Аравдугаар Бүлэг - Зөвлөгөө Шаардагдах Үе
Библиэс зөвлөгөө авах хэрэгтэй - Бурхан гэрлэлтий үндэслэсэн учир энэ нь ариун ёслол юм. Гэрлэлт хувиа хичээсэн зүрх сэтгэл дээр үндэслэж болохгүй. Гэр бүл болох талаар тунгаан бодож байгаа хүмүүс гэр бүлийн зорилгыг залбирал болон хичээнгүй байдлаар ухаарахыг хичээж, Бурханы хүслийн дагуу гэр бүлээ үүсгэж байгаа эсэхээ ойлгохын тулд бурханлаг зөвлөгөөг нягтлан судлахыг хичээх хэрэгтэй. Бурханы Үгэн дэх гэр бүл болох зааварчилгааг анхааралтай судалж үзэх хэрэгтэй. Диваажин Библийн зааварчилгааны дагуу хичээл зүтгэл гарган үүсгэж буй гэр бүлд тааламжтайгаар ханддаг. {АГБ 70.1}AГБ 63.1
Цэлмэг ухаанаар, хүсэл тачаалдаа автагдалгүй тунгаан бодох асуудал гэж байдаг бол энэ нь гэр бүл болох асуудал яах аргагүй мөн. Библийн зөвлөгөө хамгаас илүү шаардлагатай үе гарахаар бол энэ нь амьдралаа нэгтгэх алхам хийх үед хамгаас илүү шаардагддаг гэж хэлмээр байна. Гэвч хүмүүс энэ асуудал дээр сэтгэлийн мэдрэмжээ дагах хэрэгтэй гэсэн үзэлд илүүтэй автагддаг ба хайр дурлалаар өвчилсөн байдал хэрээс хэтэрч, хүмүүсийг тодорхой сүйрэл рүү чиглүүлсээр байна. Залуучууд бусад асуудлуудтай харьцуулахад энэхүү асуудалд хандах үедээ оюун ухаанаа маш бага ашигладаг ба энэ асуудлын талаар ухаалаг шийдвэр гаргахаас татгалзаж байдаг. Гэр бүл болох асуудал тэднийг бузар муу хүчний нөлөөнд автагдуулдаг юм шиг санагддаг. Тэд өөрсдийгөө Бурханд даатгадаггүй. Тэдний мэдрэмж дөнгөлөгдөж, үерхэлээ нууцлагаар явуулж, хэн нэгэн хүн гэр бүл болох төлөвлөгөөнд нь саад болох вий гэсэн айдаст автдаг. {АГБ 70.2}AГБ 63.2
Олон хүмүүс аюул тохиолдож болохуйц хад асгатай далайн эрэгт ойрхон аялаж байна. Тэдэнд усан онгоцыг нь жолоодоход туслах хүн хэрэгтэй байгаа боловч тэд шаардлагатай байгаа тусламжаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэд итгэл болон аз жаргалыг нь сүйрүүлэх үл үзэгдэх хад асгыг мөргөх гэж байгаагаа үл ойлгон, өөрсдийгөө далбаат завиа удирдах бүрэн чадвартай гэж боддог ... Тэд Үгийг [Библи] хичээнгүйлэн суралцахгүй юм бол өөрсдийн болон бусад хүмүүсийн, өнөөгийн болон ирээдүйн амьдралын аз жаргалд сэв суулгах аймшигтай алдааг гаргах болно. (АГБ 70.3}AГБ 64.1
Зөв шийдвэр гаргахад залбирал чухал хэрэгтэй байдаг - Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлтэй болох талаар бодож эхлэхээсээ өмнө өдөрт хоёр удаа залбирал хийж заншсан байсан бол гэрлэх шийдвэр гаргахын өмнө дөрвөн удаа залбирах нь зохистой. Гэрлэлт таны энэ дэлхийн болон ирээдүйн амьдралд нөлөөлөх болно... (АГБ 71.1}AГБ 64.2
Өнөө үеийн ихэнх гэрлэлт болон гэр бүлүүдийн харилцаа төгсгөлийн өдрүүдийн зарим шинж тэмдгүүдийг илэрхийлж байдаг. Дэлхийн төгсгөлд эрэгтэй, эмэгтэй хүмүүс гөжүүд, дур зоргоороо болж, Бурханыг бүхэлд нь үл тоомсорлоно. Тэд итгэл бишрэлийг үл тоомсорлож, гэр бүл болох маш чухал, нандин асуудалд ямар ч хамааралгүй гэж үзнэ. (АГБ 71.2}AГБ 64.3
Шохоорхолд автагдагсад зөвлөгөөг сонсдоггүй - Хоёр хүн хоорондоо танилцаад, нэг нэгнээ шохоорхож эхэлдэг, энэ үед тэдний анхаарал бүхэлдээ нөгөө хүн дээр төвлөрдөг. Тэд учирлан бодох чадварын хувьд сохорч, тунгаан бодох чадвараа гээдэг. Тэд бүх төрлийн зөвлөгөө, хяналтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үүсч болох үр дагаврыг үл тоомсорлон, өөрийн хүслээ хэрэгжүүлэхийг л хүсдэг. Тэднийг эзэмдсэн шохоорхол нь тахал болон халдварт өвчин адил сүйрэл авчрах бөгөөд энэ бүхнийг зогсоох ямар ч боломж байхгүй мэт санагдах болно. {АГБ 71.3}AГБ 64.4
Бие биенээ шохоорхож буй хоёр гэр бүл болон нийлэх юм бол амьдралынхаа туршид зөвхөн аз жаргалгүй байх болно гэдгийг эргэн тойронд байгаа хүмүүс нь мэдэрч ч болох юм. Эдгээр хүмүүсийг гуйж, зөвлөөд ямар ч нэмэр болдоггүй. Ханиа буруу сонгосноор Бурханы үйлчлэлдээ ашиглахаар ивээсэн хүний бусдад үйлчилж болох чадвар зэрэмдэглэгдэж, үйлчлэл явуулах боломжгүй болж болох юм. Ийм хүмүүс учирлах, ятгах байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэхүү хосод амьдралын туршлага хураасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үг ямар ч нөлөө үзүүлдэггүй ба махан биеийн хүсэлдээ удирдуулан гаргасан шийдвэрийг өөрчлөхөд ямар ч нэмэр болдоггүй. Тэд залбирлын цуглаан болон итгэл бишрэлтэй холбоотой бүхэнд сонирхолгүй болдог. Тэд сохор дурлалдаа автагдах үедээ амьдралынхаа үүрэг хариуцлагуудыг үл тоомсорлож, эдгээрийг чухал биш хэмээн бодож эхэлдэг. (АГБ 71.4}AГБ 65.1
Залууст ахмад, туршлагатай хүмүүсийн мэргэн ухаан хэрэгтэй - Гэрлэлтээс болж маш их зовлон бэрхшээл бий болж байхад залуус үүн дээр яагаад ухаалгаар хандах ёсгүй гэж? Залуучууд яагаад ахмад болон илүү туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авах шаардлагагүй гэж бодсоор байна вэ? Хүмүүс ажил төрлөө гүйцэтгэхдээ маш анхаарал болгоомжтой ханддаг. Тэд ямар нэгэн чухал ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн ажилд зориулан өөрсдийгөө бэлтгэдэг. Тэд хийх гэж буй ажилдаа алдаа дутагдал гаргахгүйн тулд тэрхүү ажлаа судлахад их хэмжээний анхаарал, цаг хугацаа, мөнгөө зарцуулдаг. (АГБ 72.1}AГБ 65.2
Ирээдүйн амьдрал болон хойч үед нөлөөлөх гэр бүлийн харилцаанд орохын тулд энэ асуудалд хэр хэмжээний анхаарал хандуулах шаардлагатай вэ? Залуучууд эдгээрт анхаарал хандуулахын оронд гэрлэлтэнд тоглоом тохуу хийн, хөнгөмсөгөөр хандаж, хүсэл тачаал, сэтгэлийн хөдлөлдөө автагдан, тайван нухацтай бус харин сохор байдлаар хандсаар байна. Энэ бүхний цорын ганц шалтгаан нь Сатан дэлхийг зовлон бэрхшээлд автуулж, сүйрэлд хүргэхийн тулд хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидах тороо нэхсээр байгаад оршиж байгаа юм. Бодлогогүй хүмүүсийг энэ дэлхий болон ирээдүйн амьдралын баяр хөөрийг мэдрэх боломжгүй болох үед Сатан баярлан хөөрч байдаг. {АГБ 72.2}AГБ 66.1
Төлөвшсөн эцэг эхийн үзэл бодлыг үнэлж үзэх хэрэгтэй - Хүүхдүүд эцэг эхийнхээ үзэл бодол болоод зөвлөгөөг үл хүндлэн, зөвхөн өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөх ёстой гэж үү? Зарим хүмүүс эцэг эхийнхээ үзэл бодол, хүслийг байнга үл харгалзаж, эцэг эхийнхээ төлөвшиж, туршлагажсан үзэл бодлыг үл тоомсорлодог. Хувиа хичээх үзэл хайр халамж үзүүлж буй хүмүүсийн зөвлөгөөнөөс зүрх сэтгэлийн үүдийг хаахад нөлөөлдөг. Залуу хүмүүсийн оюун ухаан энэ тал дээр сэргэж, өөрчлөгдсөн байх ёстой. Бурханы Хуулийн тав дахь тушаал амлалтыг өөртөө багтаасан байдаг. Гэвч эцэг эхээ хайрладаг гэж хэлж буй хүмүүс энэхүү тушаалыг хөнгөмсөгөөр, зарим үед бүрэн үл тоомсорлосон байдлаар хандаж байна. Эхийнхээ хайрыг үл тоомсорлон, эцгийнхээ халамжийг үл хүндэтгэж байгаа байдал гэм нүгэл гэж тооцогддог ба эдгээр нь залуучуудын шүүлтэнд нотлох баримт болон ашиглагдах болно. (АГБ 72.3}AГБ 66.2
Залуу болоод туршлагагүй хүмүүс хайр дурлалд нь хэн ч саад болох ёсгүй гэсэн үзлээс болж хамгийн том алдаа дутагдлуудаа гаргаж байдаг. Тэд хайр дурлалыг мэдрэхэд хэн ч саад болох ёсгүй гэж боддог. Амьдралд бүх талаас судалж үзэх шаардлагатай асуудал гэж байдаг бол тэр нь энэ асуудал юм. Залуучуудын аль алинд нь амьдралын туршлагатай, тайван дөлгөөн, анхаарал халамж үзүүлсэн тусламж маш чухал хэрэгцээтэй байна. Маш олон тооны хүмүүс энэ сэдвийг дэндүү хөнгөмсөгөөр авч үзэж байна. Залуу найз нөхөд минь, Бурхан болон Бурханаас эмээдэг эцэг эхийнхээ зөвлөгөөг сонс. Энэ асуудлын талаар залбиран гуйгаарай. {АГБ 73.1}AГБ 66.3
Бурханд итгэгч эцэг эхдээ найдаж сурах хэрэгтэй - Хэрэв та Бурханд итгэдэг эцэг эхээр ивээгдсэн бол зөвлөгөөнд нь анхаарал хандуул. Мөрөөдөл болон төлөвлөгөөгөө өмнө нь дэлгэж, тэдний амьдралаас олж авсан туршлагаас сургамж аваарай. (АГБ 73.2}AГБ 67.1
Хүүхдүүд эцэг эхтэйгээ илүү дотносож, бодол санаагаа нээж, баяр хөөр, бэрхшээл зовлонгоо хуваалцах юм бол их хэмжээний зүрх сэтгэлийг шаналгах зовлон бэрхшээлээс хамгаалагдах болно. Залуус та нар ямар замаар явах нь зөв болохыг мэдэхгүй, эргэлзсэн үедээ эцэг эхдээ зүрх сэтгэлийн үзэл бодлоо хуваалцаж, зөвлөгөө авч байгаарай. Бурханлаг эцэг эхээс өөр хэн зовлон бэрхшээлээс гарах сайтар тооцоолсон зөвлөгөөг өгч чадах вэ? Тэдний зан чанарын өвөрмөц онцлогуудыг эцэг эхээс нь өөр сайн ойлгож чадах хүн байдаг гэж үү? Христэд итгэдэг үр хүүхдүүд Бурханаас эмээгч эцэг эхийнхээ хайр, ивээлийг дэлхийн ямар ч ивээлээс илүү өндөрт тооцох ёстой. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгаалж, удирдан чиглүүлэхийн тулд тэдний төлөө болон тэд нартай хамт Бурханд хандан залбирах боломжтой. Тэд хэзээ ч итгэл найдварыг маань алдахгүй Найз болон Зөвлөх рүү бүх асуудлыг хандуулах болно. (АГБ 73.3}AГБ 67.2
Эцэг эхчүүд идэр залуу хүүхдүүдийнхээ хайр дурлалд чиглэл өгөх хэрэгтэй - Эцэг эхчүүд идэр залуу хүүхдүүдээ тохиромжтой ханиа сонгох чадвартай болох хүртэл нь хайр дурлалд нь чиглэл өгөх үүргийг хүлээдэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд Бурханы нигүүлслийн тусламжтайгаар, заавар зөвлөгөө, үлгэр дууриаллаар хүүхдүүдээ бага залуугаас нь зан чанарын хувьд ариун, зөв шударга, сайн сайхан, үнэн зөвд дуртай болгон төлөвшүүлэх үүрэгтэй болохоо ойлгох хэрэгтэй. Адил төстэй зан чанар бие биенээ шохоорхож, адил зан чанарууд бие биенээ үнэлж хүндэтгэдэг. Залуусын бага наснаас нь үнэн, цэвэр ариун байдлыг хайрлаж, дээрх зан чанарыг агуулсан хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг хүслийг зүрх сэтгэлд нь төлөвшүүлж өгөөрэй. {АГБ 74.1} AГБ 67.3
Исаакын жишээ - Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хариуцлага хүлээж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Исаак багаасаа эцэг эхдээ дуулгавартайгаар амьдрах зарчмыг заалгасан учир эцгийнхээ үзэл бодлыг дагадаг байсан. (АГБ 74.1}AГБ 68.1
Исаак энэ дэлхийд ивээл болох гайхамшигтай амлалтыг авснаар Бурханаар өргөмжлөгдсөн учраас, дөчин настай байхдаа эцгийнхээ Бурханаас эмээгч зарцаар өөрт нь зориулан эхнэр сонгож өгөх шийдвэрт дуулгавартай хандсан. Үүний үр дүнд Библи дээр аз жаргалаар дүүрэн, үзэсгэлэнтэй сайхан гэр бүл бий болсон гэж өгүүлсэн байдаг: «Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойш Исаакийн уй гашуудал нь ийнхүү тайлагдав. » (АГБ 74.3}AГБ 68.2
Ухаалаг эцэг эх анхаарал халамж тавьдаг - Та «эцэг эхчүүд охид хөвгүүдийнхээ хүсэл бодлыг үл тоомсорлон амьдралынх нь ханийг сонгож өгөх ёстой гэж үү?” гэж асууж магадгүй. Харин би энэ асуултыг хэрхэн эргүүлэн асуух ёстойг танилцуулъя. Охид хөвгүүд эцэг эхтэйгээ зөвлөлгүйгээр амьдралынхаа ханийг сонгох ёстой юу? Ийм алхам хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байдаг эцэг эхчүүдийн аз жаргалтай байх эсэхэд бодит нөлөө үзүүлэх үү? Хүүхэд эцэг эхийнхээ зөвлөгөө, хүсэлтийг үл хайхран өөрийн хүслээ хэрэгжүүлэх ёстой юу? Би эдгээр асуултад, «Хэрэв үр хүүхэд чинь хэзээ ч хүнтэй гэр бүл болохгүй гэж шийдээгүй л бол дан ганц өөрсдийн хүслээр амьдралынхаа ханийг сонгох шийдвэр гаргахгүй. Бурханы хуулийн тав дахь тушаал ийм алхмыг буруутгадаг” гэж шийдвэртэйгээр хариулах болно. «Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно. » Энэхүү амлалт бүхий хууль тушаалыг дуулгавартай сахисан хүмүүст амлалт заавал биелэгдэх болно. Ухаалаг эцэг эхчүүд хүүхдийнхээ хүслийг харгалзалгүй амьдралын ханийг нь сонгож өгөхгүй. {АГБ 75.1}AГБ 68.3