оронд бид өөрсдөө Бурханы айлдварыг судлах ёстой. Хэрэв бид өөрийнхөө өмнөөс бодох боломжийг бусдад олгох юм бол бидний оюун санааны хүч суларч мохно. Бид Бурханы айлдварын гүнзгий үнэнийг ойлгох чадвараа алдана. Харин ч хэрэв бид Библи дэх нэг бичвэрийг нөгөөтэй нь харьцуулж, оюуны зүйлийг оюуны зүйлтэй нь жишиж харилцаа холбоогий нь нухацтай судлах юм бол бидний ухаан саруулсаж, бидний өмнө Библийн гайхамшигт гоо сайхан, үнэ цэнэ нээгдэнэ.MonSC 83.3

    Ариун судраас өөр оюун ухааныг саруул болгох зүйл гэж байхгүй. Гүнзгий буянлиг үнэнийг агуулсан Библи судраас өөр ямар ч ном ийм хүчтэй сэтгэлгээг төрүүлж, ухааныг гүнзгийрүүлж чадахгүй. Хэрэв Бурханы айлдварыг зохих ёсоор судалсансан бол хүмүүс уужим ухаан, сайхан зан, төгс зорилго, өөрөөр хэлбэл өнөө үед дутагдаад байгаа юм бүхэнтэй байхсан билээ.MonSC 83.4

    Судрыг гүйлгэн уншвал нэг их тус болохгүй, Библийг эхнээс нь аваад эцсийг нь хүртэл уншсан хэр нь хамаг гоо сайхныг нь ойлгохгүй, гүнзгий далд утгы нь ухаарахгүй өнгөрч болно. Судрын нэг хэсгийг сайтар судалсан нь дээр. Тэр хэсгийн утга агуулга, ач холбогдол тодорхой болж, авралын Тэнгэрлэг сэдэл санаа ойлгомжтой болтол нарийн судлах нь зүйтэй. Тодорхой зорилгогүй, өөртөө амьдралын чухал сургамжийг олж харалгүйгээр олон бүлгийг гүйлгэн унших нь тусаар бага. Таны Библи үргэлж тантай хамт байх болтугай! Бололцоо л гарвал Библийг уншиж, уншсанаа тогтоохыг хичээцгээ. Гудамжаар явж байхдаа ч нэг хэсгийг нь уншиж, утга агуулгыг нь эргэцүүлэн бодож, ийм маягаар цээжиндээ тогтоож болно.MonSC 84.1

    Библийг нухацтай шинжлэхгүйгээр, залбиран судлахгүйгээр бид үнэнхүү цэцэн билгийг ухаарч чадахгүй. Ариун судрын зарим хэсэг ойлгохгүй байхын аргагүй тодорхой байдаг юм. Гэхдээ зарим хэсгийн утга нь төдий л тодорхой бус, нэг уншихад гүйцэд сайн ойлгогддоггүй. Иймээс нэг бичвэрийг нөгөөтэй нь харьцуулах хэрэгтэй. Нарийн судалж залбиран эргэцүүлбэл хариу нь гарахдаа л нэг гарна.MonSC 84.2

    Газрын хэвлий дэх үнэт металын судлыг эрж олдог хүдэр малтагч лугаа адил Бурханы айлдварыг судлагч Библийг өнгөцхөн уншихад үл ойлгогдох тэрхүү агуу их нандин үнэнийг эрж олох болно. Хайнга уншигчаас нуугдсан зориг бардам үгсийг гүнзгий ойлгож, нягтлан тунгааж чадвал тэдгээр үгс мөнхийн амьдралын эх ундрагаас гарсан урсгал лугаа адил болой.MonSC 84.3

    Библийг мөргөл үйлдэлгүйгээр судалж хэзээ ч болохгүй. Түүний хуудсыг нээхээсээ өмнө Ариун Сүнсээрээ гэгээрүүлж өгөхийг Бурханаас гуйх ёстой. Тэр хүсэлтийг тань ёсоор болгоно.MonSC 84.4

    Натанаел Есүс дээр ирэхэд Аврагч: «Дотроо заль мэхгүй жинхэнэ Израиль хүнийг харагтун» гэж айлдав. Натанаел Есүсээс - Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад, Тэр - Филип чамайг дуудахаас өмнө, инжирийн модны дор байхад чинь Би чамайг харсан» гэдэг билээ (Иохан 1:47-48).MonSC 84.5

    Есүс өнөөдөр ч гэсэн бид Түүнд мөргөн, «үнэн гэж юу вэ?” гэдгийг ойлгохын тулд бид Түүнээс сэхээрэл гуйж буйг харж л байгаа. Бурхан Өөрийнхөө зааврыг номхоноор дагах хүмүүсийн зүг Гэрэл гэгээний ертөнцөөс тэнгэр элч нараа илгээж байна.MonSC 85.1

    Ариун Сүнс Аврагчийг өргөмжлөн алдаршуулж байна. Түүний үйл хэрэг бидэнд Христ, Түүний зөвт ёс, Түүний хүн төрөлхтөнд авчирсан авралын суу гайхамшгийг мэдүүлнэ. Есүс «Тэр Минийхийг авч түүнийгээ та нарт мэдүүлнэ» хэмээн айлджээ (Иохан 16:14). Гагцхүү Үнэний Сүнс Тэнгэрлиг үнэнийг зааж чадна. Бурхан Өөрийнхөө ганц Хүүг бидний төлөө үхүүлж, Тэр биднийг үргэлж сургаж, хөтөлж байгаасай гэж Өөрийнхөө Ариун Сүнсийг илгээснийг бодохоор хүн төрөлхтөн Бурханд юутай эрхэм билээ!MonSC 85.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents