Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    6—Хасс болон Иером

    Cайн мэдээ есдүгээр зуунд Бохемид дэлгэрсэн билээ. Библи орчуулагдан, ард түмэн эх хэл дээрээ залбирдаг болов. Гэвч папын эрх мэдэл өсөн нэмэгдэж, Бурханы үг хомсодсоор байлаа. Хаадын бардам занг номхотгохоор өргөмжлөгдсөн VIII пап Грегори ард олныг боолчлох санаагаа гүйцэлдүүлэхээр олон нийтийн залбирлыг Бохеми хэл дээр явуулахыг хоригложээ. Пап энэ талаар «Мөргөлийн ёслолыг хүмүүсийн үл мэдэх хэлээр гүйцэтгэх нь Алдаагүй Дутагдалгүй Бурханы таалалд нийцдэг бөгөөд энэ журмыг үл хайхарснаас болж олон жигшүүрт гэмт хэрэг, тэрс үзэл бий болсон» гэж хэлжээ.—Wylie, b. 3, ch. 1. Ром ийм байдлаар Бурханы Үгнээс гарах гэрлийг бөхөөж, ард түмнийг харанхуйд байлгах хууль баталсан юм. Гэвч Бурхан сүмээ хамгаалах өөр арга замыг нээн өгчээ. Хавчлагад өртөж, орон гэрээ орхисон Уолденсчууд, Аблигенсчууд Франц болон Италиас Бохемид ирцгээв. Тэд ил тодоор номлож зүрхлээгүй ч, далдуур тун гал цогтой хөдөлмөрлөж байлаа. Тэд ийм байдлаар үнэн итгэл бишрэлээ зуун зууны туршид хадгалсаар ирсэн байна.{АМ 97.1}Aм 83.1

    Өөрчлөн Шинэчлэгч Хассыг гарч ирэхээс өмнө сүмийн доройтол болон ард түмнийг мунхруулж буй байдлыг ил тод буруушаадаг хүмүүс Бохемид байсаар байв. Тэдний хичээл зүтгэл хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байлаа. Сүмийн зэрэгтнүүд айдаст автаж, сайн мэдээ түгээгчдийг хавчсаар байлаа. Аргагүй байдлаас болж балар ой, уул модонд бүгэн, Бурханыг шүтэж байсан итгэгчдийг цэргүүд хайж, олноор нь алж хядаж байв. Тун удалгүй Ромын сүмийн ёс заншлыг дагахаас татгалзсан хүмүүсийг шатаах зарлиг гарчээ. Христэд итгэгчид амиа алдсанаар эцэстээ ялалт байгуулах болно хэмээн сургаж байв. «Цовдлогдсон Аврагчид итгэснээр аврагддаг гэдэгт итгэж байсан нэгэн хүн амиа алдах үедээ, «Үнэний дайснуудын уур хилэн өнөөдөр биднийг ялан дийлсэн ч, тэд биднийг мөнхөд дийлэхгүй. Жирийн хүмүүсээс илдгүй, эрх мэдэлгүй нэгэн гарч ирэх болно. Тэр хүнийг ялан дийлж чадахгүй» гэж зөгнөсөн байдаг.—Ibid., b. 3, ch. 1. Лютерын гарч ирэх цаг арайхан болоогүй байсан ч Ромын эсрэг гэрчлэлээрээ үндэстнүүдийг сэрээх нэг хүн гарч иржээ. {AM 97.2}Aм 83.2

    Жонн Хасс бол дорд гаралтай, хар багаасаа эцгээ алдсан нэгэн байв. Түүний итгэлтэй эх нь Бурханаас эмээх нь эрхэм баялаг хэмээн үзэж, хүүдээ тэдгээрийг өвлүүлэхээр хичээж байв. Хасс орон нутгийнхаа сургуульд суралцаж, улмаар тэтгэлэгт хамрагдан, Праг хотын их сургуульд суралцжээ. Бэлэвсэн эх нь түүнийг Праг хүртэл гаргаж өгсөн ч хүүдээ өгөх эд хөрөнгө байсангүй. Тэрээр Прагт ойртон ирээд, эцэггүй өссөн хүүгийнхээ өмнө сөгдөн сууж, тэнгэр дэх Эцэгийн ерөөлийг хүсэн гуйв. Бурхан залбиралд нь хэрхэн хариулахыг хөөрхий эх төсөөлсөн ч үГүЙ. {AM 98.1}Aм 84.1

    Хасс их сургуульд суралцаж хичээл зүтгэл, мэдлэгээрээ толгой цохиж, гэмгүй, даруу дөлгөөн зан чанар, нүдэнд дулаахан дүр төрхөөрөө бүгдийн хайр хүндэтгэлийг хүртжээ. Хасс Ромын Сүмийн үнэнч итгэгч байсан бөгөөд сүнслэг ивээлийг бүх зүрх сэтгэлээсээ эрж хайж байлаа. Тэрээр шашны нэгэн баяраар уучлал, цагаатгал хүртэхээр халаасандаа байсан эцсийн хэдхэн зоосоо бүгдийг нь сүмд өргөөд, жагсаалд оролцжээ. Хасс коллежоо төгсөөд сахил хүртэн, албан тушаал ахиж улмаар хааны албанд зүтгэж эхлэв. Тэрээр профессорын цол хүртэж, төгссөн сургуульдаа захирал нь болсон байна. Тэтгэлгээр сурсан Хасс хэдхэн жилийн дотор улс орны бахархал болж, алдар нэрээ Европ даяар цуурайтуулж эхэлжээ. {AM 98.2}Aм 84.2

    Улмаар Хасс Өөрчлөн Шинэчлэлтийн шинэ талбарыг эхлүүлсэн юм. Тэрээр сахил хүртээд цөөхөн хэдэн жилийн дараа Бетлехем сүмд номлогчоор томилогдон ажиллажээ. Энэ сүмийг үүсгэн байгуулагч нь Бичээсийг хүмүүсийн төрөлх хэл дээр номлохыг чухалчилж, дэмждэг байв. Ром үүнийг эсэргүүцэж байсан ч Бохемид Бичээсийг бүрмөсөн хориглож чадаагүй байлаа. Харамсалтай нь Библийг мэдэх хүн ховор байсан бөгөөд, зүсэн бүрийн жигшүүрт хэргүүд ард түмний дунд газар авсан байв. Хасс энэ бузар үйлдлийг хайр найргүй буруутгаж, үнэн болон ариун зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Бурханы үгэнд анхаарах хэрэгтэй хэмээж байв. {АМ 99.1}Aм 84.3

    Хожим Хассын найз болсон Праг хотын иргэн Иером Англиас буцаж ирэхдээ Виклифийн бичвэрийг авчирчээ. Виклифийн бичвэрт итгэдэг Английн хатан Бохеми гаралтай гүнж байжээ. Тэрээр хүч нөлөөгөө ашиглан Өөрчлөн Шинэчлэгчийн бичвэрийг төрөлх нутагтаа түгээж байлаа. Хасс энэ бичвэрийг сонирхон уншив. Тэрээр уншсан зүйлсдээ чин сэтгэлээсээ итгэж, санал болгосон шинэчлэлтэд нааштай хандах болжээ. Хасс ийнхүү санаандгүйгээр Ромоос холдох замаар замнаж эхэлсэн юм., {АМ 99.2}Aм 84.4

    Энэ үед Англиас өндөр боловсролтой, үнэний гэрлийг алс газарт дэлгэрүүлэх зорилготой үл таних хоёр хүн Праг хотод иржээ. Тэд папын хэмжээлшгүй эрх мэдлийг шүүмжилсэн боловч удалгүй эрх мэдэлтнүүдэд амаа хамхиулсан юм. Гэвч зорьсон хэргээсээ няцахыг хүсээгүй энэ хүмүүс өөр аргыг сонгож тэмцлээ үргэлжлүүлэв. Тэд номлогч, уран бүтээлч байсан тул авьяас чадвараа ашиглахаар шийдэж, олон хөлийн газарт зураг зурж эхлэв. Эхний зурагт дагалдагчдаа дагуулан «Илжиг ... унаж, эгэл даруухнаар» (Матай 21:5) элэгдсэн хувцастайгаа, хөл нүцгэн Иерусалим хотод орж ирж байгаа Христийг дүрсэлсэн байлаа. Хоёр дахь нь тансаг нөмрөг нөмөрч, чимэгтэй морь унаж, бүрээ татуулан, гурван титэм зүүсэн папын сүржин санваартнууд сүмийн зэрэгтнүүдээ дагуулан, сүрт жагсаал хийж яваа зураг байв. {АМ 99.3}Aм 85.1

    Тэдний зураг бүх давхаргын хүмүүсийн анхаарлыг татсан хүчтэй номлол боллоо. Зургуудыг үзэхээр олон хүн ирж, Эзэн Есүс Христийн эгэл даруу, төлөв дүр, Есүсийн зарц гэгдэх папын бардам, дээрэнгүй дүрийг харьцуулах нь үзсэн хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Зургийн утгыг ойлгоход хэцүү зүйл байсангүй. Праг хотод үймээн дэгдэж, өнөөх хоёр удалгүй аюулд орсон тул хотоос явахаас өөр аргагүйд хүрэв. Гэвч тэдний хүмүүст үзүүлсэн сургамж мартагдаагүй. Тэдгээр зургууд Хассын сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлж, Библи болон Виклифийн бүтээлүүдийг нарийвчлан судлахад нөлөөлжээ. Тэрээр Виклифийн дэвшүүлсэн шинэчлэлтийг бүгдийг хүлээн зөвшөөрөхөд хараахан бэлэн бус байсан ч папын үнэн дүр төрхийг хараад, сүмийн зэрэгтнүүдийн бардамнал, эрх ашиг болон завхралыг буруутгаж эхэлсэн юм. (АМ 100.1)Aм 85.2

    Прагийн Их Сургуульд үүссэн үймээн олон зуун Герман оюутнуудыг нутаг буцахад нөлөөлж энэ нь Бохемиас Германд үнэний гэрэл түгэхэд нөлөөлжээ. Тэдгээрийн дунд Хассын заасан Библийн мэдлэгийг эх нутагтаа түгээсэн олон оюутан залуус байлаа.{AM 100.2}Aм 85.3

    Праг хотод болж буй үйл явдал Ромын сонорт хүрч, Хассыг папын өмнө ирэхийг шаардав. Папын өмнө очно гэдэг өөрийгөө үхэлд тушааж буй хэрэг байлаа. Гэвч Бохемийн хаан, хатан, их сургууль, язгууртнууд болон хааны албатууд бүгд папаас Хассыг Прагт үлдээж, Ромд биет төлөөлөгч илгээж хариу өгөх зөвшөөрөл хүслээ. Пап хүсэлтийг нь авч хэлэлцэлгүй Хассыг шүүн, яллаж, Праг хотод хориг тогтоов.{АМ 100.3}Aм 85.4

    Тухайн үед хориг тогтоосон хотод ноцтой хямрал үүсдэг байв. Хоригийн үед пап там болон диваажингийн түлхүүрийг атгаж, дэлхий болон үүрдийн хувь тавиланг шүүх эрх мэдэлтэй Бурханы амьд дүр хэмээн хүмүүсийг зориуд айлган, сүрдүүлэх зорилготой зан үйлийг үйлддэг байлаа. Ийнхүү папын хориг тогтоосон газар диваажингийн хаалга хаагддаг тул папад тал засаж, хоригийг цуцлуулахгүй бол үхэгсэд нь диваажинд орж чадахгүй гэж итгэдэг байв. Аймшигт хоригийн үед бүх шашны үйл ажиллагааг зогсоодог байжээ. Сүмүүд хаалгаа барьсан байлаа. Хосуудын гэрлэлт сүмд бус сүмийн хашаанд явагдаж байв. Оршуулах ариун газаргүй болсон гэж үзэх учраас үхэгсдийг ёслол үйлдэлгүй гуу жалга, хээр талд булшилдаг байв. Ромын сүм ийм санаанд багтамгүй аргаар хүмүүсийг эрхшээлдээ оруулж байлаа.{АМ 101.1}Aм 85.5

    Праг хот ийнхүү үймээн самуунд автав. Хүмүүс Хассыг бүх зовлон бэрхшээлийн үндэс хэмээн буруутгаж түүнийг Ромд тушаахыг шаардаж байв. Нөхцөл байдлыг намжаахын тулд Өөрчлөн Шинэчлэгч арга буюу төрөлх тосгон уруугаа хэсэг хугацаанд буцжээ. Тэрээр Прагт үлдсэн анд нөхдөдөө та нарын дундаас явсан маань эрүүл ухаангүй хүмүүсийг мөнхийн шийтгэлд унагаахгүйн тулд, үнэнч итгэгчдийг дарамт зовлонд унагахгүйн тулд Есүс Христийн үлгэр дуурайлыг дагаж байгаа юм. Би явснаар итгэл бишрэлгүй санваартнууд та нарт Бурханы үгийг номлуулахгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ би Бурханы хүслээр амиа зориулахад бэлэн байгаа бөгөөд би тэнгэрийн үнэнийг үгүйсгэх гэсэн юм биш” гэж бичсэн байдаг.—Bonnechose, The Reformers Before the Reformation, vol. 1, p. 87. Xacc ажлаа зогсоогоогүй ба харин ч ойр хавийн бүх нутгаар явж, олон түмэнд номлол хийсээр байв. Ийнхүү сайн мэдээг устгах гэсэн папын оролдлого сайн мэдээг дэлгэрүүлэхэд нөлөөлсөн юм. «Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө бүхнийг хийж чадна.» 2 Коринт 13:8. {АМ 101.2}Aм 86.1

    «Хассын оюун санаа тухайн үетэйгээ зөрчилдөж байгаа мэт байв. Сүм хэдийгээр аянга мэт ниргэж, айлган сүрдүүлэхийг оролдсон ч тэрээр сүмийн эрх мэдлийг үгүйсгээгүй. Түүний хувьд Ромын Сүм Христийн сүйт бүсгүй, пап Бурханы амьд дүр ба биет төлөөлөгч хэвээр байв. Хасс эрх мэдлийг эсэргүүцэх бус харин эрх мэдлийг буруу ашиглаж байгааг эсэргүүцэн тэмцсэн байна. Энэ бүхэн үзэл бодол, ухамсарт нь ноцтой зөрчил үүсгэв. Хэрэв түүний итгэж байсан папын эрх мэдэл зөв шударга, алдаа дутагдалгүй байсан бол яагаад түүнд дуулгавартай байхаас цээрлэнэ вэ? Папыг дагах нь гэм нүгэл гэдгийг ойлгожээ. Хэрэв сүм алдаа дутагдалгүй юм бол дуулгавартай байх нь яагаад гэм нүгэл гэж тооцогдох ёстой вэ? Хасс энэ асуултанд хариулт олж чадахгүй байсан бөгөөд үүнээс болж олон цагаар шаналж байлаа. Ийнхүү тэрээр сүмийн санваартнууд Аврагчийг ирэхийн өмнөх адил гэм нүгэлд автаж, хууль ёсны эрх мэдлээ хууль бус зүйлсэд ашигласнаас ийм нөхцөл үүслээ гэсэн дүгнэлтэнд хүрэв. Эцэст нь Хасс Бурханы Бичээс оюун ухааныг жолооддог гэдгийг хүлээн зөвшөөрч, Бурханаар удирдуулж, сайн мэдээг түгээх шийдвэр гаргажээ. Тэрээр санваартнуудын сүм бус харин Библийг өргөмжилж буй Бурхан бол цорын ганц үнэний зам мөн” хэмээн тунхаглаж байв.— Wylie, b. 3, ch. 2.{АМ 102.1}Aм 86.2

    Праг хотод дэгдсэн үймээн хэсэг хугацааны дараа намжихад Хасс Бурханы үгийг илүү хүчтэй, эр зоригтойгоор номлохоор Бетлехем сүмдээ буцан иржээ. Дайснууд нь идэвхтэй, эрх мэдэлтэй байсан ч хатан хаан язгууртнуудаас бүрдсэн ард олон түүнийг дэмжиж, түүний талд оржээ. Түүний ариун, гэгээрүүлсэн сургаал болон амьдралыг Ромын номлодог доройтсон үзэл суртал сувдаг шунахай, садар самуун үйл явдлуудтай харьцуулаад Хассын талд орохыг нэр төрийн хэрэг гэж олон хүн үзсэн юм.{АМ 102.2}Aм 87.1

    Хасс ганцаараа үйлчилж байсан ч Англид байхдаа Виклифийн сургаалыг хүлээн зөвшөөрсөн Иером гэдэг Өөрчлөн Шинэчлэгчтэй хамтрах боломжтой болов. Үүнээс хойш хоёр Өөрчлөн Шинэчлэгч үйл хэргээрээ амьдралаа холбож үхэх хүртлээ хамт байсан юм. Иером олны сэтгэлийг эзэмдсэн суу билиг, уран үг яриа, өргөн мэдлэгтэй хүн байсан бол Хасс хүчтэй, тогтвортой зан чанартай хүн байв. Хассын тогтуун зан Иеромын түргэн занд даруулга болдог байсан бөгөөд Иером даруу зангаар үгийг нь хүлээн зөвшөөрч, зөвлөгөөг сонсдог байв. Тэдний хамтын хөдөлмөрийн үрээр Өөрчлөлт Шинэчлэлт хурдацтай өргөжсөн байна.{АМ 102 3}Aм 87.2

    Бурхан энэ сонгогдсон хүмүүсийнхээ ой ухаанд агуу гэрлээ тусгаж, Ромын олон алдааг илчилж өгсөн ч дэлхийд өгсөн үнэний бүх гэрлийг тэд хүлээж чадаагүй байв. Бурхан зарц нараараа дамжуулан олныг Ромын харанхуйн дарангуйллаас чөлөөлж байсан ч тэдэнд даван туулах маш их саад бэрхшээл байсаар байлаа. Тэрээр зарц нарынхаа даах хэмжээгээр, алхам алхмаар үнэнээ мэдүүлэн удирдан дагуулж байв. Тэд бүх үнэнийг бүхэлд нь нэг дор хүлээн авч чадахааргүй байв. Харанхуйд удаан байсан хүмүүсийг үдийн хурц наранд гаргах адил хэрэв бүх үнэнийг нэг дор танилцуулсан бол өөрийн эрхгүй гялбаж, нүүрээ буруулах байв. Бурхан удирдагчдадаа хүмүүсийн ойлгох чадварынх нь хэмжээгээр үнэнийг бага багаар илчилж байлаа. Зуун зууны туршид үнэнч ажилчид төрж, ард олныг өөрчлөн шинэчлэхээр ажиллах ёстой байв.{АМ 103.1}Aм 87.3

    Сүм доторх хуваагдал улам гүнзгийрсэн ба нэгэн зэрэг тодорсон гурван пап эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, тэмцлийнх нь балгаар Христэд итгэгч хаанчлалууд, гэмт хэрэг, үймээн самуунд дарагдсан юм. Өөр зуураа тэмцэж, хориг тавьж ханаагүй тэд удалгүй хүйтэн зэвсгээр тэмцэх болов. Пап бүр зэвсэг хурааж, цэрэг татах болов. Үүний тулд мөнгө хэрэгтэй байлаа. Энэ мөнгийг олохын тулд папууд сүмийн эд зүйлс, албан тушаал, ивээл ерөөлийг худалдах болов. Сүмийн санваартнууд хүртэл дайснаа дарж, хүч чадлаа зузаатгахын тулд удирдагчдаа дуурайн эд хөрөнгөний шуналд автан, дайн дажин өдөөх болов. Хасс өдрөөс өдөрт зоригжиж, шашны нэрээр үйлдэгдэж буй жигшүүрт хэргийн эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Удалгүй ард түмэн Христэд итгэгч улсуудыг цөлмөж буй үй түмэн зовлонгийн төлөө Ромын удирдагчдыг ил тод буруутгаж эхлэв. {АМ 103.2}Aм 87.4

    Праг хотод дахиад цуст тэмцэл болоход ойрхон байв. Хүмүүс урьдын адил Бурханы үнэнч зарц «Израилийг зовоогч” (Хаадын Дээд 18:17) хэмээн буруутгаж эхлэв. Хотод дахин хориг тогтоож Хасс төрөлх тосгон уруугаа буцжээ. Тэрээр дотносон дассан Бетлехемийн сүмд хийж байсан гэрчлэлээ төгсгөх шаардлагатай боллоо. Тэрээр үнэнийг гэрчлэх амиа зориулахаасаа өмнө бүх Христийн улс орнуудад хандаж, илүү өргөн хүрээнд ажиллах учиртай байв.{АМ 104.1}Aм 88.1

    Европыг түйвээж буй гай зовлонг зайлуулахын тулд Констанц хотноо ерөнхий зөвлөл хуралдав. Энэ зөвлөлийг Сигизмунд хааны санаачлагаар өрсөлдөгч гурван папын нэг болох XXIII Жонн зарлан дууджээ. Зөвлөл хуралдуулна гэдэг Жонн папын хүссэн зүйл биш байлаа. Учир нь тухайн үеийн сүмийн ёс суртахуунаар доройтсон гол санваартнууд түүний зан чанар, ажил үйлсэд эргэлзээтэй ханддаг байв. Гэсэн хэдий ч тэрээр Сигизмундын саналыг үл тоож зүрхэлж чадаагүй юм.{АМ 104.2}Aм 88.2

    Зөвлөлийн зорилго нь сүмийн хагарлыг арилгаж, буруу үзэл суртлыг үндсээр нь таслан зогсоох байв. Тиймээс энэ зөвлөлд өрсөлдөгч хоёр пап болон шинэ үзэл суртлыг зааж буй Жонн Хассыг дууджээ. Хоёр пап аюулгүй байдлынхаа үүднээс өөрийн элч төлөөлөгчдөө илгээжээ. Зөвлөлийг зарлан хуралдуулж буй нэр зүүсэн пап Жонн түүнийг папын суудлаас түлхэн унагах далд санаатай байж магад хэмээн сэжиглэн, папын суудлыг авахын тулд үйлдсэн жигшүүрт хэрэг, папын нэрийг гутаасан бузар ажлуудын төлөө хариуцлага хүлээхээс ихэд эмээсээр ирэв. Ихэнхдээ тэрээр Констанц хотод сүмийн өндөр зэрэгтнүүд, эрх мэдэлтнүүд болон олон бараа бологчдоо дагуулан, сүр бараатай орж ирдэг байв. Хотынхон хүртэл бүх сүмийн зэрэгтнүүд, эрх мэдэлтнүүд болон үй олон хүн ардын хамт угтан авахаар цугласан байлаа. Түүний тэргүүн дээр тэргүүн сүмийн дөрвөн өндөр албан тушаалын түшмэл алтан шүхэр барьсан байлаа. Олноороо цугласан жагсаалд санваартнууд болон язгууртнуудын тансаг хувцас сүртэй харагдаж байв., {АМ 104.3}Aм 88.3

    Тэр үед өөр нэгэн аянчин Констанц хот руу ойртож байлаа. Хасс ямар аюул заналхийлж буйг мэдэж байв. Тэрээр анд нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгэж, цаазын тавцан уруу явж байгаа мэтээр аян замд гарчээ. Хэдийгээр түүнд Бохемийн хаан болон хаан Сигизмунд хоёр батлан даалт гаргаж өгсөн ч Хасс болзошгүй үхэлд бэлтгэн, бүх зүйлсээ зохицуулсан байв. {АМ 104.4}Aм 88.4

    Тэрээр Праг хотын анд нөхдөдөө хандан «Ах дүү нар аа,... би тоолж баршгүй, хөнөөлт дайснуудтайгаа нүүр тулахаар хааны батлан даалттай явж байна. ... Би бүхнээс хүчит Бурхан, Аврагчдаа бүрэн найдаж байна. Бурхан тэднийг эсэргүүцэх хүчийг хайрлах тул та бүхний хичээнгүй залбирлыг сонсож, мэргэн ухаанаар өсч, үнэн дотроо хүчирхэгжүүлэхээр надад Ариун Сүнсээ өгнө гэдэгт итгэж байна. Тэгвэл би сорилт, гяндан, шаардлагатай бол балмад үхэлтэй зоригтойгоор нүүр тулах болно. Есүс Христ хайрт хүмүүсийнхээ төлөө зовлон эдэлсэн юм. Есүс биднийг өөрсдийн авралын төлөө бэрхшээлийг тэвчээртэй туулаасай гэсэндээ үлгэр дуурайл болсонд бид гайхах ёстой гэж үү? Тэр бол Бурхан, харин бид Түүний бүтээлүүд юм. Тэрээр Эзэн, харин бид Түүний зарц нар. Тэрээр ертөнцийн Эзэн харин бид мөхөс дорой хүн төрөлхтөн. Гэвч Тэрээр зовлон эдэлсэн билээ. Зовлон бэрхшээл биднийг ариусгаж байхад бид зовох ёсгүй юм гэж үү? Тиймээс хайрт ах дүү нар аа, хэрэв миний үхэл Бурханыг алдаршуулах учиртай бол түргэн зовж шаналахын төлөө мөн тууштай байх чадвартай байхын төлөө залбирцгаагаарай. Хэрэв би та нарын дунд буцан очих шаардлагатай бол би ямар ч аюулд өртөлгүй эргэж ирнэ. Би ах дүү нартаа даган дуурайх гэрчлэлийг үлдээж, сайн мэдээний үнэнээс ганц ч цэг таслал гээгдүүлэхгүйн тулд энэ зовлонг эдлэх болно. Та нар надтай Прагт дахин уулзахгүй байж болох ч хэрэв хамгаас хүчит Бурхан намайг та нарт эргүүлэн илгээвэл хамтдаа Түүний хуулийн мэдлэг, хайр дотор илүү зоригтойгоор урагш давшицгаая» хэмээжээ.—Bonnechose, vol. 1, рр. 147,148.{АМ 105.1}Aм 89.1

    Сайн мэдээний дагалдагч болсон нэгэн санваартанд бичсэн захидалдаа «Тансаг хувцас өмсөж, өчүүхэн хэрэгт дурлан, цаг их алдсан» хэмээн өөрийгөө буруутгасан байдаг. Тэгээд чин сэтгэлээсээ «Орд харш, өмч хөрөнгийн оронд Бурханыг алдаршуулах хүмүүсийн авралын тухай бодол оюун ухааныг тань эзэмдэх болтугай. Гэр орноо чимэглэж гоёхоос илүү сэтгэлээ чимэглэхэд анхааран, сүнсээр босгогдохын тулд бүх зүйлсэд анхаарлаа хандуул. Итгэлтэй байж ядууст даруу хандаж, байгаагаараа хандаж байгаа эд зүйлсээ зугаа цэнгэлд бүү зарцуул. Амьдралаа өөрчилж, тансаг амьдралаас татгалзахгүй байсан надтай адил хатуугаар сахилгажуулалтанд өртөхөөс би санаа зовж байна. ... Чи сургаалыг минь мэднэ. Чи хүүхэд байхаасаа миний сургаалыг сонссон. Тиймээс чамд нурших хэрэг байхгүй. Гэхдээ миний алдсан алдааг дуурайж битгий зовоосой хэмээн Эзэний өршөөлөөр би гуйж байна хэмээн бичсэн байдаг.” Тэрээр захидлынхаа дугтуйн дээр «Анд минь, намайг амиа алдсаныг сонсохоос нааш энэ лацыг бүү хөндөөрэй” гэж бичсэн байв.—Ibid., vol. 1, рр. 148,149.{АМ 105.2}Aм 89.2

    Хаа явсан газар бүртээ Хасс өөрийн сургаалаа түгээж хүмүүс үйл хэргийг нь дэмжиж байхыг харжээ. Хүмүүс түүнтэй уулзахаар хуран цуглаж, зарим хотуудад эрхэм дээдсүүд түүнийг угтаж аваад мөн үдэж байлаа.{АМ 106.1}Aм 90.1

    Хассыг Констанц хотод ирэхэд түүнийг эрх чөлөөтэй байлгав. Тэрээр хааны батлан даалтаас гадна папын хувийн хамгаалалтанд байсан юм. Гэвч удалгүй пап ламтан сүмийн зэрэгтнүүдийн тушаалаар хүндэтгэлтэй хандаж, давхардсан батлан даалт гаргав. Өөрчлөн Шинэчлэгчийг баривчилж, гянданд хорьсон ба дараа нь Рейн мөрний эрэг дээрх бат цайзад шилжүүлэв. Пап ийнхүү амлалтаа зөрчсөнөөр завшсан ч удалгүй өөрөө энэ шоронд хоригдсон юм.—Ibid., vol. 1, р. 247. Зөвлөл папын аллага, шунахайрал, садар самуунаас болон «Үгээр дүрслэшгүй» аймшигт зүсэн бүрийн жигшүүрт хэрэгт нь буруутгажээ. Эцэст нь зөвлөл түүнийг яллаж, титмийг нь хурааж, шоронд хорьж, Папыг эсэргүүцэгчдийг мөн хорьж, шинэ папыг сонгосон билээ.{АМ 106 2}Aм 90.2

    Пап Хассын санваартнуудыг буруутгаж байснаас илүү буруу үйл хийж, үлэмж буруутай байсан ч папын суудлаас нь зөвлөл Шинэчлэгчийг нухчин дарах явуулгаа үргэлжлүүлсээр байв. Хассыг баривчлан, хорьсон явдал Бохеми ард иргэдийн үлэмж уур хилэнг бадраав. Эрх мэдэлтэй язгууртнууд энэхүү балмад явдлыг эсэргүүцэн, зөвлөлд шаардлага тавьж байв. Батлан даалтаа зөрчсөнд дургүйцсэн хаан Хассыг хорьсонд эгдүүцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн ба буруутгалыг өөрөөсөө зайлуулж байв. Гэсэн ч Шинэчлэгчийн дайснууд үзэн ядалт хорслоор дүүрч, шийдвэрээ бат хамгаалж байв. Тэд хааны эгдүүцэл, титмээ алдах айдас хүйдэс болон сүмийн төлөө санаа зовж байгааг нь овжин ашиглав. Тэд «Тэрс үзэлтэн болон тэрс үзэлд сэжиглэгдсэн этгээд хаан болон хаадын батлан даалттай байсан ч, хамгаалагдах ёсгүй” гэдгийг батлахын тулд их хэмжээний шалтаг тоочсон юм.—Jacques Lenfant, History of the Council of Constance, vol. 1, p. 516. Тэд эцэст нь хүслээ биелүүлсэн юм.{АМ 107.1}Aм 90.3

    Шоронгийн чийг бам, эхүүн агаараас болж Хасс халуурч, амиа алдах шахав. Өвчин, шоронгоос болж доройтсон Хассыг зөвлөлийн өмнө дуудан ирүүлэв. Тэрээр гав гинжээ чирсээр нэр төр, аюулгүй байдлыг нь хамгаалахаа амласан хааны өмнө гарч ирэв. Хасс удаан сунжирсан эрүү шүүлтийн дунд үнэний зарчмаа баттай баримталж шашин, төрийн зүтгэлтнүүдийн өмнө сүм хийдийн завхралын эсрэг тууштай эсэргүүцэж, баатарлагаар зогсчээ. Түүнийг буруугаа хүлээх эсвэл үхэх хоёрын аль нэгийг сонгохыг санал болгоход тэрээр үхлийг сонгосон юм.{АМ 107.2}Aм 90.4

    Гэвч Бурханы нигүүлсэл түүнийг тэтгэсэн байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарахад зовлон шаналлаар дүүрэн хэдэн долоо хоногийн туршид диваажингийн амар тайван зүрх сэтгэлийг нь дүүргэсэн байв. Тэрээр найздаа хандан «Би энэ захидлыг гяндангаас, дөнгөтэй гараараа, маргаашийн үхлээ хүлээн бичиж байна. ... Есүс Христийн ачаар хожим тэнгэрийн оронд очих үед чи надтай дахин үулзахдаа Бурхан надад ямар өршөөнгүй хандаж сорилт, эрүү шүүлтийн үед Тэрээр намайг ямар их дэмжиж байсныг мэдэх болно” гэж бичжээ.—Bonnechose, vol. 2, р. 67.(АМ 107.3}Aм 90.5

    Хасс гяндангийн харанхуй өрөөнд эцсийн ялалтаа итгэлээрээ харж байв. Тэрээр зүүдэндээ сайн мэдээ тунхаглаж байсан Прагийн сүмдээ буцаж очоод, пап санваартнуудтайгаа түүний ханан дээр зурсан Христийн зургийг баллаж байхыг харжээ. «Энэ үзэгдэл түүнийг ихэд зовоосон ч маргааш нь зураачид зургийг нь тод өнгөөр сэргээн зурж байхыг бас харжээ. Хүмүүсээр хүрээлүүлсэн эдгээр зураачид зургаа дуусмагцаа ‘Одоо папыг санваартнуудтай нь аваад ир, зургийг дахин арилгаж чадахгүй!’ хэмээн дуу авалцан тунхаглаж байв.” Шинэчлэгч энэ зүүднийхээ талаар «Христийн дүр хэзээ ч арилдаггүй гэдэгт би бат итгэж байна. Тэд зургийг устгахыг хүсэвч надаас илүү номлогчид Христийн дүрийг хүмүүсийн зүрхэнд илүү тодоор урлах болно” хэмээжээ.— D’Aubigne, b. 1, ch. 6.(АМ 108.1}Aм 91.1

    Хассыг эцсийн удаа зөвлөлийн өмнө дуудан ирүүлэв. Хаан, тайжууд, хааны биет төлөөлөгчид, сүмийн тэргүүн зэрэгтнүүд, санваартнууд тухайн өдрийн үйл явдлыг үзэхээр ирсэн хүмүүсийг оролцуулсан сүртэй том зөвлөл хуралдав. Христэд итгэгч улс орнуудын хүмүүс оюун санааны эрх чөлөөг хамгаалах тэмцлийн анхны агуу золиосыг гэрчлэхээр олноороо цугларсан байв.{АМ 108.2}Aм 91.2

    Хасст эцсийн үгээ хэлэх боломж олдоход бууж өгөхөөс татгалзаж буйгаа зарлаад, ам тангаргаа ичгүүргүйгээр зөрчсөн хаан руу хандан, «Би энд зогсож байгаа хааны амласан хамгаалалт, баталгаанд найдан энэхүү зөвлөлийн өмнө сайн дураараа ирсэн” гэж хэлсэн байдаг.—Ibid., vol. 2, р. 84. Энэ үгийг сонссон хурсан олны харц Сигизмунд руу чиглэхэд түүний царай хувхай цайлаа.{АМ 108.3}Aм 91.3

    Ялын тогтоолыг танилцуулж, цаазаар аваачих ёслол эхлэхээр болов. Сүмийн зэрэгтнүүд яллагдагчид, санваартны өмсгөл өмсгөхөөр өгөхөд тэрээр санваартны нөмрөгийг нь аваад «Бидний Эзэн Есүс Христийг Херод хаан, Пилатын өмнө аваачихдаа доромжлол болгон цагаан нөмрөг нөмрүүлсэн» гэж хэлэв. —Ibid., vol. 2, р. 86. Түүнд сүүлчийн удаа бууж өг гэхэд тэрээр хурсан олны зүг хараад «Би няцвал ямар нүүрээрээ тэнгэр лүү харах болж байна аа? Би жинхэнэ сайн мэдээг тунхагласан олны царайг яаж харах болж байна бэ? Үгүй, би авралыг үхэх гэж буй энэ дорой биенээсээ илүүд үзэж байна” хэмээн хариулжээ. Хувцсыг нь нэг нэгээр нь тайлан ёслол үйлдэхэд санваарнууд түүн рүү хараалын үгс урсгаж байв. Эцэст нь хүмүүс хүзүүнд нь буг чөтгөрийн дүрстэй, ‘Агуу Эсэргүү’ гэсэн бичигтэй пирамид хэлбэртэй цаасыг зүүв. Хасс ‘Миний төлөө өргөст титэм зүүсэн Есүс минь, би Таны төлөө гутамшигт титмийг баяртай өмсөх болно’ гэж хэлжээ.” {АМ 108.4}Aм 91.4

    Хассыг цовдлоход бэлэн болж санваартнууд ‘Одоо бид сүнсийг чинь буг чөтгөрт даатгаж байна’ гэхэд Жонн Хасс тэнгэр лүү ширтэн, ‘Эзэн Есүс ээ, Та намайг аварсан учир би сүнсээ Тандаа даатгаж байна’ гэж хэллээ.—Wylie, b. 3, ch. 7.{АМ 109.1}Aм 92.1

    Хасс ийнхүү эрх мэдэлтнүүдийн гарт тушаагдаж, ялын тогтоол гүйцэтгэх газар луу туугдан явлаа. Энэ үед зуун зэвсэгт цэрэг, тансаг хувцастай санваартнууд, зэрэгтнүүд болон Констанц хотын ард иргэдийн сүртэй жагсаал болов. Түүнийг модонд хүлж, түүдэг галаа асаахад бэлэн болоход гэм буруугаа хүлээж, амиа аврах боломжийг дахин олгов. Гэвч Хасс хариуд нь «Би ямар гэм буруутай гэж? Би ямар ч гэм буруугүй гэдгээ мэднэ. Миний бичиж, номлосон бүхэн хүмүүсийг нүглээс, мөхлөөс аврахын тулд байсан гэдгийг Бурхан гэрчилнэ. Тиймээс би бичсэн, номлосон үнэнээ цусаараа батлан харуулж байгаадаа баяртай байна.»— Ibid., b. 3, ch. 7. Түүдэг галыг асаахад тэрээр «Есүс, Давидын Хүү минь ээ, намайг өршөөгөөрэй” гэсэн дууг дуулж эхэлсэн бөгөөд дуугаа амьсгал хураатлаа дуулсан юм.(АМ 109.2)Aм 92.2

    Хассын дайснууд түүний баатарлаг гэрчлэлийг хараад хүчтэй цохилтод оров. Хасс болон удалгүй цаазлуулсан Иером хоёрын үхлийн талаар нэгэн папын зүтгэлтэн «Эцсийн мөч ирэхэд тэд хоёул тууштай байв. Тэд галд шатаагдах гэж байхдаа хуриманд очих гэж байгаа мэт бэлдсэн. Тэднээс ёолсон дуу гаргаагүй. Тэд галд шатаж байхдаа магтаалын дуу дуулж эхэлсэн бөгөөд галын дөл тэдний дууг нь арай гэж л зогсоосон юм» гэжээ.—Ibid., b. 3, ch. 7.{АМ 109 3}Aм 92.3

    Хассын цогцос бүрэн шатаж дуусахад, чандрыг нь газрын хөрстэй хамж, Рейн мөрөнд хаяж, чандар нь улмаар их далайд хүрчээ. Үнэний дайснууд Хассын номлосон үнэнийг үндсээр нь тасдаж, устгасан хэмээн бодож байлаа. Голын усаар далайд цутгасан түүний чандар дэлхийн бүх улсад цацагдах үнэний үр болохыг тэд гадарласангүй. Хассын үхэл тэдний мэдэхгүй газарт үнэнийг гэрчлэх арвин үр жимс гаргах учиртай байв. Констанц хотын танхимд сонсогдсон түүний дуу хоолой ирээдүйн бүх цаг үед дуулдах цуурай байсан юм. Хасс үхсэн ч, түүний амиа зориулсан үнэний үг мөхөөгүй. Түүний итгэл, тууштай байдлын үлгэр жишээ хожмын хүмүүст үнэний төлөө эрүү шүүлт үхлийн өмнө тууштай зогсох урам зоригийг хайрласан юм. Түүнийг цаазалсан үйл явдал нь бүх дэлхийд Ромын сүмийн итгэл бишрэл рүү дайрсан харгислалыг илчлэн харуулжээ. Үнэний дайснууд устгахаар хичээж байсан сайн мэдээгээ өөрсдөө ч мэдэлгүйгээр улам илүү дэлгэрүүлэхэд тус болсон юм.{АМ 110.1}Aм 92.4

    Гэвч Констанц хотод дахин гал өрдөх мод босгогдох байв. Өөр гэрчийн цус үнэний төлөө урсах ёстой байлаа. Иером Хассыг зөвлөлөөр шүүгдэхээр явахад нь үдэж өгөхдөө түүнийг ямар нэгэн аюулд орвол цаг алдалгүй очиж тусална гэж амлаж, түүнд урам зориг хайрлажээ. Өөрчлөн Шинэчлэгчийг хоригдсоныг сонсоод, Иером амлалтаа биелүүлэхээр шууд бэлтгэв. Тэрээр ямар ч хамгаалалтгүйгээр нэг хамрагчийнхаа хамт Констанц хотыг зорьсон юм. Тэрээр хотод ирээд, Хассыг суллуулах ямар ч боломжгүйг харж, өөрийгөө аюулд оруулснаа ухаарав. Ийнхүү хотоос дутаасан боловч замдаа баригдаж, гав гинжээр дөнгөлүүлэн, цэргүүдээр харгалзуулан буцаж ирсэн байна. Зөвлөлийн гишүүд түүний хэлсэн үгийг сонсоод «Түүнийг хамт галд шатаа, галд шатаа” хэмээн хашгирч байлаа.—Bonnechose, vol. 1, р. 234. Ийнхүү Иеромыг шоронд хорьж, зовоон тарчлаахаар дөнгөлж, зөвхөн ус, талхаар хооллож байв. Тэрээр хоригдож, эрүү шүүлтэнд орж, хэдхэн cap болсны дараа хүндээр өвдөж, амиа алдах шахав. Дайснууд нь түүнийг амь алдаж магадгүй хэмээн эмээж байсан тул түүнд арай нааштай хандаж, дахин нэг жил шоронд хорьжээ.{АМ 110-2}Aм 93.1

    Хассын үхэл хүмүүсийн хүсэж байсан үр дүнд хүргээгүй. Түүнд өгсөн батлан даалтаасаа буцсан үйлдэл хааны уур хилэнг бадраасан тул, зөвлөл Иеромыг шатаахын оронд боломжтой бүх аргаа хэрэглэн түүнийг буулгаж авахыг хүсэж байв. Түүнийг зөвлөлийн өмнө дуудаж ирүүлээд, буруугаа хүлээх эсвэл галд шатах хоёрын аль нэгийг сонгохыг шаардсан юм. Баригдсан дариудаа үхсэн бол хожим эдэлсэн аймшигт зовлонг эдлэхгүй, илүү ивээлтэй байх байв. Гэвч өвчин зовлон, шоронгийн хүнд байдлаас болон санаа зовж, айдас түгшүүрт автаж, анд нөхдөөсөө хагацаж, Хассын үхэлд зүрх нь эмтэрсэн Иером зөвлөлийн саналыг зөвшөөрөв. Тэрээр Католик үзэл номлолд үнэнч байхаа андгайлж, «Ариун үнэн»- ийг зааж байсан Виклиф, Хассын сургаалыг буруутгасан зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. —Ibid, vol. 2, р. 141.(АМ 111.1)Aм 93.2

    Энэхүү аргаа барсан үйлдлээрээ Иером сэтгэлийн дуудлагаасаа хазайж, үхлээс мултрахыг хүсчээ. Гэвч гянданд ганцаар байхдаа хийсэн үйлдлээ ойлгосон байна. Тэрээр Хассын итгэл, тууштай зан чанарыг өөрийн үнэнийг үгүйсгэсэн үйлдэлтэйгээ харьцуулан бодов. Тэрээр үйлчилнэ гэж андгайлсан, өөрийнх нь төлөө загалмай дээр амиа өгсөн тэнгэрлэг Эзэнээ тунгаан бодов. Иером буруугаа хүлээхээс өмнө зовж шаналсан ч гэсэн Бурханы тааллыг мэдэрч сэтгэлээрээ амар тайван байсан юм. Харин одоо зүрх сэтгэлийн харуусал, эргэлзээ түүнийг тарчлааж байлаа. Тэрээр Ромын дарамтаас ангижрахын тулд өөр буултуудыг хийх ёстой гэдгээ мэдэж байлаа. Тэрээр зөвхөн буруу сургаалыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр сонгосон замаа дуусгах байв. Тиймээс тэрээр зуурдын зовлонгоос ангижирахын тулд Эзэнээ үгүйсгэхгүй хэмээн сэтгэл шулууджээ.(AM 111.2(Aм 93.3

    Удалгүй түүнийг дахин зөвлөлийн өмнө авч ирэв. Шүүгчид түүний буултанд сэтгэл ханаагүй байв. Хассын үхлээр зориг орсон тэдний цус урсгах хүслэн шинэ хохирогчдын цусанд шунаж байлаа. Иером зөвхөн үнэнийг бүрэн үгүйсгэж байж амиа аврах бололцоотой байв. Харин тэрээр итгэлдээ үнэнч байж, анд нөхрийнхөө адил галд шатаагдахаар шийджээ.{АМ 112.1}Aм 94.1

    Ийнхүү Иером хүлээсэн буруу гаа бүрэн үгүйсгээд, үхэх шийтгэ л авсан хүний ёсоор сүүлчийн үгээ хэлэх боломжийг нэр төртэйгөөр шаардав. Түүний хэлэх үгний хүч нөлөөнөөс эмээсэн санваартнууд түүнд тулгаж буй буруутгалыг нэг бол хүлээн зөвшөөрөх эсвэл үгүйсгэх сонголтыг өгчээ. Иером тэдний харгислал, шударга бус явдлыг эсэргүүцэж байв. Тэрээр «Та нар намайг аймшигт шорондоо, хөгц, шуугиан, өмхий дунд бүх эрхийг маань зөрчин, гурван зуун дөчин өдөр хорьсон. Тэгээд намайг дуудан ирүүлээд, заналт дайснуудаар минь үг хэлүүлсэн мөртлөө миний үгийг сонсохоос татгалзаж байна.... Хэрэв та нар үнэхээр мэргэн ухаантай хийгээд дэлхийг гэрэлтүүлэгчид юм бол шударга ёсыг зөрчиж гэм нүгэл үйлдэхгүй байгаач. Би бол ердөө сул дорой, үнэ цэнэгүй, өчүүхэн мөхөс хүн. Би та нараас шударга бус ялыг бүү оноогооч хэмээн гуйж байгаа маань өөрийн төлөө гэхээс илүү та нарын төлөө юм шүү.»— Ibid., vol. 2, рр. 146,147. {АМ 112.2}Aм 94.2

    Тэд хүсэлтийг нь эцэстээ зөвшөөрөв. Иером шүүгчдийн өмнө сөгдөн суугаад «Үнэнийг үгүйсгэж, Эзэнээ үл тоомсорлох үг хэлүүлэхгүй байхад минь ухаан бодол, үг бүрийг нь удирдаж өгөхийг” Бурханы Сүнснээс гуйлаа. Тэр өдөр Бурханы анхны дагалдагчдадаа өгч байсан «Та нар ... Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм» гэсэн амлалт биеллээ олсон юм. Матай 10:18-20. {AM 112.3}Aм 94.3

    Иеромын үгс хүмүүс, тэр тусмаа дайснуудыг нь бүрэн алмайруулж, гайхашруулав. Тэрээр бүтэн жил шоронд бие махбодын зовлон эдэлж, оюун санааны хямралтай, унших нь битгий хэл харах ч боломжгүй газарт хоригдож байсан. Гэвч түүний танилцуулсан асуудлууд тууштай шамдан суралцаж байсан хүнийхтэй адил тун тодорхой бөгөөд эрх мэдэл бүхий байлаа. Тэрээр шударга бус шүүгчдийн буруутгасан ариун хүмүүсийн нэрсийг сануулжээ. Бүх цаг үед хүмүүсийг гэгээрүүлэх гэж зүтгэж яваад буруутгагдан, яллагдсан боловч, хожим хүндэтгэл хүлээсэн хүмүүс байсаар ирсэн юм. Христ хүртэл шударга бус шүүхээс ял сонсож байсан Юм. {АМ 112.4}Aм 94.4

    Иером Хассыг буруутгасан ялын тогтоол шударга болохыг хүлээн зөвшөөрч, буруу үзэлд итгэсэн гэж хүлээн зөвшөөрч байсан бол, одоо буруу шийдвэр гаргаснаа зарлан тунхаглан, Хассыг гэмгүй, ариун хэмээн гэрчилжээ. Тэрээр «Би түүнийг хүүхэд байхаас нь мэднэ. Тэрээр шударга, ариун, хамгийн эрхэм хүн байсан. Тэр гэмгүй байсан боловч яллагдсан. ... Би ч мөн адил үхэх дөхсөн байна. Хуурамч гэрчүүд, дайснуудын тамлал зовлонгоос би ухрахгүй. Тэд хэзээ нэгэн цагт мэхлэгддэггүй Агуу Бурханы өмнө хийсэн гүтгэлгийн төлөө хариуцлага хүлээнэ” гэжээ.— Bonnechose, vol. 2, р. 151.{АМ 113.1}Aм 95.1

    Иером үнэнийг үгүйсгэсэндээ өөрийгөө буруутган «Бага балчраасаа үйлдсэн гэм нүглүүдийн дотроос энэхүү үхлийн газарт Виклиф болон багш хийгээд анд нөхөр болох ариун гэрч Жонн Хассыг буруутгасан бузар гэмийг үйлдсэн үйлдэл оюун санаанд маш хүнд дарамт болж, надад хамгийн гашуун харууслыг төрүүлж байна. Тиймээ! Би үхлээс айсандаа, ичгүүргүй хулчгар зан гаргаж, тэдний сургаалыг буруушаасан гэдгээ чин сэтгэлээсээ, ил тод зарлан тунхаглаж байна. Тиймээс би Хүч Чадлын Дээд Бурханаас нүглүүдийг, ялангуяа энэхүү хамгийн адгийн нүглийг маань уучилж өгөхийг гуйж байна” хэмээжээ. Тэрээр шүүгчдэд хандан зоригтойгоор, «Та нар Виклиф, Жонн Хасс хоёрыг сүмийн сургаалыг гуйвуулсны төлөө бус, харин шашны зүтгэлтнүүдийн шившигт явдлуудыг, тэдний бардамнал болон санваартнуудын бүх гэмт хэргүүдийг зэмлэн буруушаасны төлөө ялласан билээ. Тэдний хэлсэн үгс маргашгүй үнэн бөгөөд би ч гэсэн тэдэнтэй адил үгийг зарлан тунхаглаж байна” гэж хэлэв.{АМ 113 2}Aм 95.2

    Гэвч түүний яриаг таслан зогсоов. Уур хилэндээ багтарсан сүмийн удирдагчид чангаар, «Бидэнд өөр ямар баталгаа хэрэгтэй юм бэ? Түүнийг бид нүдээрээ хамгийн адгийн тэрс үзэлтэн болохыг харлаа шүү дээ!» хэмээн хашгирцгаав.{АМ 114.1}Aм 95.3

    Иером дайралтаас айлгүй, «Юу гэнээ! Та нар намайг үхлээс айж байна гэж бодоо юу? Та нар намайг үхлээс илүү аймшигт шоронд жил хорьсон. Та нар надад Туркууд, Еврейчүүд болон харь шүтлэгтнүүдээс хавьгүй илүү хэрцгий хандсан бас амьдаараа ялзарсан. Гэвч гашуудал хүний сэтгэл, зүрхийг мохоодог гэж үзээд огтхон ч гомдоллоогүй. Гэхдээ Христийн шашинтай хүнд ийнхүү үлэмж зэрлэг хандаж байгаад цочирдож байгаагаа илэрхийлэхгүй байж чадахгүй нь» гэжээ.— Ibid., vol. 2, рр. 151-153. {АМ 114.2}Aм 95.4

    Уур хилэнгийн шуурга дахин дэгдэж, Иеромыг шорон уруу нь даруй авч явав. Гэвч түүний үгс зөвлөлийн гишүүдийн заримд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн учир тэд түүний амийг аврахыг хүсэв. Сүмийн өндөр зэрэгтнүүд түүнийг эргэж, зөвлөлийн өмнө буруугаа хүлээхийг шаардаж эхэлжээ. Түүнд Ромын сүмийг эсэргүүцвэл шанд нь хамгийн гэгээлэг ирээдүйг амлаж байв. Гэвч Иером дэлхийн яруу алдрыг амлаж байхад Эзэн нь тууштай татгалзсан шиг шийдвэртээ бат зогсчээ.(АМ 114.3)Aм 95.5

    Тэрээр «Миний бурууг Ариун Бичээс ашиглан батлаад өг, тэгвэл би буруугаа хүлээе» хэмээв.{АМ 114.4}Aм 96.1

    Түүнийг ятгаж байсан хүмүүсийн нэг «Ариун Бичээс гэнээ! Тэгвэл бүхнийг Бичээсүүдээр шүүх үү? Сүм бичээсийг тайлбарлахаас нааш хэн тэдгээрийг ойлгож чадах юм бэ?” хэмээн учирлажээ.,{АМ 114.5}Aм 96.2

    Хариуд нь Иером «Хүний ёс заншлууд Аврагчийн сайн мэдээнээс шгүү үнэтэй гэж үү? Паул захидалдаа хүний ёс заншлуудыг сонсох бус харин Бичээсүүдийг судлах хэрэгтэй гэж сургасан байдаг» гэв. {AM 114.6}Aм 96.3

    Тэгэхэд «Чи үнэхээр буруу үзэлтэй юм! Би чамаас буруугаа хүлээ гэж гуйж цагаа барсандаа харамсаж байна. Чамайг чөтгөрт эзэмдүүлснийг би харлаа» гэж дуу алдсан билээ.—Wylie, b. 3, ch. 10.{АМ 114 7}Aм 96.4

    Ийнхүү Иеромыг буруутгасан ялын тогтоол гарав. Түүнийг Хассын амиа алдсан газар аваачжээ. Тэрээр замдаа дуу аялан, нүүрэндээ баяр хөөр хийгээд амар тайвнаар дүүрэн байлаа. Тэрээр Христ рүү ширтэж байсан бөгөөд үхлээс айж эмээгээгүй. Ялын тогтоол гүйцэтгэхээр гал өрдөхөөр ард нь зогсоход Иером «Урагшаа зоригтой гараад ир. Нүдний минь өмнө галаа асаа. Би айж байсан бол энд ирэхгүй байх байсан» гэж ХЭЛЖЭЭ. {АМ 114.8}Aм 96.5

    Гал дүрэлзэн асахад тэрээр эцсийн үгээ хэлэхдээ залбирсан билээ. Тэрээр «Хүч Чадлын Дээд Эцэг Эзэн минь, намайг өрөвдөн, нүглүүдийг минь уучлаарай. Таны үнэнд үргэлж хайртай байсныг маань Та мэднэ” гэж залбирчээ.—Bonnechose, vol. 2, р. 168. Ийнхүү цааш дуу нь сонсогдохоо больж, уруул нь залбирлаар өмөлзсөөр байлаа. Гал шатаж дуусахад, үнэний гэрчийн чандрыг шороотой хамт хамаад, Хассынхтай адил Рейн мөрөнд хаясан билээ.{АМ 115.1}Aм 96.6

    Ийнхүү Бурханы итгэмжит гэрлийг түгээгчид амиа алдсан юм. Гэвч тэдний тунхагласан үнэний гэрлийг, баатарлаг үйлсийг хэзээ ч устгаж чадаагүй. Энэ нь дэлхийд мандаж буй нар болон үүрийн гэгээг хүн зогсоох гэж оролдож буй мэт бүтэшгүй зүйл байв.(АМ115-2)Aм 96.7

    Хассыг цаазалсан үйл явдал Бохемид уур хилэн дургүйцлийн галыг бадраав. Түүнийг санваартнуудын заль мэх, хааны урвалтын золиос болсныг үндэстэн даяараа мэдэж байлаа. Ард түмэн түүнийг үнэний итгэмжит багш гэж нэрлэн, алах ял оноосон зөвлөлийг гэмгүй хүн алсан хэмээн буруутгасан юм. Түүний сургаалууд урьд урьдынхаас илүүтэй олны анхаарал татаж эхлэв. Папын зарлигаар Виклифийн бичээсүүдийг галдан шатаах шийдвэр гарчээ. Гэвч устгалгүй, нууц байсан бичээсийг ил гаргаж, Библитэй тулган судалж эхэлсэн бөгөөд хүмүүс бичээсийг чадах ядахаараа олж уншсанаар олон хүн өөрчлөлт шинэчлэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ.{АМ 115 3)Aм 96.8

    Хассыг алсан алуурчид үхлээр нь дамжин бий болсон ялалтыг хараад зүгээр суугаагүй. Пап, хаан хоёр уг хөдөлгөөнийг нухчин дарахаар нэгдэж, Сигизмундын цэргүүд Бохемид орж ирэв.{АМ 115.4)Aм 97.1

    Гэвч аврагч гарч ирэв. Дайн эхэлсний дараа нүд нь хараагүй болсон ч тухайн үеийн хамгийн гарамгай жанжнаар нэрлэгдсэн Зиска Бохемичуудын удирдагч байлаа. Бурханы тусламж болон зөвт үйлс бүтээж байгаадаа итгэсэн ард түмэн хамгийн хүчтэй зэвсэгт хүчнийг эсэргүүцэн зогссон юм. Хаан олон удаа цэргийн шинэ хүчнийг бүрдүүлж, Бохемийг эзлэн түрэмгийлсэн ч гутамшигтайгаар ялагдсаар байлаа. Хассын талынхан үхлийн айдсаа даван гарсан тул, тэднийг дийлэх юу ч байсангүй. Дайн эхэлснээс хэдхэн жилийн дараа зоригт Зиска амь үрэгдсэн ч, түүний орон зайг зоригтой, ур чадвартай, зарим талаараа илүү гарамгай удирдагч болох Прокоп жанжин залгамжилсан юм.{AM 116.1}Aм 97.2

    Сохор дайчны амь үрэгдсэнийг мэдсэн Бохемийн дайснууд алдсан бүхнээ эргүүлэн олж авах таатай боломжийг ашиглахаар завдав. Пап Хассынхны эсрэг аян дайн зарлаж, Бохеми уруу их хэмжээний цэрэг илгээсэн ч тэд аймшигтайгаар ялагдсан юм. Тэд дахин аян дайн зарлав. Папын эрхшээлд байдаг Европийн орнуудад цэрэг татах, хөрөнгө мөнгө, дайны зэр зэвсэг цуглуулах ажил өрнөв. Папыг олон хүн дэмжихээр нэгдэж, Хассыг дэмжигч эсэргүүнүүд ор мөргүй устах аюул бий болов. Ийнхүү ялна гэдэгтээ итгэсэн их цэрэг Бохемид цөмрөн орлоо. Ард олон тэднийг эсэргүүцэхээр нэгдсэн байлаа. Хоёр хүчин голын хоёр захад тулж ирэв. «Эзлэн түрэмгийлэгчид харьцангүй давуу хүчтэй байсан ч гол гатлан гарч ирээд, зорьж ирсэн Хассынхантай тулалдахын оронд, дайчдыг нь ширтэн алмайран чимээгүй зогсов.»—Wylie, b. 3, ch. 17. Гэнэт ер бусын айдас их цэргийг нөмрөн авлаа. Папын цэргүүд сэлмээ далайж ч амжилгүй, үл үзэгдэх хүчинд цохиулах мэт бутран, тарж одов. Хассынхан зугтагчдыг хөөн, олон тооны цэргийг нь хөнөөж, ялалт байгуулагчид үлэмж олз омог хураав. Дайн Бохемичуудыг ядууруулах биш, харин баяжуулсан билээ. {АМ 116,2}Aм 97.3

    Хэдэн жилийн дараа шинэ папын удирдлага дор дахин аян дайн өрнөв. Урьдын адил пап Европын харьяат улсуудаасаа цэрэг, хөрөнгө мөнгө татав. Энэхүү аюултай үйл хэрэгт оролцсон хүмүүст үлэмж шан харамж амлаж байв. Дайчдад хамгийн адгийн гэм нүглийг нь бүрэн уучлах баталгааг өгч байлаа. Дайны талбарт амь үрэгдсэн хүмүүст тэнгэрт үлэмжийн шагнал амлаж, амьд үлдсэн цэргүүдэд дайнаас алдар нэр, эд баялаг хүртэнэ гэж хэлж байв. Дахин их цэрэг цуглаж, Бохемид цөмрөн оржээ. Хассыг дэмжигчид ухарч, дайснууд нутгийн гүнд нэвтрэн, тэд аль хэдийн ялалт байгуулсан мэт сэтгэгдэлтэй болсон байв. Энэ үед Прокопын цэргүүд хориглолт хийн, довтолж, халз тулахаар ойртон ирэв. Ямар ч бэлтгэлгүй хуарандаа байсан эзлэн түрэмгийлэгчид гэнэт алдсанаа ухаарчээ. Давшин ирж буй Хассын цэргийн чимээнээр дайснуудын бараа нь харагдаа ч үгүй байхад самгардаж эхлэв. Хаанхүү, жанжин, эгэл цэргүүд хуяг дуулгаа тайлан хаяж, хандсан зүг бүртээ зугтжээ. Цэргүүдийг толгойлж явсан папын төлөөлөгч дэмий айн сандарч, жагсаалаа орхисон цэргүүдээ тогтоохыг оролдож байлаа. Толгойлогч эцэст нь арга буюу дутаагчидтай нийлэв. Тэд бүрэн ялагдал хүлээж, ялалт байгуулсан тал дахин үлэмжийн олз омогтой буцав.{АМ 116.3}Aм 97.4

    Ийнхүү хоёр дахь уд аагаа Европын хамгийн хүчирхэг үндэстнүүдийн, тулаанд гарамгайшсан, дайнд хатуужсан, зоригт дайчдаас бүрдсэн цэргүүд жижиг, буурай үндэстний өмнө илдээ ч сугалж амжилгүй зугтсан юм. Энэ бол Бурханы хүч чадлын илэрхийлэл байлаа. Түрэмгийлэгчид ер бусын айдаст автав. Улаан тэнгист Фараоны цэргүүдийг живүүлж, Мидианчуудын их цэргийг Гидеон гурван зуун цэргүүдтэйгээ элдэн хөөж, ганц шөнийн дотор бардам Ассирийн цэргүүдийг хоосруулж байсан шиг Эзэн мутраа сунгаж, түрэмгийлэгчдийг сарниулсан юм. «Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан» Дуулал 53:5.{АМ 117.1)Aм 98.1

    Папын удирдагчид хүч түрэмгийлж чадаагүй тул, эцэстээ дипломат хэлэлцээрхийх болжээ. Тэгээд Бохемичуудад итгэл бишрэлийн эрхчөлөө олгох нэрийдлээр тэднийг Ромын эрхшээлд оруулах тохиролцоо хийсэн байна. Бохемичууд Ромтой энхийн хэлэлцээр хийхдээ Библийг чөлөөтэй номлох, Эзэний зоогийн ёслолд сүмийн талх, дарс хүртэх, хүндэтгэлийн мөргөлийг эх хэлээрээ зохион явуулах болон санваартнуудыг улс төрийн албан тушаал, эрх мэдлээс чөлөөлөх дөрвөн болзол тавьжээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд иргэний шүүх санваартан, эгэл ардыг ялгалгүй шүүх эрх мэдэлтэй байхаар болов. Папын эрх баригчид эцэст нь «Хассыг дэмжигчдийн дөрвөн болзлыг хүлээн зөвшөөрч, харин журмыг тайлбарлах, хэрэгжилтийг хянах эрхийг сүмийн зөвлөл эдлэх ёстой гэв. Энэ нь эрх мэдлийг пап болон эзэн хаанд өгсөн гэсэн үг.»— Wylie, b. 3, ch. 18. Энэхүү гэрээгээр Ром цэргийн хүчээр олж авч чадаагүй эрх мэдлээ хууран мэхлэлт, хуйвалдаанаар олж авсан юм. Тэрээр Библийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн гуйвуулдгийн адил, Хассынханы тогтоолыг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлажээ.{АМ 118.1}Aм 98.2

    Бохемийн ард түмэн эрх чөлөөгөө алдсанаа мэдээд гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Тэдний дунд хагарал, талцал, тэмцэл үүсэн бий болж бие биенийхээ цусыг урсгаж эхлэв. Энэхүү тэмцэлд Прокоп амь эрсдэж, Бохемийн эрх чөлөө устаж үгүй болсон юм.{АМ 118 2}Aм 98.3

    Хасс, Иером хоёрыг барьж өгсөн Сигизмунд Бохемийн хаан болж, Бохемийн ард түмний эрхийг хамгаалах ам тангаргаа үл хайхран папын засаглалыг тогтоож эхэллээ. Тэрээр Ромд дуулгавартай хандсаны үр дүнд юу ч олж аваагүй. Тэрээр хорин жил үр дүнгүй ажиллаж, зовж шаналсан юм. Урт үр дүнгүй тэмцлийн уршгаар цэргүүд нь үрэгдэж, эд хөрөнгө нь хоосорчээ. Тэрээр нэг жил хаанчлаад, хаант улсаа иргэний дайны ирмэгт аваачин, үр удамдаа арилшгүй муу нэрийг үлдээгээд өөд болжээ.{АМ 118 3}Aм 99.1

    Үймээн, самуун цус урсгах явдал удаан сунжрав. Харийн цэргүүд Бохемийг эзлэн түрэмгийлж, дотоодын зөрчил улс үндэстнийг доройтуулсаар байв. Сайн мэдээнд үнэнч байсан цөөн тооны хүн цуст хавчлагын золиос болов.{АМ 118.4}Aм 99.2

    Урьд ахан дүүс нь Ромтой гэрээ байгуулж, гажуудалд автсан шиг эртний итгэл бишрэлээ хадгалж үлдсэн хүмүүс «Нэгдсэн Ахан Дүүс» нэртэй онцгой сүм байгуулжээ. Тэдний үйлдэл нийгмийн бүх давхаргын үзэн ядалтыг өдөөсөн байна. Гэвч тэдний тууштай байдал ганхаагүй. Ой мод, агуй хадаар орогносон тэд Бурханы үгийг уншиж, Түүнд мөргөхөөр цугладаг байв.{АМ 119.1)Aм 99.3

    Өөр бусад улсад нууцаар илгээсэн элч нар бусад хотод тэдэнтэй адил хавчлагын бай болсон үнэнийг сахигч бүлэг хүмүүс байгааг олж мэджээ. Тэртээх Альпийн уулсын дунд Бичээсүүд дээр үндэслэсэн эртний сүм оршин тогтнож байсан бөгөөд, Ромын хуурамч сургаал, завхралуудын эсрэг тэмцсээр байв.»—Wylie, b. 3, ch. 19. Тэд энэхүү мэдээг үлэмжийн баяр хөөртэй хүлээн авч, Уолденсийн Христэд итгэгчидтэй холбоо тогтоосон байна.{AM 119 2}Aм 99.4

    Сайн мэдээнд үнэнч Бохемичууд хавчлагын харанхуй шөнөөр, түнэр харанхуйд өглөөг хүлээх хүний адил тэнгэрийн хаяаг ширтэн хүлээсээр байлаа. «Тэд бузар муу өдрийг үзэх тавилантай байсан ч... үүр цайх хүртэл нэгэн зуун өнгөрөх болно гэж Хассын айлдсан, Иеромын бататгасан үгсийг санаж байв. Эдгээр үгс Таборчуудын хувьд (Хассынхан) боолчлогдож байсан арван хоёр аймагт Иосефын ‘Би үхэвч Бурхан та нарт туслахаар ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргана’ гэсэн үгтэй адил байв.— Wylie, b. 3, ch. 19. «Арван тавдугаар зууны төгсгөлд Ахан Дүүсийн сүмүүд алгуурхан боловч тогтвортой өссөөр байв. Хэдий тэд эрх чөлөөгүй байсан ч, харьцангуй амар тайван оршиж байлаа. Арван зургадугаар зууны эхэнд тэдний сүмүүдийн тоо Бохеми болон Моравид хоёр зуу гаруй болжээ.»— Ezra Hall Gillett, Life and Times of John Huss, vol. 2, p. 570. «Галын дөл болон сэлэмний ирнээс зугтсан үлдэгчид Хассын зөгнөн хэлсэн үүр цайх гэрлийг үзэх хувьтай байжээ.»—Wylie, b. 3, ch. 19.{АМ 119.3}Aм 99.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents