Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    6 — Үхэгсэд Бидэнтэй Ярьж Чадах уу?

    Бичээст өгүүлсэн ариун тэнгэр элч нарын үзүүлдэг тусламж, дэмжлэг бол Христийн шавь нарт үлэмжийн тайтгарлыг өгдөг, хамгийн ариун нандин үнэн юм. Гэвч Библийн энэ үзэл, санаа нэр алдар бүхий шашин судлаачдын алдаагаар баларч, буруу ойлгогдох болжээ. Анх мухар сүсэгтнүүдийн гүн ухаанаас зээлдэж, их урвалтын түнэр харанхуйгаар халхавчлан Христэд итгэгчдийн итгэл бишрэлд нэвтрүүлсэн хүн үхэшгүй мөнхийн сүнстэй гэсэн сургаал “үхэгсэд юу ч мэддэггүй” гэж тодорхойлсон үнэнийг орон зайг эзэлж эхэлсэн. Үй олон хүмүүс нас барсан хүмүүсийн сүнс “авралыг өвлөн авах хүмүүст үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд” гэж итгэх болжээ. Энэ үзэл тэнгэр элч нар оршиж, хүн төрөлхтний түүхэнд оролцсоор ирсэн гэсэн үзлийг эсэргүүцэж Библийн үхэгсдийн сүнсэнд анхаарал хандуулдаг.AT 54.1

    Хүн үхсэн ч ухамсар нь идэвхтэй байдаг талаарх сургаал, ялангуяа үхэгсдийн сүнс амьд хүмүүст нөлөөлөхөөр эргэж ирдэг тухай итгэл бишрэл нь орчин цагийн үхэгсдийн сүнсийг шүтэх үзлийг бий болгох замыг бэлтгэж өгчээ. Хэрэв үхэгсэд Бурхан болон ариун тэнгэр элч нарын оршихуйд ойртож, урьдын амьдралаасаа олсноос зүйрлэшгүй их мэдлэгийг өвлөн авах завшаантай болдог юм бол яагаад амьд хүмүүсийг гэгээрүүлж, сэнхрүүлэхээр дэлхийд эргэж ирж болохгүй гэж? Хэрэв алдартай шашин судлаачдын үхэгсдийн сүнснүүд дэлхий дээрх дотны хүмүүстээ хоргоддог гэж заадаг нь үнэн юм бол үхэгсэд яагаад амьд хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг бузар муугаас сэргийлж, уй гашууг нь тайтгаруулахыг зөвшөөрч болохгүй гэж? Хүн үхсэн ч ухамсартай байдаг гэдэгт итгэдэг хүмүүс нас барагсдын сүнснүүдээс ирсэн мэдээг хэрхэн эсэргүүцэж чадах билээ? Хүмүүст ариун нандин хэмээн тооцогддог энэхүү худал хуурмагийн суваг бол Сатаны зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ашигладаг арга юм. Сатаны тушаалыг гүйцэтгэдэг тэнгэрээс унасан элчүүд үхэгсдийн ертөнцөөс ирсэн элч нар болон үзэгддэг. Амьд хүмүүсийг үхэгсэдтэй холбож байгаа нэрийдлээр бузар муугийн жонон тэдний оюун ухааныг эрхшээлдээ оруулдаг.AT 54.2

    Сатанд хүмүүсийн өмнө өөд болсон дотны хүмүүсийнх нь дүрээр үзэгдэх хүч чадал бий. Тэрээр үхэгсдийн дүрд хувирах төгс чадвартай. Сатан сэтгэлд дотно дүр төрх, үг яриа, дууны өнгө гээд бүгдийг нь гайхамшигтайгаар дуурайдаг. Олон хүмүүс нас барсан дотно хүмүүсээ диваажингийн жаргалд умбаж байгаа хэмээн тайтгарч, ямар ч сэжиг авалгүй “мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд” анхаарлаа хандуулдаг.AT 55.1

    Үхэгсэд өөрсөдтэй нь холбоо тогтоохоор эргэж ирдэг хэмээн итгэх үед Сатан цаг нь болоогүй байхад булшинд орсон хүн мэтээр үзэгддэг. Тэд тэнгэрт жаргалтай байгаа тухай хуучилж, диваажингийн өндөр байр сууринд заларч байгаа гэж ярих ба энэ буруу ойлголт өргөн хүрээнд газар авч, улмаар зөвт болон гэмтэй хүмүүсийг ялгаж, зааглах шүүлт байхгүй гэж зааж хэлдэг. Үхэгсэдийн ертөнцөөс ирсэн гэх зочид заримдаа үнэн бодит анхааруулга сэрэмжлүүлгийг өгдөг. Тэд хүмүүсийн итгэлийг олсныхоо дараа Бичээсүүдэд итгэх итгэлийг нь үгүйсгэх сургаалуудыг заадаг. Сатаны элч нар дэлхий дээр үлдсэн дотны хүмүүсийнхээ төлөө туйлын их санаа зовсон дүрээр үзэгдэнэ хамгийн аюултай хууран мэхлэлтийг хийдэг. Тэдний заримдаа үнэнийг хэлж, ирээдүйг урьдчилан зөгнөж байгаа нь худал сургаалыг нь бат найдвартай болгон харагдуулдаг. Ийнхүү тэдний хуурамч сургаалыг үй олон хүн шууд хүлээн авч, яг Библийн хамгийн ариун үнэн адил бүрэн итгэдэг. Хүмүүс Бурханы хуулийг гажуудуулж, нигүүлслийн Сүнсийг гомдоож, гэрээний цусыг бузар мэт тооцох болжээ. Сүнснүүд Христийг Бурхан болохыг нь үгүйсгэж, Бүтээгчийг өөрсдийнхөө зиндаанд аваачдаг. Ийнхүү цоо шинэ дүрээр их эсэргүүцэгч, анх тэнгэрт эхлүүлж, дэлхий дээр зургаан мянга гаруй жил өрнүүлсэн Бурханы эсрэг дайсагналаа үргэлжлүүлсээр байдаг.AT 55.2

    Олон хүмүүс сүнстэй үзэгдэлтэй холбоотой үйл явдлуудыг, сүнстэй холбоо тогтоогчийн хууран мэхлэлт, чадварлаг илбэ шидний үзүүлбэр хэмээн ойлгодог. Гэвч аливаа заль мэх гаднаа болсон явдал мэт харагддаг ч далдын хүчний нөлөөг багтаасан байдаг. Орчин үеийн үхэгсдийн сүнстэй холбоо баригчдын учир битүүлэг сэргэлт хүний арга заль эсвэл ур чадвар бус харин бузар тэнгэр элч нарын үйлдэл байсан бөгөөд тэд үүгээрээ мөнх аминд халтай мэхлэлтийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Үхэгсдийн сүнстэй холбоо барих явдал бол ердөө хүний заль мэх юм гэсэн итгэлээс болж олон хүмүүс худал хуурмагт урхидуулах болно. Тэд үгүйсгэхийн аргагүй далдын хүчтэй нүүр тулах юм бол мэхлэгдэж, түүнийг Бурханы аугаа хүч чадал мэтээр хүлээн авах болно.AT 55.3

    Эдгээр хүмүүс Сатан болон түүний тэнгэр элч нарын үйлддэг гайхамшгуудын тухай Бичээс дэх үүдийн гэрчлэлийг үл анзаардаг. Фараоны илбэчид Бурханы гайхамшгийг тодорхой хэмжээнд дуурайж байсан нь буг чөтгөрийн тусламжийг ч бас харуулдаг. Паул Христийн дахин ирэлтийн өмнө чөтгөрийн хүч адил байдлаар үзэгдэх болно гэсэн. Эзэнийг ирэхийн өмнө “Сатаны ажиллагааны дагуу ... бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэх ... гарч ирнэ” (2 Тесалоник 2:9,10). Мөн элч Паул сүүлчийн өдрүүдэд гарч ирэх гайхамшиг үйлдэх хүч чадлын тухай дүрслэхдээ ийнхүү тунхаглажээ: “Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул ... тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.” Илчлэлт 13:13,14. Энд зөгнөгдсөн гайхамшгууд нь ердөө заль мэх төдий зүйл биш юм. Хүмүүс бусдын заль мэхээр бус харин Сатаны тэнгэр элч нарын үйлдэж чадах гайхамшгуудад мэхлэгддэг.AT 56.1

    Хууран мэхлэх санаагаа удаан хугацааны туршид хөгжүүлсээр ирсэн харанхуйн жонон бүх анги давхарга хийгээд нийгмийн давхаргын хүмүүсийг уруу татахдаа тун гарамгай. Соёлтой, боловсролтой хүнд тэрээр үхэгсдийн сүнсийг илүү боловсронгүй, оюунлагаар танилцуулж, улмаар олон хүнийг урхиндаа оруулдаг. Үхэгсдийн сүнснээс ирэх мэргэн ухааны тухай элч Иаков, “энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм” (Иаков 3:15) гэж дүрсэлсэн. Гэвч агуу мэхлэгч өнгөлөн далдлалтыг зорилгод нь бүрэн нийцсэн үед л ашигладаг. Есүсийг сорихоор цөлд очсон мэхлэгч тэнгэрлэг элч нар болох серафуудын гэрэл гэгээг цацруулан үзэгдэж чадсан ба хүмүүс рүү ч гэсэн гэрлийн тэнгэр элчийн дүртэй хамгийн сэтгэл булаам байдлаар ирж чаддаг. Тэрээр эрхэм дээд сэдвүүдээр ярьж ухамсарыг урвуулдаг, хөнгөн хийсвэр хүнд бишрэхүйц зүйлсийг үзүүлж, хайр, энэрлийн хамгийн уран цэцэн үгсээр хүмүүсийн хайрыг татдаг. Тэрээр бүтээлч сэтгэлгээг үлэмжийн өндөрт хөөрөгдөж, улмаар хүмүүсийг мэргэн ухаанаараа бардамнаж, Мөнхийн Эзэнийг жигших зам уруу татан оруулдаг. Тэрээр дэлхийн Аврагчийг үлэмжийн өндөр ууланд аваачиж, Түүний өмнө дэлхийн бүх хаанчлалыг, сүр жавхлантай нь үзүүлж чадсантай адил тэнгэрийн хүчний хамгаалалтаа алдсан хүмүүсийн бүх мэдрэхүйг урвуулах уруу таталтыг явуулдаг.AT 56.2

    Сатан Едений цэцэрлэгт Еваг хуурч мэхлэн хориотой мэдлэгийг авах шуналыг нь бадрааж, илүү дээд оршихуйд хүрэх хүсэл зоригийг төрүүлэн мэхэлсэнтэй адил өнөө үед хүмүүсийг ч мэхэлсээр байна. Хүн эдгээр бузар муу бодлуудыг хөгжүүлснээс болжуналтанд орсон бөгөөд тэрээр ийм аргаар хүмүүсийг мөхөөхийг зорьдог. Тэрээр “та нар ... Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно” (Эхлэл 3:5) хэмээн тунхагладаг. Үхэгсдийн сүнсэнд итгэгчид “хүн бол хөгжин дээшилдэг бүтээл юм. Хүн төрсөн цагаасаа л Бурхан болтлоо мөнхөд хөгжих тавилантай” гэж сургадаг. Мөн “Оюун ухаантай хүн бүр өөрийгөө л игүүх болно, өөр хэн ч түүнийг игүүхгүй” “Шүүлт зөв шударга байх болно, учир нь хүн өөрөө өөрийгөө л игүүнэ... Хаанчлалын сэнтий таны сэтгэл дотор бий” гэж сургадаг. Үхэгсдийн сүнстэй холбоо баригч багш өөрийнх нь “сүнслэг ухамсар” хэрхэн сэрсэн тухай, “Ах дүү нар минь, бид бүрэн цөвтөж доройтоогүй хагас бурхад ажээ” гэсэн бол, өөр нэгэн багш ” Аливаа зөв, шударга төгс төгөлдөр бүтээл бол Христ юм” хэмээсэн байдаг.AT 57.1

    Сатан ийнхүү жинхэнэ магтаалыг авах зохистой хэмжээлшгүй Бурханы зөв, шударга төгс төгөлдөр зан чанарыг, хүний үйлсийг дэнслэгч Түүний хуулийн төгс байдлыг хүний гэм нүгэлтэй, алдаа дутагдалтай зан чанарыг шүтэх магтаалаар сольж, хүн шүүлтийг явуулдаг, зан чанарыг дэнсэлдэг болгон хувиргасан байна. Энэ бол хөгжил дэвшил бус харин уруудан доройтох байдал юм. Бид юу харна түүгээрээ өөрчлөгддөг нь оюуны хийгээд сүнсний хууль мөн. Оюун ухаан анхаарал хандуулж буй зүйлстээ аажмаар дасан зохицдог. Оюун ухаан хайрлаж, хүндэтгэж дадсан зүйлстээ бүрэн уусдаг. Хүн хэзээ ч өөрийн цэвэр ариун, сайн сайхан гэж хүлээн зөвшөөрсөн үнэний жишгээс даван гарч чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө хамгийн дээд үлгэр дууриалал гэж үзвэл тэрээр хэзээ ч өөрөөсөө эрхэм хэм хэмжээнд хүрч чадахгүй. Харин улам бүр уруудан доошилсоор байх болно. Гагцхүү Бурханы нигүүлсэл хүнийг дээш өргөх чадвартай. Өөрийгөө шүтээн болгосон хүний зам мөр уруудан доройтох нь зайлшгүй.AT 57.2

    Үхсэн хүний сүнс оршдог гэсэн үзэл хувиа бодож, зугаа цэнгэл хөөсөн, хөнгөмсөг хүмүүсийг боловсролтой, оюунлаг хүнд нөлөөлснөөс арай өнгөц далдлалтаар хууран мэхлэлтэд оруулдаг. Ийм хүмүүс дээрх үзлийн дорд хэлбэрээс өөрсдийн туйлшралд тохирсон үзлийг олж авдаг. Сатан хүний зан чанарын сул байдлын сэжүүр бүрийг судалж үзээд, хүн бүрийн үйлдэж болох гэм нүглүүдийг мэдэж аваад бузар мууг үйлдэх хүсэл тэмүүлэлийг нь хангах боломж нөхцлөөр бүрэн хангадаг. Тэрээр хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн муу зуршлуудыг хэтрүүлэхэд уруу татаж, тэдний биеэ захирч чадахгүй байгаа байдлыг ашиглан бие махбод, оюун ухаан, ёс суртахууны хүч чадлыг нь доройтуулдаг. Сатан олон мянган хүмүүсийг дур хүсэлд нь живүүлэн хөнөөж, цаашид ч олон хүнийг хөнөөсөөр байгаа бөгөөд хүний мөс чанарыг бүхэлд нь үхүүлэхийг хүсч байгаа. Сатан энэхүү зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хуурамч сүнснүүдээр дамжуулан “үнэн мэдлэг хүнийг бүхий л хуулиас илүү болгодог”, “өөрийн бодол өөртөө зөв”, “Бурхан буруутгадаггүй”, “үйлдэгдсэн бүх гэм нүглүүд үнэндээ гэм буруу биш юм” гэх зэргээр тунхагладаг. Хүмүүс ийнхүү өөрийн хүсэл бол хүний хамгийн дээд хууль, эрх чөлөө гэж хүлээн зөвшөөрснөөр, хүн зөвхөн өөрийн өмнө хариуцлага хүлээнэ хэмээн итгэж байгаа тул завхрал, булай явдлууд хаа сайгүй дэлгэрч байгаад гайхах ёстой гэж үү? Үй олон хүмүүс махан биеийн хүслээ дагах эрх чөлөөг олгож буй сургаалуудыг баяр хөөртэйгөөр хүлээн авч байна. Биеэ захирах амин чухал зан чанарыг тачаалын буулганд оруулж, оюун ухаан, зүрхний хүч чадлыг адгуусны зөн совинд захируулах замаар Сатан Христийн дагалдагч гэж нэрлэгдэж буй мянга мянган хүмүүсийг худал, хуурмагийн торондоо баяртайгаар оруулж байдаг. Гэхдээ үхэгсдийн сүнс оршдог хэмээх худал сургаалд мэхлэгдээд байх шаардлага хэнд ч байхгүй. Бурхан дэлхийн хүмүүст энэхүү урхийг олж харах хангалттай мэдлэгийг өгсөн. Дээр үзүүлсэнээр үхэгсдийн сүнс оршдог сургаалын гол үндэс болсон гол сургаал нь Бичээсүүдийн тодорхой заалтуудтай зөрчилдөж байдаг. Библи үхэгсэд юу ч мэдэхгүй, тэдний бодлууд мөхдөг, тэд нарны доор явагдах үйлсэд оролцдоггүй, тэд дэлхий дээрх дотны хүмүүсийнхээ баяр, гунигийг огт мэдэхгүй гэж тунхагладаг. Үхэгсдийн Бурхан ертөнцөд одсон гэж буй сүнснүүдтэй холбоо барих бүх төрлийн оролдлогуудыг хатуу цээрлэдэг. Еврейчүүдийн түүхэнд өнөөдрийн үхэгсдийн сүнстэй холбоо барьддагтай адил үхэгсэдтэй холбоо барьдаг хүмүүс байжээ. Гэвч үхэгсдийн ертөнцөөс ирсэн “зуучлагч сүнснүүд”-ийг Библид “буг чөтгөрийн сүнснүүд” хэмээн зарлантунхагладаг. (Тооллого 25:1-3, Дуулал 106:28,1 Коринт 10:20, Илчлэлт 16:14-ийг харьцуулан судлаарай.) Үхэгсдийн сүнснүүдтэй харьцдаг хүмүүс Эзэний өмнө жигшүүртэйд тооцогддог байсан бөгөөд тэд нарт үхлийн цааз оноож хатуу цээрлүүлдэг байжээ. Левит 19:31, 20:27. Ид шид хэмээх үгийг өнөө үед үл тоомсорлох болжээ. Бузар сүнснүүдтэй харилцдаг хүмүүсийн тухай яриаг эрт баларын Харанхуй цаг үеийн үлгэр хэмээн тооцож байна. Гэвч хэдэн зуун мянгаар, бүр сая саяар тоологдох хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, шинжлэх ухааны салбарт нэвтэрч, сүмүүдийг эзлэн авсан үхэгсдийн сүнснүүдтэй холбоо баригчид хууль тогтоох байгууллагууд төдийгүй хаадын ивээлд багтах болжээ. Сатаны энэхүү адгийн мэхлэлт эрт цагт буруутгагдаж, цээрлэгдсэн байсан ид шид буюу орчин цагийн гэм нүглийн хэлбэр юм.AT 57.3

    Хэрэв үхэгсэдтэй холбоо баригчдын үнэн дүр төрхийг илчлэх нотолгоо хангалтгүй мэт санагдвал тэдний зөв шударга хийгээд гэм нүглийг, Христийн эрхэм дээд, ариун элч нар хийгээд Сатаны хамгийн бузар муу боолуудын хооронд ямар ч ялгаа байхгүй гэж байгаа нь Христэд итгэгчдийн хувьд хангалттай баталгаа болох ёстой. Ихээхэн гэм нүгэлтэй этгээдийг диваажинд өндөр байр сууринд залсан мэтээр үзүүлснээр Сатан дэлхий дахинд “та нар ямар ч нүгэлтэй байсан хамаагүй, Бурхан ба Библид итгэх, үл итгэх чинь хамаагүй. Дураараа амьдар, диваажинг та өвлөн авна” хэмээн хэлж байна. Үхэгсдийн сүнсэнд итгэдэг багш нар “Мууг үйлдэгч хүн бүр Эзэний мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг’ эсвэл ‘Шударга ёсыг тогтоогч Бурхан хаана байна вэ?’” (Малахи 2:17) гэж хэлж байна. Бурханы үгэнд, “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид ... гаслантай яа!” Исаиа 5:20 гэж хэлсэн байдаг.AT 59.1

    Эдгээр худалч сүнснүүд Бурханы элч нарын дүрд хувирч дэлхий дээр байхдаа Ариун Сүнсний зааврын дагуу бичиж үлдээсэн зүйлтэй үл нийцэх сургаалыг тунхаглажээ. Тэд Библийн Бурханлаг гарал үүслийг үгүйсгэж, Христэд итгэгчдийн найдварын үндэс суурийг нурааж, диваажингийн замыг заах гэрлийг бөхөөдөг. Сатан дэлхий дахинд Библи бол ердөө уран зохиолын ном бөгөөд балчир насны хүүхдэд тохирсон ном, харин өнөө үед Библийг үл хэрэгсэж байгаа тул, үеэ өнгөрөөсөн хэмээн замаасаа зайлуулахыг зааж сургаж байна. Тэгээд Бурханы үгний байр суурин дээр тэр сүнсний дамжуулсан гэх мэдээг өргөмжилдөг. Энэ бол Сатаны бүрэн эрхшээлд байдаг арга хэрэгслэл мөн. Сатан үүгээр дамжуулан дэлхий дахинд хүссэн үзлээ сургаж итгүүлж чадах юм. Түүнийг болон хамсаатнуудыг нь буруутгаж буй Судрыг тэрээр хүссэн ёсоороо харанхуйн үзлээр сүүдэрлүүлжээ.Тэрээр дэлхийн Аврагчийг эгэл жирийн хүнээс өөрцгүй болгон хувиргадаг. Есүсийн булшийг манасан Ромын цэргүүд тахилчид, удирдагчдын зааж өгсөн худал үгсийг ярьж Түүний амилалтыг үгүйсгэж байсан бол эдүгээ үхэгсдийн сүнсний үгэнд итгэгчид Аврагчийн амьдралд ямар ч онцгой, гайхамшигтай зүйл байхгүй байсан гэсэн үзлийг дэлгэрүүлэхийг оролдож байна. Тэд Есүсийг үгүйсгэхийг оролдохын сацуу хүмүүсийн анхаарлыг өөрсдийн үйлдэж буй гайхамшгууд уруу хандуулж, түүнийгээ Христийн үйлдсэн гайхамшгуудаас хавьгүй илүү хэмээн тунхагладаг. Үхэгсдийн сүнсэнд итгэгчид эдүгээ хэлбэр дүрсээ өөрчилж, хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй талуудаа далдалж, Христийн итгэл бишрэлтэй адил дүрд хувирч байгаа. Тэдний сургаалууд индэр дээрээс, сонин хэвлэлээр дамжин олон жил олны хүртээл болсоор байгаа бөгөөд түүний үнэн дүр төрх тодорсоор байна. Бузар сүнсний сургаалуудыг оршдоггүй, нууцлагдмал байгаа гэж хэн ч хэлэхгүй.AT 59.2

    Өнөө үед үхэгсдийн сүнстэй холбоо баригчид оршиж байгаа хэлбэрийн хувьд урьдынхаас илүү хүлцэн тэвчихүйц болоогүй харин ч илүү аюултай болж хувирсан, учир нь түүний хууран мэхлэлт илүү нарийн болсон. Урьд нь үхэгсдийн сүнстэй холбоо баригчид Христ болон Библийг үгүйсгэдэг байсан бол өнөө үед Христийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Т эд Библийг шинэчлэгд ээгүй зүрх сэтгэлтэй хүмүүст нийцүүлэхээр тайлбарлахын сацуу, Библийн, амин чухал үнэнийг ямар ч үр нөлөөгүй болгож байна. Тэд хайрыг Бурханы гол зан чанар гэх боловч үнэндээ дорой буурай хүний сэтгэлийн хөдлөл төдий зүйл мэт болгож, сайн муу хоёрын ялгааг үгүйсгэж эхэлсэн бараг үгүй хийжээ. Бурханы шударга ёс, Түүний нүглийг буруутгах байр суурь болон Түүний ариун хууль хэт үл тоогдох болов. Хүмүүст Арван Хуулийг үеэ өнгөрөөсөн үхмэл тушаал хэмээн зааж байна. Тааламжтай, ховсдох увидастай үлгэрүүд мэдрэмжийг эзэмдэж, хүмүүст Библийг итгэлийнхээ үндэс суурь болгохоос татгалзахад хүргэж байна. Сатан Христийг урьдын адил эрс үгүйсгэж байгаа боловч хүмүүсийн мэлмий сохорсон тул тэд мэхлэлтийг олж харж чадахгүй болжээ. Үхэгсдийн сүнстэй холбоо тогтоогчдын мэхлэх чадвар ба нөлөөнд нь автахын аюулын талаар зөв ойлголттой хүмүүс тун ховор болжээ. Олон хүмүүс сониуч зандаа хөтлөгдөн мэргэ, төөлөгчидтэй орооцолдож байна. Тэд үхэгсдийн сүнсэнд жинхэнээсээ итгэдэггүй бөгөөд сүнснүүдийн эрхшээлд орохоос айдаг. Харамсалтай нь тэд хориотой бүсэд нэвтрэн орж, улмаар хүчирхэг дайсны эрхшээлд орж, эсэргүүцэх чадвараа алддаг. Сатан тэднийг нэгэнт өөрийн талд оруулсан тул тухайн хүмүүсийг боолоо болгодог. Тэд өөрсдөө бие даан ховсдолт, уруу таталтыг эсэргүүцэх ямар ч боломжгүй байх юм. Гагцхүү чин сэтгэлийн залбирлын хариу болгон Бурханы хүч чадал эдгээр урхинд орсон хүмүүсийг чөлөөлж чадна. Зан чанарын гэмт зан авир, дутагдлаа зөнд нь орхидог, гэм нүглийг ил тод, санаатай дэмждэг бүх хүмүүс Сатаны уруу татлагыг урин дууддаг. Тэд өөрсдийгөө Бурхан болоод Түүний тэнгэр элч нарын хамгаалалтаас салдаг. Бузар нэгэн мэхлэлтээ хэрэгжүүлэхэд тэд ямар ч хамгаалалтгүй болсон учир Сатаны урхинд амархан ордог. Ийнхүү түүний эрхшээлд орсон хүмүүс амьдрал нь чухам хэрхэн төгсөхийг анзаарах сөхөөгүй болдог. Тэднийг унагаж, санасандаа хүрсэн соригч тэднийг албатаа болгож, бусдыг хөнөөхдөө ашигладаг.AT 60.1

    Энэ тухай эш үзүүлэгч Исаиа, “Тэд та нарт ‘Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд’ гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү? Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун.” Исаиа 8:19, 20 гэж сургасан. Хэрэв хүний талаарх, үхлийн талаарх бодит үнэнийг Бичээсүүдэд тодорхой зааж сургасан үнэнийг хүлээж авахыг хүсэж байсан бол үхэгсдийн сүнснүүд хийгээд тэдний үзэл сургаалаас Сатаны хүч чадал, тэмдэг болон хуурамч гайхамшгуудыг нь харах байсан. Гэвч бузар зүрх сэтгэлдээ тааламжтай санагдах эрх чөлөөг эрхэмлэж, хэт дурлах болсон гэм нүглүүдээсээ татгалзахын тулд үй олон хүмүүс гэрлийг харсан боловч нүдээ аньж, улам цаашилсаар, анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоон Сатаны бэлдсэн урхинд орж, түүний олз болдог. “Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй”, “Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэдэг.” 2 Тесалоник 2:10,11.AT 61.1

    Үхэгсдийн сүнсэнд итгэх сургаалыг эсэргүүцэж буй хүмүүс зөвхөн хүнийг эсэргүүцэж байгаа бус, харин Сатан болон түүний тэнгэр элч нарыг эсэргүүцэж байгаа хэрэг. Тэд эрх мэдэл, хүч чадал болон тэнгэрлэг газар дахь бузар муугийн хүчнүүдийн эсрэг тулалдаанд оролцож байна. Сатан тэнгэр элч нарын хүчинд автаагүй тохиолдолд нэг ч алхам ухрахгүй. Бурханы хүмүүс Аврагчийн адил Бичээст “бичигдсэний дагуу” хэмээсэн хариултаар эсэргүүцэх чадвартай байх ёстой. Сатан өнөөдөр ч гэсэн Христийн үед үйлдсэн шигээ Бичээсээс иш татдаг бөгөөд хүмүүсийг арга мэхэндээ оруулахвш тулд Библийн сургаалыг мушгин гуйвуулна. Энэхүү төгсгөлийн цаг үед итгэлээ бат хадгалахыг, босоогоороо үлдэхийг хүсэж байгаа хүмүүс Бичээсүүдийн гэрчлэлийг өөрсдөө судлан ойлгодог байх ёстой.AT 61.2

    Олон хүмүүс дотны ах дүү болон анд нөхдийнх нь дүрээр ирж, хамгийн аюултай тэрс үзэл суртлыг тунхаглах чөтгөрүүдийн сүнснүүдтэй нүүр тулах болно. Эдгээр чөтгөрийн сүнснүүд бидний сэтгэлийн хамгийн уян чавхдасыг хөндөж, мэхлэлтээ хэрэгжүүлэхийн тулд гайхамшгуудыг үйлдэх болно. Бид үхэгсэд юу ч мэддэггүй, тэрхүү үзэгдэж буй сүнснүүд бол үхэгсдийн бус буг чөтгөр юм гэсэн Библийн үнэнээр эсэргүүцэхэд бэлтгэгдсэн байх ёстой.AT 62.1

    Бидний өмнө “газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх ... цаг” (Илчлэлт 3:10) тулж ирчихээд байна. Итгэл нь Бурханы үгэнд бат суурилаагүй хүн бүр мэхлэгдэж ялагдал хүлээх болно. Сатан “бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр” хүний үр садыг эрхшээлдээ оруулахаар ирэх бөгөөд, түүний мэхлэлтүүд тасралтгүйгээр ихсэх болно. Гэвч тэрээр хүмүүс уруу таталтанд нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зорилгоо биелүүлж чадна. Үнэний мэдлэгийг чин сэтгэлээсээ эрж хайн, дуулгавартайгаар зүрх сэтгэлээ ариусгахыг хичээж чадах, бүх зүйлээрээ тэмцэлд бэлтгэж байгаа хүмүүс үнэний Бурхан бол найдвартай цорын ганц хамгаалалт болохыг харна. “Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг ... тэр цагаас хамгаалах болно” (10-р ишлэл) хэмээн Аврагч амласан. Тэрээр Өөрт нь итгэгч ганц ч хүнийг Сатаны эрхшээлд оруулахаар дийлдүүлэхээр үлдээхгүйн тулд тэнгэр элч нараа даруй илгээх болно. Эш үзүүлэгч Исаиа нүгэлт хүмүүст Бурханы игүүлтээс хамгаалагдсан мэт буруу ойлголтыг өгөх аймшигтай мэхлэлтийн талаар дурьдсан байдаг. Тэрээр “Бид үхэлтэй гэрээ байгуулсан, бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож, заль мэхээр өөрсдийгөө далдалсан” Исаиа 28:15 гэж зөгнөжээ. Энэ ишлэлд хатуу зүрх сэтгэлдээ удирдуулан нүгэлтнүүд дээр ямар ч шийтгэл буухгүй, хүн төрөлхтөн хэдий их нүгэлтэй байсан ч диваажинд өргөгдөж, өөрсдийгөө Бурханы тэнгэр элч нартай адил болно хэмээн тайтгаруулдаг хүмүүсийг дүрсэлжээ. Гэвч дээрх ишлэл үхэлтэй гэрээ байгуулж, тамтай хэлэлцээр хийж, зөвт хүмүүсийг зовлонгийн өдөрт хамгаалах Бурханы үгнээс татгалзаж, үхсэн хүмүүсийн сүнсэнд итгэх хүчтэй мэхлэлт болох Сатаны худал хуурмагт хоргодсон хүмүүсийг илүүтэй дүрсэлсэн байна. Энэ үеийн хүмүүсийн харалган байдлыг үгээр хэлэхийн аргагүй. Тэд мянга мянгаараа Бурханы үгийг итгэл шаардлагагүй гэж татгалзах атлаа Сатаны мэхлэлтүүдийг туйлын итгэлтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Ү нэнийг шүүмжлэгчид, элэглэн дооглогчид эш үзүүлэгчид, элч нарын тунхагласан итгэлийн төлөө тэмцэгчдийг сохорсон гэж буруушаадаг мөртлөө Христ ба авралын төлөвлөгөөний тухай, үнэнээс татгалзагчдын дээр буух уур хилэнгийн тухай Бичээсүүдийн чухал тунхаглалуудыг гутаан доромжлохын тулд өөрсдийгөө төөрөгдүүлдэг. Тэд Бурханы сургаалыг хүлээн зөвшөөрч, Түүний хуулийн шаардлагуудыг дагаж буй хүмүүсийн богино ухаан, сул дорой байдлыг гайхаж тэдний сэтгэлийг, мухар сүсэг хэмээн өрөвддөг. Тэд үхэлтэй гэрээ байгуулж, тамтай хэлэлцээр хийсэн мэтээр аашилж, өөрсдийгөө Бурханы уур хилэнд автагдахааргүй хана хэрмээр хамгаалагдсан мэт буруу үзэлд тун их итгэл найдлага тавьдаг. Тэд өөрсдийгөө юунаас ч айхгүй гэдэг. Тэд сорилтыг үндэслэгчид бүрэн бууж өгч, түүнтэй маш дотносож, бузар сүнсэнд бүрэн эзэмдүүлсэн тул Сатаны урхинаас мултрах хүч чадал, хүсэл тэмүүлэлгүй болсон байдаг. Сатан дэлхийг мэхлэх сүүлчийн дайралтандаа удаан хугацааны туршид бэлджээ. Тэрээр энэ ажлаа анх Еден цэцэрлэгт Евад хандан, “Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно” нэсэн баталгаа гарган эхлүүлсэн. Эхлэл 3:4,5. Тэрээр үхэгсдийн сүнсэнд итгэх үзлийг боловсруулахдаа хамгийн шилдэг мэхлэлтийн оргил бүтээлээ босгон байгуулсан. Тэрээр сэдсэн төлөвлөгөөгөө бүгдийг нь хэрэгжүүлж амжаагүй байгаа боловч эцсийн цаг хугацааны үед үүргээ бүрэн хэрэгжүүлнэ. Энэ тухай эш үзүүлэгч,“... мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав. Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм ” Илчлэлт 16:13,14 гэж хэлсэн байдаг. Бурханы үгэнд итгэн, Түүний хүчинд найдан хамгаалагдсан хүмүүсээс бусад бүх дэлхийн хүмүүст энэхүү мэхлэлтийн давалгаанд нэрвэгдэх болно. Хүмүүс хуурамч найдлагад автан үтэр түргэн зүүрмэглэж байна. Тэд гагцхүү Бурханы уур хилэн буух үед сэрээх болно. Эзэн Бурхан “Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө. Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно” Исаиа 28:17,18 гэж айлдав.AT 62.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents