Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    2—Нүгэлт хүнд Аврагч хэрэгтэй

    Хүнийг анх бүтээхэд тэрээр ариун сайхан чанартай, төв төлөв оюун ухаантай байв. Хүн төгс төгөлдөр бүтээл байсан бөгөөд Бурхантай эв зүйтэй амьдарч байлаа. Түүний бодол санаа нь цэвэр ариун, хүсэл эрмэлзэл нь гэгээн саруул авай. Гэвч дуулгаваргүйгээсээ болж сэтгэл нь буруудаж, хувиа хичээх үзэл зүрхнээс нь хайрыг шахан гаргажээ. Гэм нүгэл хүнийг маш сулруулж, муу муухай юмыг бие даан эсэргүүцэх тэнхэлгүй болгов. Хүн Сатанд олзлогдож, хэрэв Бурхан онцгой аргаар оролцоогүйсэн бол үүрд нүгэлтэн хэвээр үлдэх байсан юм. Уруу татагч Этгээд Бурхан хүнийг анх бүтээхдээ зохиосон төлөвлөгөөг нь нурааж, хорвоо дэлхийг гаслан зовлонгоор дүүргэх тооцоотой байжээ. Ингэснээрээ Сатан нүглийн бүхий л үүр уурхайг хүнийг бүтээгч Бурхан буй болгосон гэж зэмлэн буруушаах санаатай байсан юм.MonSC 16.1

    Хүн гэм нүгэлгүй байх үедээ «мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан» (Колоссай 2:3) Бүтээгч лүгээ баяр баясгалантай харьцаж байсан юм. Гэвч хүн нүгэлд унасныхаа дараа гэгээн амьдралд баярлаж хөөрөхөө ч бүр больж, Бурханаас нүүр буруулж далдрахыг эрмэлзэх болсон билээ. Шинэтгэгдээгүй хүмүүс одоо хүртэл иймэрхүү л байдалтай байна. Тэд Бурхантай нийцдэггүй, Түүнтэй харьцахдаа баяр жаргалыг эдэлж чадцаггүй байна. Нүгэлт хүн Бурханы дэргэд аз жаргалтай байж үл чадах ба ариун юмстай харилцахаас зайлсхийх билээ.MonSC 16.2

    Тийм хүн тэнгэрт илгээгдлээ ч баярлаж хөөрөхгүй байхсан биз ээ. Зүрх сэтгэл бүхэн Бүтээгчийн хязгааргүй хайр энэрлийг уриалгахан хүлээж авдаг тэр газар ч гэсэн нүгэлт хүний сэтгэл үл сэргэхсэн билээ. Тэнгэрт амьдрагсадын ариун дагшин хүсэл, сонирхол, бодол сэхээрэл түүнд маш хол хөндий байхсан. Нүгэлт хүн тэнгэрийн ая эгшгийг эвдэн гутаах биз ээ. Тэнгэр дэх амьдрал түүнд шаналгаатай бөгөөд тэнгэрт оршин суугчдын гэрэл гэгээ, баяр баясгалангийн цогцлол болсон Бурханаас нүүр буруулан, далдрахыг л тэр хүсэх буй заа. Бурхан дур зоргоороо шийдэж, нүгэлтэн олныг тэнгэрт гаргахгүй байгаа хэрэг огт биш ээ. Тэд гэм нүглийнхээ улмаас тэнд амьдарч чадахгүй болохоор л аваачихгүй байгаа юм. Бурханы гэгээн алдар тэдний хувьд «нүглийг хуйхлах гал дөл” байхсан билээ. Өөрсдийг нь аврахын төлөө амиа өгсөн Түүнээс нүүр буруулахын тулд тэд үхсэн нь дээр гэж бодох биз.MonSC 17.1

    Бид өөрсдийнхөө буруугаас болж унасан нүглийн харанхуй ангалаас бие даан гарч чадахгүй. Бидний дотор муу юм оршиж, бид өөрсдийгөө өөрчилж чадахгүй байна. «Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй» (Иов 14:4). «Махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй» (Ром 8:7). Соёл, боловсрол, хүсэл зоригийн дасгал, хүний хүчин чармайлт орчиндоо л зохистой сайн боловч энд хүчин мөхөсдөнө. Тэдгээрийн тусламжтайгаар өнгөн дээрээ зөв зохистой байж болох боловч сэтгэл санааг өөрчлөх юм уу эсвэл амьдралын эх сурвалжийг ариусгаж чадахгүй. Нүгэлтэн хүнд ариун болохын тулд дотроос үйлчлэх хүч, дээрээс заяах шинэ амьдрал аргагүй чухал. Тэр хүч бол Христ юм. Гагцхүү Түүний ивээл сэтгэл санааны доройтлыг сэргээж, Бурхан хийгээд ариун ёсонд татаж чадна.MonSC 17.2

    Аврагч айлдсан нь: «Хэн дээрээс эс төрнө», өөрөөр хэлбэл хэрэв хүн шинэ амьдрал өөд хөтлөх шинэ сэтгэл, шинэ хүсэл, шинэ зорилго олж авахгүй юм бол «Бурханы хаанчлалыг олж харж чадахгүй» (Иохан 3:3).MonSC 18.1

    Хүнд байгалиас заяасан сайн сайхан зүйлийг л хөгжүүлэх хэрэгтэй мэтээр боддог хүмүүс гүнзгий төөрөлдөж байна. «Төрөлх хүн Бурханы сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг» учир «чи дээрээс төрөх ёстой гэж хэлсэнд бүү гайх» (1 Коринт 2:14, Иохан 3:7). Христийн тухай «Түүнд амь байсан, тэр амь нь хүмүүсийн гэрэл гэгээ байв» бөгөөд «бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” хэмээн өгүүлсэн байдаг (Иохан 1:4; Үйлс 4:12). Хүн Бурханы нигүүлсэнгүй сэтгэл, Түүний сайхан чанар, эцэг ёсны энэрэл халамжийг ухамсарлаж, Түүний хуулийн цэцэн мэргэн, чигч шудрагыг олж харж, тэрхүү хууль нь хайр энэрлийн мөнхийн зарчимд үндэслэсэн гэдгийг ойлгож байгаа нь сайн хэрэг. Гэвч зөвхөн энэ нь хангалттай бус.MonSC 18.2

    Номлогч Паул «Хуулийг сайн гэдгийг зөвшөөрч буй”, «Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм» хэмээн дуу алдахдаа тэр бүхнийг мэдэж байсан юм. Чингэхдээ тэр сэтгэлээ өвтгөн, гасалж цөхрөн байж «Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан» гэж нэмж хэлжээ (Ром 7:16, 12, 14). Тэр өөрийн хүчээр хүртэж чадахгүй ариун явдал, зөвт ёсыг туйлаас эрмэлзэн, «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” гэж халаглан асуусан юм (Ром 7:24). Ийм харуусал цөхрөл нүгэлд дарагдсан сэтгэл зүрхний угаас гардаг бөгөөд газар сайгүй, цаг үргэлж сонсогдсоор иржээ. Тэр бүхэнд «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун» гэсэн ганц л хариулт буй (Иохан 1:29).MonSC 18.3

    Бурханы сүнс гэм буруугийнхаа дарамтаас чөлөөгдөхийг эрмэлзэгч хүмүүст энэ үнэнийг таниулахын тулд олон тооны дүр зургийг ашигладаг. Исавыг хуураад, нүгэл үйлдэж, эцгийнхээ гэрээс зугтахдаа Иаков гэм буруугаа ухамсарлаад уруу царайлчихсан байсан билээ. Ганцаардмал, гэр оронгүй, үнэтэй цэнэтэй бүхнээсээ тусгаарлагдсан түүнийг үйлдсэн нүгэл нь Бурханаас салгаж, түүнийг сэтгэлийг «Тэнгэрт хаягдсан» гэдэг бодол юу юунаас илүү шаналгаж байсан юм. Тэр гуниглан гутарч цулгуй газар дээр алжаалаа тайлахаар хэвтжээ. Түүний эргэн тойронд эзэнгүй зэлүүд дов толгод, дээр нь од мичид гялалзсан тэнгэр харагдаж байлаа. Тэгээд зүүрмэглэтэл хачин сонин гэрэл гэгээ цацарч, хэвтэж байсан газраас нь дээшлэн дээшилсээр бүр тэнгэрийн хаалга хүрсэн өргөн шатны бүдэгхэн дүр зураг зүүдэнд нь харагджээ. Энэ шатаар Бурханы тэнгэр элч нар өгсөж уруудан ахуйн сацуу бүхний дээрээс Бурхан түүнийг тайтгаруулж, итгэл найдварын үгс айлдах нь сонсдож авай. Ийнхүү Иаков, түүний хүслийг гүйцээж, харангалсан сэтгэлий нь дэвтээх Нэгэн болох Аврагч юугаа таньж мэдэх тавилантай байжээ. Нүгэлтэн Иаков Бурхантай холбоо тогтоох замаа тийм баяр талархалтайгаар олж харсан юм. Түүний зүүдэндээ үзсэн учир битүүлэг шат нь Бурхан хүн хоёрын хоорондох цорын ганц зуучлагч - Есүсийг бэлэгдэж байв.MonSC 19.1

    Христ Натанаелтай ярилцахдаа энэ бэлэг тэмдгийг дурьдаж байсан юм. «Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар хүний хүүгийн дээр өгсөх ба уруудахыг үзэх болно” гэж Тэрбээр айлдсан билээ (Иохан 1:51). Хүн нүгэл үйлдээд Бурханаас цэрвэдэг болж, газар- тэнгэрийн хоорондох холбоо тасарч, ангал үүсч Түүнтэй харилцаа тогтоох боломжгүй болжээ. Гэвч Христийн ачаар газар дэлхий тэнгэртэй дахин холбоо тогтоосон юм. Христ Өөрийн гавъяа зүтгэлээр нүгэл хилэнцийн ангал дээгүүр гүүр тавьж, тэнгэр элч нар хүмүүстэй харилцаж, тэдэнд хүчин зүтгэх боломжтой болжээ. Христ цөвтөж доройтсон хүнийг хүчин мөхөс, арчаагүй янзаар нь хязгааргүй хүчин чадлын Эх сурвалжтай холбож өгсөн байна.MonSC 19.2

    Нүгэлд унасан хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, тусламж үзүүлэх цорын ганц Эх сурвалжийг хүмүүс үл ойшоох юм бол, хөгжил дэвшлийг мөрөөдсөн бүхий л мөрөөдөл, хүн төрөлхтнийг оюун санааны хувьд өөд татах гэсэн аливаа оролдлого талаар өнгөрнө. «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, Эцэгээс бууж ирдэг” (Иаков 1:17). Түүнгүйгээр зан байдлын жинхэнэ төгс төгөлдөр чанарыг сэтгэхийн арга байхгүй. Бурханд зөвхөн Христээр дамжиж л хүрч чадна. Тэрбээр «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэжээ (Иохан 14:6).MonSC 20.1

    Бурхан Өөрийнхөө газар дээрх хүүхдүүдтэй үхлээс хавьгүй хүчтэй хайраар холбогдсон байдаг юм. Өөрийнхөө Хүүг өгөхдөө, Тэр бидэнд тэнгэрийн бүх эрдэнэсийг нэгэн бэлэг болгон барьсан билээ. Аврагчийн амьдрал, үхэл болоод зуучлал, тэнгэр элч нарын хүчин зүтгэл, Ариун Сүнсний уриа дуудлага, бүхнээр дамжуулан бүхний дээр үйлдэгч Эцэгийн халамж, тэнгэрт амьдрагсдын гандан бууршгүй хүсэл сонирхол - энэ бүхэн хүн төрөлхтнийг аврахын тулд билээ.MonSC 20.2

    Бидний төлөө өргөсөн гайхамшигт Өргөлийн тухай байнга бодоцгоож, төөрөгсдийг аварч, тэднийг Эцэгийн гэрт эгүүлэн аваачих гэсэн Тэнгэрийн цуцалтгүй хүчин чармайлтыг үнэлж цэгнэх гээд оролдоод үзье. Бидэнд мөнхийн амь бэлэглэх энэхүү үйлс явдалд хамгийн хүчтэй сэхээрэл ба юмс оролцжээ. Зөвт хэргийн төлөөх агуу шагнал, тэнгэрийн баяр баясгалан, тэнгэр элч нар хийгээд Эцэг болон Түүний Хүүтэй тогтоосон харилцаа, эцэс төгсгөлгүй үеүдийн туршид бидний чадварыг өөд татан хөгжүүлсэн явдал - энэ бүхэн биднийг Бүтээгч болон Аврагчийн төлөө хамаг зүрх сэтгэлээсээ хүчин зүтгэхэд уриалан дуудахгүй байна гэж үү?MonSC 20.3

    Нөгөөтэйгүүр, нүглийг шүүх Бурханы шүүлт, зайлбаргүй шийтгэл, ёс суртахууны доройтол, эцсийн мөхөл сүйрэл - энэ бүхэн Сатанд хүчин зүтгэхээс биднийг сэргэмжлүүлэхийн тулд Бурханы айлдварт бичигдсэн байдаг юм.MonSC 21.1

    Бид Бурханы өршөөлийг хүлээн авахгүй гэж үү? Тэр бидний төлөө илүү өөр юу хийх ёстой юм бэ? Биднийг ийм гайхалтай хайраар энэрэн хайрласан Түүнтэй зөв зохистой харилцаа тогтооё л доо. Түүнтэй төст байдлыг олж, Эцэг, Хүү болон хүмүүнд хүчин зүтгэхээр илгээгдсэн тэнгэр элч нартай эв зүй харьцаанд эргэн орохын тулд бидэнд өгөгдсөн юмсыг ашиглацгаая.MonSC 21.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents